
НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 28 /Kazinform/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Тажикистан улсын санаачилсан "Ирээдүй хойч үеийнхний төлөө энх тайвныг бэхжүүлэх олон улсын арван жил" нэртэй тогтоолыг баталжээ.
Уг тогтоолын дагуу Ерөнхий Ассамблейгаас 2027-2036 оныг "Ирээдүй хойч үеийнхний төлөө энх тайвныг бэхжүүлэх олон улсын арван жил" болгон тунхаглаж байна. Энэхүү арван жилийн зорилго нь энх тайвныг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, яриа хэлэлцээ, эвлэрлийг хөхүүлэн дэмжих, түүнчлэн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ, эрх ашгийг зохих ёсоор тусгах үүднээс үе хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд оршино.
Тогтоолд энх тайван, эвлэрэл, яриа хэлэлцээ болон үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гишүүн улсууд, удирдагчид болон ард түмний зүтгэл гавьяаг сайшаан тэмдэглэжээ.
Мөн "ирээдүй хойч үеийг дайны гамшгаас ангид байлгах" шийдвэр төгс эрмэлзлэл, маргааныг тайван замаар шийдвэрлэх үүрэг амлалт зэрэг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг сануулан дурдсан байна.
Түүнчлэн Ирээдүйн асуудлаарх 2024 оны дээд хэмжээний уулзалтын үеэр хүлээсэн үүрэг амлалтууд, гишүүн орнууд ирээдүй хойч үеийнхээ ашиг сонирхлыг хамгаалахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр амлалт өгсөн "Ирээдүйн тухай гэрээ"-г баталсныг сайшаасан байна. Уг тогтоолд мөн Төв Азид гарсан эерэг өөрчлөлтүүдийг онцолж, Тажикистан, Киргиз, Узбекистан улсуудын хилийн асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд гаргасан хүчин чармайлт болон холбогдох хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсныг сайшаажээ.


Сэтгэгдэл байхгүй байна