
ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 29 /Kazinform/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА) өндрөө эрчимтэй алдаж, дэлхийн агаар мандал руу орж шатах эрсдэлд ороод буй "Swift" тойрог замын телескопыг "аврах" роботжуулсан ажиллагааг түүхэндээ анх удаа явуулахаар бэлтгэж байгаа тухай "Associated Press" агентлаг мэдээлжээ.
Одон орны уг дуран авайн ашиглалтын хугацааг уртасгах, тойрог замын өндрийг дээшлүүлэх боломжтой сансрын төхөөрөмжийг энэ долоо хоногт багтаан хөөргөж магадгүй байна.
30 сая ам.долларын өртөгтэй энэхүү ажиллагааг гүйцэтгэхийн тулд НАСА АНУ-ын гарааны компани болох "Katalyst Space Technologies"-ийг татан оролцуулж, тус компани "Link" хэмээх автомат төхөөрөмжийг зохион бүтээжээ. Маршаллын арлуудаас "Pegasus" зөөгч пуужингаар хөөргөсний дараа уг робот нь сар орчмын хугацаанд "Swift" дуран авайг гүйцэж түрүүлэн, гурван механик гарны тусламжтайгаар барьж авах ёстой. Үүний дараа хэдэн сарын хугацаанд түүний тойрог замын өндрийг одоогийн 360 км-ээс 600 км-т хүргэж дээшлүүлэх ажээ.
"Swift" телескоп нь 2004 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Орчлон ертөнцийн хамгийн хүчтэй дэлбэрэлт болох гамма туяаны тэсрэлтийг бүртгэх зориулалттай. Гэвч сүүлийн жилүүдэд нарны идэвхжил ихэссэний улмаас дэлхийн агаар мандал тэлсэн нь уналтыг нь хурдасгажээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хэрэв түүний тойрог зам 300 км-ээс доошилбол телескопыг аврах боломжгүй болох аж. Энэхүү эгзэгтэй цэгт ирэх 10 дугаар сар гэхэд хүрч болзошгүй байна.
Үүнтэй холбогдуулан Америкийн сансар судлалын агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард "Swift"-ийн шинжлэх ухааны багаж хэрэгслийг унтрааж, ажиглалтын ажлыг зогсоож, эрчим хүчний хамгийн бага хэрэглээний горимд шилжүүлжээ.
Уг телескопыг анхнаас нь тойрог замд засварлах эсвэл техникийн үйлчилгээ хийхэд зориулж бүтээгээгүй тул энэ ажиллагаа нь анхных гэдгээрээ онцлог ажээ.


Сэтгэгдэл байхгүй байна