Өнгөрсөн долоо хоногт Америк, Ираны талууд дайныг дуусгах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Мөн "Долоогийн бүлэг"-ийн орнуудын удирдагчдын дээд түвшний уулзалт болсон бол Төв банкууд мөнгөний бодлогын чухал шийдвэрүүдээ танилцуулжээ. Ингээд энэ оны 25 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Америк, Ираны хооронд санамж бичиг байгууллаа
Америк, Иран улсууд дөрвөн сар шахам үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэслэх зорилгоор 14 заалт бүхий урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар уг баримт бичигт тус тусдаа гарын үсэг зурсан байна.
Ингэснээр АНУ, Ираны хооронд энхийн яриа хэлэлцээ эхэлж байгаа учир Ормузын хоолой дахин нээгдэх боломж бүрдлээ. Талууд эцсийн хэлэлцээрийг 60 хоногийн дотор байгуулахыг зорьж байна. Ираныг сэргээн босгоход зориулах 300 тэрбум ам.долларын сангийн асуудал талуудын хамгийн маргаантай сэдвүүдийн нэг болоод байна. Энэхүү сан яг юунд зориулагдах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд АНУ санхүүгийн хувь нэмэр оруулахгүй гэж Д.Трамп мэдэгджээ. Мөн Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээний үр дүнгээс шалтгаалан АНУ-ын засаг захиргаа Иранд авсан зарим хориг арга хэмжээг цуцалж магадгүй байна. Д.Трамп талуудын хооронд байгуулсан баримт бичиг бол зөвхөн харилцан ойлголцлын санамж бичиг гэдгийг онцлоод, "Хэрэв тэд тохирсон ёсоороо байхгүй бол бид дахин бөмбөгдөж эхэлнэ" хэмээн мэдэгджээ.
"Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид уулзлаа
“Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудын удирдагчид Францад уулзсаныхаа дараа Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бүрэн дэмжихээ, мөн ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахаа амласан мэдэгдэл гаргалаа. Энэхүү мэдэгдлийг АНУ дэмжсэн байна. Францын нуурын эрэг дээрх Эвиан-ле-Бен хотод болсон уг дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Д.Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзлаа. Америкийн Ерөнхийлөгч хэлэхдээ, В.Зеленскийтэй хийсэн уулзалтаа "маш сайн" болсон хэмээн мэдэгдээд, ОХУ-ын эрх баригчдад хандан Ираны адлаар энхийн хэлэлцээр байгуулахыг уриалсан байна.
Дээд хэмжээний уулзалтын өмнө Оросын цэргүүд Киев хотод цохилт өгч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Печерск Лавра сүмийн цогцолборыг ихээхэн сүйтгэжээ. 1051 онд барьсан тус сүм нь Зүүн Европын үнэн алдартны шашны гол төвүүдийн нэг юм. Оросын ганцхан удаагийн дайралтын үеэр Украинд 11 хүн амиа алджээ. Харин Украины тал Оросын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт дроноор цохилт өгсний дараа уг үйлдвэрт гал гарсан байна.
Оросын “сүүдрийн флот”-ын хөлөг онгоцыг шалгажээ
Их Британийн Хааны тэнгисийн цэргийн флот Оросын “сүүдрийн флот”-ын хөлөг онгоцыг Ла-Маншийн хоолойд саатуулан шалгасан байна. Энэ ажиллагаа ямар нэгэн зөрчил мөргөлдөөнгүй явагджээ.
Гэсэн хэдий ч Их Британид батлан хамгаалахын зардлын асуудлаарх улс төрийн маргаан дэгдсэний дараа болсон тул цаг хугацааны хувьд анхаарал татаж, зарим хэвлэлээр шүүмжилжээ. Уг маргааны улмаас Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн сайд огцорсон байна. Тэд хоёулаа Ерөнхий сайд Кир Стармерын батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулах бодлогыг шүүмжилжээ.
Хөлөг онгоцыг шалгасны дараа Оросын харуулын байлдааны хөлөг онгоц Их Британийн дарвуулт завьтай мөргөлдөхөөс сэргийлэх зорилгоор анхааруулах гал нээсэн байна.
Швейцарын хүн амыг хязгаарлах санаачилгыг дэмжсэнгүй
Швейцарын сонгогчид улсынхаа хүн амыг 10 саяд хязгаарлах саналыг дэмжсэнгүй. Одоогийн байдлаар тус улсын хүн ам 9 сая гаруй байгаа бөгөөд хөрш орнуудтай нь харьцуулахад хурдацтай өсөж байгаа ажээ. Хэрэв уг санаачилга дэмжигдсэн бол хүн амын тоо 9.5 саяд хүрмэгц Швейцарын засгийн газар өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авч эхлэх ёстой болох байв. Мөн иргэд чөлөөтэй зорчих тухай Европын Холбоотой (ЕХ) байгуулсан хэлэлцээрийг зөрчихөд хүргэх байжээ.
В.Орбан засгийн эрхэнд дахин гарах боломжгүй боллоо
Унгарын парламент Ерөнхий сайдын албан тушаалыг хаших хугацааг 8 жилээр хязгаарласан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Уг шийдвэр нь саяхан болсон сонгуулиар суудлаасаа буусан Виктор Орбаныг засгийн эрхэнд дахин гаргахгүй байх зорилготой. Хэдийгээр В.Орбан өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр "Фидес" намынхаа даргаар дахин сонгогдсон боловч парламентад гуравны хоёрын үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн "Тисза" (Tisza) нам түүнийг ийнхүү "хазаарлалаа". Хэрэв ирээдүйд үүнтэй адил үнэмлэхүй олонхын суудал авсан өөр нэг нам засгийн газраа бүрдүүлбэл уг хязгаарлалтыг цуцлах эрх зүйн боломж нээлттэй байна.
Мьянмарын Ерөнхийлөгч Хятадад айлчилж, Ши Жинпинтэй уулзжээ
2021 онд Мьянмарын засгийн газрын эсрэг хийсэн төрийн эргэлтийг удирдаж, одоо өөрийгөө тус улсын Ерөнхийлөгч хэмээн зарлаад буй цэргийн офицер асан Мин Аун Хлайн БНХАУ-д төрийн айлчлал хийж, Ши Жинпинтэй уулзав. Хятад улс Мьянмарт асар их хөрөнгө оруулдаг бөгөөд тус улсын нутаг дэвсгэрт "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд дэд бүтцийн хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Д.Трамп 80 насныхаа төрсөн өдрөөр UFC-ийн тэмцээн зохион байгуулав
Д.Трамп 80 насныхаа төрсөн өдрөө Цагаан ордны зүлэгт талбайд "Ultimate Fighting Championship" (UFC) буюу холимог тулааны холбооны тэмцээнийг зохион байгуулж тэмдэглэлээ. Энэ нь Цагаан ордны түүхэнд анх удаа мэргэжлийн спортын тэмцээн зохион байгуулсан тохиолдол болж байна. Тэмцээнийг урилгаар ирсэн 4000 орчим үзэгч дэргэдээс нь шууд үзэж сонирхсон бол 85 мянга орчим хөгжөөн дэмжигч ойролцоох бүсээс дэлгэцээр үзжээ. Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр, уг үйл явдлын үеэр дрон ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэд хэдэн хүнийг баривчилсан байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ өөрчлөлгүй хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь тус байгууллагын шинэ дарга Кевин Уоршийн удирдлага дор хийсэн анхны шийдвэр боллоо. Инфляцын дарамт нэмэгдэж байгаа тул ХНС өмнөх хурлуудаараа баримталж байсан мөнгөний зөөлөн бодлогоосоо ухарсан байна. Бодлогын хорооны гишүүдээс хэн нь ч хүүг бууруулах санал өгөөгүй байна. Төв банкнаас үнийг тогтворжуулахаа илэрхийлсэн товчхон мэдэгдэл гаргасан нь ХНС-д "Уоршийн эрин үе" эхэлснийг илтгэв.
Английн банк хүүгийн түвшнээ өөрчилсөнгүй
Төв банкуудын хувьд завгүй байсан энэ долоо хоногт Английн банк мөн бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ. Хүүгийн түвшнийг тогтоодог есөн гишүүний хоёр нь хүүг өсгөх санал өгсөн байна. Хурлын өмнөхөн танилцуулсан Их Британийн хэрэглээний үнийн индексийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн тавдугаар сард инфляцын түвшин өөрчлөгдөөгүй бөгөөд 2.8 хувьтай гарчээ.
