• Эхлэл
  • Ази-Европын тэргүүлэх музейн удирдлагууд Монголд чуулж байна

Ази-Европын тэргүүлэх музейн удирдлагууд Монголд чуулж байна

2026/06/15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын музейн анхдугаар чуулган “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр эхэллээ.

Энэ сарын 15-20-нд болох тус чуулганд төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, тухайн улсынхаа соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн хөгжил, бодлого, стратеги, дижитал музей, инновац, маркетингийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэхүү чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлага, эрдэмтэн судлаач зэрэг 200 орчим төлөөлөгч оролцож байна.

 

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр оролцож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгч мэндчилгээндээ, хүн төрөлхтний соёлын өвийг нандигнан хайрлаж, түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлж, мэдлэг түгээж буй улс орнуудын музейн удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв.

Музейн салбарынхны хамтын ажиллагаа нь мэдлэг, соёлын солилцоог эрчимжүүлж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Цаашид туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон эрдэм шинжилгээ, сэргээн засварлалт, сан хөмрөг, үзэсгэлэн, боловсролын чиглэлээр дэвшүүлэх аливаа бүтээлч санал, санаачилгыг Ерөнхийлөгч бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.

Ерөнхийлөгчийн гадаадын улс орнуудад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей үзэсгэлэнгээ толилуулж, тухайн улсын музейтэй хамтран ажиллах баримт бичиг байгуулж байгаа. Тухайлбал Франц, Чех, Швейцарын музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, “Чингис хаан ба Монголын ертөнц”, “Монголчууд ба Торгоны зам”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” зэрэг томоохон үзэсгэлэнгүүд гаргасан.

 

Удахгүй Герман, Польш, Литва улсад үзэсгэлэнгээ дэглэхээр бэлтгэж байна. Мөн Тажикистан, Киргиз, Казахстан, Туркменистан, Азербайжан, Узбекистан улсад тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

 

Олон улсын музейн зөвлөл 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн байна. Энэ нь олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музей тодорхой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Евроазийн бүс нутаг төдийгүй Ази, Европын олон улсын музейн удирдлагууд Монголд хадгалагдаж буй өв соёлын үнэт зүйлсийг хамгаалах, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцохоор цуглаад байна. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр түвшний музейн салбарын уулзалт Монгол Улсад өмнө нь болж байгаагүй. Энэ нь хэд хэдэн чухал зүйлийг харуулж байна.

 

Нэгдүгээрт, “Чингис хаан” үндэсний музейг байгуулснаар олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаагийн илрэл юм. Хоёрдугаарт, Монголын түүх, соёл, нүүдэлчдийн өвийг дэлхий нийт улам бүр сонирхож байгааг харуулж байна.

Гуравдугаарт, Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлогын нэг чухал чиглэл болох соёлын дипломат ажиллагааны бодит үр дүн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас дутахааргүйгээр соёлын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд сэргэж байна.

Мөн Монгол Улсаас гадаадад зохион байгуулсан томоохон үзэсгэлэнг хамтран хэрэгжүүлсэн Чех, Франц, Герман зэрэг улсын музейн удирдлагууд хүрэлцэн ирсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсад цаашид зохион байгуулах олон улсын үзэсгэлэнгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж байна. Тухайлбал, Унгарын Үндэсний музейгээс Аттила хаантай холбоотой үзэсгэлэнг Монголд дэлгэхээр төлөвлөж байгаа бол Италиас Рафаэлийн эх бүтээлийг үзүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ оны 11 дүгээр сард Италийн музейн сан хөмрөгөөс Ил хаант улсын үеийн цогц дурсгалуудыг Монголд авчрах бэлтгэл хангаж байна. Эдгээр нь музей хоорондын хамтын ажиллагааны бодит үр дүн” хэмээв.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, "Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин тэлж, идэвхтэй хөгжиж байна. Энэхүү чуулганыг Евроазийн бүс нутгийн улс орнуудын соёлын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн, өмнө нь зохион байгуулж байгаагүй томоохон хэмжээний чуулган гэж үнэлж байна. ГХЯ-ны хувьд Евроазийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, соёлын солилцоог дэмжихэд онцгой анхаарч ажиллаж байгаа. “Чингис хаан” үндэсний музей байгуулагдсанаар Монгол Улсын соёлын харилцааг хөгжүүлэх, зөөлөн хүчний бодлогыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна. Бид өнгөрсөн хугацаанд музейн үзмэрүүдээ гадаадын улс орнуудад дэлгэн үзүүлж, Монгол Улсын түүх, соёлын үнэт өвийг сурталчлах чиглэлээр олон ажил хэрэгжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улс орнуудад хийж буй төрийн айлчлалын салшгүй нэг хэсэг нь соёлын харилцаа юм.

 

Музейн үзмэрүүдээ олон улсад танилцуулснаар улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна соёлын дипломат ажиллагаагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах үр дүнтэй жишгийг бий болгож байна.

 

Музейнүүдийн хамтын ажиллагаа нь улс орнуудын соёлын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс энэхүү форумд оролцож буй музей, соёлын байгууллагууд цаашид "Чингис хаан" үндэсний музейтэй үр дүнтэй, амжилттай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын Улсын Эрмитаж музейн дэд захирал Алексей Богданов, дэлхийн олон орны музейн удирдлагууд нэг дор цугларч, туршлага солилцож, харилцан суралцах боломж бүрдэж буй нь музейн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, "Их Монгол Улсын түүхт сан хөмрөгт Монголын түүх, соёлтой холбоотой маш арвин цуглуулга хадгалагддаг. Манай музейн бүтцэд Дорно дахин судлалын томоохон хэлтэс ажилладаг. Түүний дотор Монголын түүх, соёлд зориулсан тусгай танхимтай. Эдгээр танхим Монголын түүхэн дурсгал, үнэт өвийг олон нийтэд танилцуулахад чиглэдэг. Эрмитажийн музейн танхимуудаар  цахим хуудсанд байршуулсан виртуалаар аялж, үзмэрүүдтэй танилцах боломжтой. Монголтой холбоотой танхимыг ч мөн сонирхож болно" хэмээв. 

 

 

Чуулганы төгсгөлд Евроазийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу, Уйгурын хаант улс, Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейтэй танилцах юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна