
Сүүлийн үед баавгай хот суурин газар болон малчдын өвөлжөө, хаваржаа руу дайрах тохиолдол эрс нэмэгдэж, иргэдийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулах болсон нь олны анхаарлыг татаж байна.
Энэхүү тулгамдсан асуудлын шалтгаан, байгаль экологийн нөхцөл байдал болон цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн хүний үгийг сонсох зайлшгүй шаардлагатай юм.
Иймд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхбилэгтэй ярилцлаа. Тэрбээр хөхтөн амьтдын экологи, тэр дундаа зэрлэг амьтдын тархац, нүүдэл болон хүний амьдрах орчинтой давхцах болсон шалтгааныг мэргэжлийн түвшинд судлан шинждэг туршлагатай судлаач юм.
-Баавгай яг ямар амьтан бэ. Бусад араатан амьтдаас юугаараа онцлог вэ?
-Монгол орон 140 гаруй зүйл хөхтөн амьтантай үүний 22-23 орчим нь махчин амьтанд тооцогддог. Эдгээр махчин амьтдын дотроос хамгийн том биетэй нь хүрэн баавгай юм. Махчин амьтдыг бусад өвсөн тэжээлтнээс ялгадаг үндсэн шинж нь мах таслах, зажлах зориулалттай “махчин шүд” байдаг. Чоно, үнэг, хярс зэрэг амьтдад энэ шүд маш хурц хөгжсөн байдаг бол хүрэн баавгайн хувьд хувьслын явцад ургамал түлхүү иддэг болсноос шалтгаалаад энэ шүд нь хавтгайрч, бүдгэрэх маягтай болсон байдаг юм.
Шинжлэх ухааны ангиллаар баавгайг "элдэв идэшт" амьтанд тооцдог. Дэлхий дээр нийт 8 зүйлийн баавгай байдаг бөгөөд цагаан баавгай цэвэр махчин байхад, панда бараг 99 хувь нь ургамал идэштэй байдаг. Харин хүрэн баавгай энэ хоёрын завсарт ордог. Байгаль экологийн хувьд энэ амьтан бол идэш тэжээлийн суваргын хамгийн оройд буюу экосистемийн тэнцвэрийг хадгалахад маш чухал үүрэгтэй амьтан юм.

-“Элдэв идэшт” гэдгийг дэлгэрүүлнэ үү. Махан идэш хоол тэжээлийнх нь хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Оросын эрдэмтдийн судалгаагаар баавгайн идэш тэжээл улирлаасаа шалтгаалаад харилцан адилгүй өөрчлөгддөг.
Хавар ичээнээс гарч ирэх үедээ ургамлын гаралтай тэжээл 61 хувь, амьтны гаралтай тэжээл 35 хувийг эзэлдэг. Энэ үедээ олдсон мэлхий, бах, шувууны дэгдээхэй, могой гээд л тааралдсан бүхнээ иддэг. Заримдаа модны холтос хүртэл мэрж харагддаг нь биеийн биологийн хэрэгцээ юм.
Зун ургамлын гаралтай тэжээл 60-70 хувь болж өсдөг. Шаардлагатай тохиолдолд хандгай, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан барьж иднэ.
Намар жимс жимсгэнэ боловсорч эхлэхэд ургамлын гаралтай идэш 80 хувь хүрдэг. Ялангуяа үхрийн нүд, бөөрөлзгөнө, мөн хушны самраас өөрт хэрэгтэй эрдэс бодис, уургаа хамгийн ихээр авдаг. Дээр нь зөгийн бал их сонирхдог.
Баавгай өвлийг өнтэй давж ичэхийн тулд биеийн жингийнхээ 40-50 хувьтай тэнцэх хэмжээний өөх хуримтлуулах ёстой байдаг. Мөн нэгдүгээр сард ичээндээ 300-500 грамм жинтэй жижиг бамбарууш төрүүлдэг тул тэдгээрийг сүүгээрээ тэжээхийн тулд энэ их өөх маш чухал үүрэгтэй. Хавар гуравдугаа сарын сүүл, дөрөвдүгээр сараас эхлээд бамбарууштайгаа ичээнээсээ гарч ирдэг дүр зурагтай.
-Сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд орж ирэх болон малчдын өвөлжөө, хаваржаа руу дайрах тохиолдол эрс нэмэгдлээ. Энэ нь зөвхөн идэш тэжээлийн хомсдол уу эсвэл бусад ямар шалтгаан байна вэ?
-Үүнд үндсэн хэд хэдэн шалтгаан бий.
Идэш тэжээлийн хомсдол: Сибирь болон манай тайгад баавгайн гол идэш болох хушны самар, жимс жимсгэнийг хүмүүс маш ихээр түүж байгаа нь байгалийн нөөцийг хомсдуулж байна. Газар дээр ургадаг мөөгнөөс эхлээд модны орой хүртэлх байгалийн бүх дагуул баялгийг түүгээд байна гэсэн үг л дээ. Намар хангалттай өөхөө хуримтлуулж чадаагүй амьтан хоол хайж суурьшлын бүс рүү тэнэж эхэлдэг.
Байгаль дээрх өрсөлдөөн: Эр баавгай (шармаахай) өөрийнх нь үр төл биш бол бамбаруушийг алж, эм баавгайг үржилд оруулах байгалийн зөнтэй байдаг. Тиймээс эх баавгайнууд бамбаруушаа хамгаалж зугтдаг. Мөн 2-3 нас хүрсэн залуу баавгайнууд эхээсээ салаад өөрийн эзэмшил нутгаа олох гэж яваад туршлагагүйн улмаас төөрч, хүний суурьшлын бүс рүү орж ирдэг. Том баавгайнууд идэш тэжээл ихтэй газар нутгаа эзэмшчихсэн байдаг тул залуу баавгайнууд шахагдаж гардаг талтай. Ойгоос гарсан залуу баавгайнууд тодорхой тогтсон орон зайгүй тул баримжаагаа алдан, үнэрч зангаараа өвөлжөө, хаваржаа болон айлын хаясан сэг зэм рүү татагдан очдог.
Хүний үйл ажиллагааны нөлөө: Айлуудын ойролцоо ил задгай хаясан хог хаягдал, малын сэг зэм зэрэг нь маш хол зайнаас үнэр барих чадвартай баавгайд шууд татагдах шалтгаан болдог.
Шилжилт хөдөлгөөний зайд: Баавгай тарган, идэш тэжээл хангалттай үедээ өдөрт дунджаар 1-50 км, идэш хайх үедээ 150-180 км, харин өлсгөлөн үедээ шулуун замаар 350-400 км хүртэл хол зайд тэнэдэг.
-Баавгай хэр зайнд эзэмшлээ тэлдэг юм бол?
-Байгаль дээр дунджаар 20 гаруй насалдаг амьтан хамгийн дээд тал нь 47 насалсан тохиолдол бичигдсэн байдаг л даа. Нэг баавгай хамгийн багадаа 25 км кв (Баянгол дүүргийн нутаг дэвсгэртэй тэнцэх), хамгийн ихдээ 40,000 км кв (Төв аймгийн Эрдэнэ сумын нутагтай тэнцэх) газар нутгийг эзэмшдэг.
-Махчин амьтад руу дайрах эсвэл хүн рүү халдсан тохиолдолд яг ямар шалтгаан давамгайлдаг вэ?
-Олон улсын олон жилийн судалгаагаар хүн рүү дайрсан тохиолдлын маш бага хувь нь л цэвэр идэш тэжээлийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Дийлэнх шалтгаан нь бамбаруушийг нь оролдсон, ойрхон очиж цочоосон, эсвэл буудаж шархдуулсантай холбоотой байдаг. Баавгай бол үндсэндээ хүнийг олз болгож хайдаг амьтан биш. Гэхдээ хэрэв өлсгөлөнгөөр туйлдсан, эсвэл гэнэт цочсон тохиолдолд аюул учруулдаг.
-Баавгайн тоо толгойг хянах, зохицуулах тал дээр манай улс ямар бодлого баримтлах ёстой вэ. Тоо толгойг нь нарийвчлан судлахад ямар хүндрэл байна вэ?
-1986 онд манай хүрээлэнгээс Монгол орны хэмжээнд 1500 гаруй баавгайтай гэсэн тоо гаргаснаас хойш албан ёсоор бүтэн тооллого хийгээгүй байна. Баавгайн өсөлт маш удаан байдаг. Орос болон бусад орны судалгаагаар баавгайн жилийн өсөлт ердөө 1-3 хувьтай байдаг. Байгаль өөрөө өвчин, өлсгөлөн болон бусад эр баавгайн нөлөөгөөр тоо толгойг нь тодорхой хэмжээнд хязгаарлаж байдаг жамтай.
