Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.5 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.7 хувь буюу 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.7 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувь буюу 960 тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 5 сард 13 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөг буюу 5.2 дахин өссөн байна.
Татварын орлого дээрх хугацаанд 10.7 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 6.4 хувь буюу 645.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нийгмийн даатгалын орлого 16.7 хувь буюу 346.2 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 9.8 хувь буюу 224.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 0.6 хувь буюу 19.7 тэрбум, онцгой албан татварын орлого 28.2 хувь буюу 134.8 тэрбум төгрөгөөр багасжээ.

Энэ оны эхний 5 сард татварын орлогын 30.5 хувийг орлогын, 23.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22.7 хувийг нийгмийн даатгалын, 7.3 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.2 хувийг онцгой албан татварын, 12.8 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлэв. Орлогын албан татварын 62.6 хувийг ААНОАТ, 37.4 хувийг ХХОАТ-ын орлого эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 5 сард 13 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.7 хувь буюу 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд урсгал шилжүүлэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувь буюу 352.4 тэрбум, хөрөнгийн зардал 72.5 хувь буюу 784.2 тэрбум, бараа үйлчилгээний зардал 17.5 хувь буюу 707.5 тэрбум төгрөгөөр өссөн нөлөөлжээ.
Энэ оны эхний 5 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 41, бараа үйлчилгээний зардал 36.6, хөрөнгийн зардал 14.4, хүүгийн зардал 4.3, татаас 3.7 хувийг эзэлж байна. Хөрөнгийн зардал дээрх хугацаанд 1.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 72.5 хувь буюу 784.2 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд барилга байгууламжийн зардал 87.2 хувь буюу 659.1 тэрбум, их засварын зардал 93.8 хувь буюу 36.2 тэрбум, бусад хөрөнгийн зардал 49.8 хувь буюу 90.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Сэтгэгдэл байхгүй байна