Японы банк бодлогын хүүгээ өсгөлөө
Японы банк бодлогын хүүгээ 0.75 хувиас 1 хувь болгон өсгөж, 1995 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэлээ. Хорин жилийн турш дефляцид нэрвэгдсэн тус улсад хэрэглээний үнэ цар тахлын дараа тогтвортой өсөж эхэлжээ. Хэдийгээр энэ онд инфляцын түвшин 2 хувиас нэлээд доогуур байгаа боловч Ираны мөргөлдөөнөөс үүдэн эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өссөн нь зардлыг улам нэмэгдүүлсэн байна. Мөн бөөний үнийн инфляц 4, 5-р саруудад огцом өсөж, 6.3 хувьд хүрсэн байна.
Европын парламент АНУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийг баталлаа
Европын парламент өнгөрсөн онд АНУ-тай зарчмын хувьд тохиролцсон худалдааны хэлэлцээрийг соёрхон баталлаа. Европын хууль тогтоогчид Гренландын асуудлаас үүдэн Д.Трампын засаг захиргаатай маргалдсан, мөн АНУ-ын Дээд шүүхээс Д.Трампын импортын татварыг хүчингүй болгосон шийдвэрээс үүдэлтэй тодорхойгүй байдлын улмаас уг хэлэлцээрийг батлах санал хураалтыг өмнө нь хэд хэдэн удаа хойшлуулжээ. Хэрэв Европын парламент долоодугаар сарын 4-нөөс өмнө хэлэлцээрийг батлахгүй бол Европын автомашины импортын татварыг нэмэгдүүлнэ гэж Д.Трамп өмнө нь сүрдүүлээд байсан юм.
Булангийн орнуудын газрын тос, хийн салбар аажмаар сэргэнэ
Хэрэв АНУ, Ираны хооронд байгуулсан энхийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байвал Булангийн орнуудын газрын тос, хийн салбар аажмаар сэргэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч тээврийн замуудаас усан доор тавьсан тэсрэх бөмбөгнүүдийг зайлуулах шаардлагатай хэвээр байгаа бөгөөд нийлүүлэлтийн сүлжээ хэвийн болоход хугацаа шаардагдана гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдэгдлээ. Тус агентлаг зах зээл ирэх жилээс нааш бүрэн сэргэхгүй гэж үзэж байгаа бөгөөд ирэх оноос нийлүүлэлт эрс нэмэгдэж, газрын тосны үнэ мэдэгдэхүйц буурснаар улс орнууд шавхагдаад байсан нөөцөө нөхөх боломж бүрдэх ажээ.
Ирэх долоо хоногт болох үйл явдлууд
- 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Канад, Мексикийн хотуудад үргэлжилж, хэсгийн шатны шийдвэрлэх тоглолтууд болон хасагдах шатны эхний тоглолтууд болно.
- Зургаадугаар сары 22-нд Дэлхийн хүчилтөрөгчийн гол эх үүсвэр ширэнгэн ойг хамгаалах талаар олон нийтэд ойлголт өгөх зорилготой Дэлхийн ширэнгэн ойн өдөр тохионо.
- Зургаадугаар сарын 22-нд Технологийн салбарын чухал хурал болох 56 дахь удаагийн "Reliable Systems and Networks" олон улсын бага хурал АНУ-ын Шарлотт хотод эхэлнэ.
- Зургаадугаар сарын 22-24-нд Олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын удирдах ажилтнуудын "IMpower FundForum" уулзалт Монакогийн Монте-Карло хотод болно.
- Зургаадугаар сарын 22-25-нд Дэлхийн биотехнологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох "BIO International Convention"-ыг АНУ-ын Сан-Диего хотноо зохион байгуулна.
- Зургаадугаар сарын 23-нд НҮБ-ын Төрийн албаны өдөр тохионо.
- Зургаадугаар сарын 24-нд Дипломат албаны эмэгтэйчүүдийн олон улсын өдөр
- Зургаадугаар сарын 24-28-нд "State Fayre" хөгжмийн наадам Их Британийн Челмсфорд хотод болно.
- Зургаадугаар сарын 25-нд Далайн тээвэрчдийн өдөр
- Зургаадугаар сарын 26-нд Мансууруулах бодис, хууль бус наймаатай тэмцэх олон улсын өдөр тохионо.
- Зургаадугаар сарын 26-28-ны хооронд "Формула 1" уралдааны Австрийн Гран-При Шпильберг хотын "Ред Булл Ринг" зам дээр болно.


Сэтгэгдэл байхгүй байна