Тиймээс шууд л "баавгай олширлоо, бүгдийг нь агначихъя" гэдэг өрөөсгөл ойлголт юм. Баавгай байснаар ой мод, байгаль орчин, жимс ургамал сэргэх экосистемийн холбоо бэхэждэг. Агнуурын бодлогыг хэрэгжүүлэхдээ шинжлэх ухааны нарийвчилсан судалгаанд үндэслэн, Засгийн газрын түвшинд маш нарийн тооцоотойгоор авч үзэх ёстой.
-Баавгай энэ жил л тоо толгой нь гэнэт нэмэгдсэн мэт хүмүүс ойлгоод байна. Үүнийг тоо баримт, судалгааны үүднээс тайлбарлаж өгнө үү?
1954 он: Монгол орны баавгайн тархацыг анх удаа зураглаж эхэлсэн.
1962 он: Хэнтийн нуруунд баавгайн том өлсгөлөн тохиож, олон баавгай буудуулан тоо толгой нь эрс буурсан.
1986 он: ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Монгол орон даяар судалгаа хийж, 1500 гаруй баавгайтай гэсэн тоог албан ёсоор гаргасан. Үүнээс хойш нарийвчилсан албан ёсны тооллого хийгдээгүй.
1988 он: Хэнтийн нуруунд дахин том өлсгөлөн тохиож, хамгийн багадаа 40-50 баавгай агнуулж байжээ.
1990-ээд он: Ардчилсан нийгэмд шилжих үеэр ойн амьтдыг хууль бусаар агнаж, хүдэр, буга, баавгай зэрэг ойн амьтдын тоо эрс буурсан. Тухайлбал бугын тоо толгой 140 мянгаас 30 мянга болтлоо цөөрсөн.
2000 оноос хойш: Байгаль хамгааллын эрх зүй чангарч, соён гэгээрүүлэх ажил хийгдсэний дүнд тоо толгой нь тодорхой хэмжээнд сэргэсэн.
2018-2019 он: Хэнтийн нуруунд баавгайн өлсгөлөн болон шилжилт хөдөлгөөн дахин тохиосон.
2022-2024 он: Баавгай түүхэн тархац нутгаа тэлэх оролдлого хийж, нийслэл рүү Сэлэнгэ, Улиастай чиглэлээс орж ирж буйг автомат камерын судалгаагаар баримтжуулж анхааруулсан. Өнөөдрийн байдлаар баавгай үзэгдсэн 110 гаруй байршил бүртгэгдээд байна.
Одоогийн нөхцөл байдал нь "Баавгай хорхойтох" буюу нийтээрээ өлсгөлөнд нэрвэгдсэн үйл явц биш. Баавгай нийтээрээ хорхойтох үед том, жижиггүй бүх баавгай ойгоосоо гардаг. Харин одоогийн гүйж байгаа баавгайнуудын 80 орчим хувь нь 4 хүртэлх насны залуу баавгайнууд болон бамбаруушаа хамгаалсан эвш байна.
Иргэдийн дундах Увс болон бусад аймгуудад харагдаж буй баавгайнуудыг Сибирээс буюу хойноос орж ирсэн гэх яриа үндэслэлгүй.
Баавгай бол ойн жимс, модыг ургуулах, нөхөн үржүүлэхэд хамгийн гол үүрэгтэй, ойн "зүрх, тархи" болсон амьтан юм. Баавгайгүй болбол ой, усны эх үүсвэр аюулд орно. Ойгоос хөөгдөн тэнэж буй 3-аас доош настай залуу баавгайнууд ичих зан төрхөө танихгүй, байгалийн жамаар үхэх эсвэл ичиж чадахгүй эрсдэлтэй байдаг. Цаг уурын дулаарлаас шалтгаалж тайгад дулаахан байвал баавгай бөх унтаж чадахгүй сэрэх эрсдэлтэй бөгөөд энэ нь өөрөө аюул дагуулдаг. Түүнчлэн хүйтрэх тусам баавгай илүү бөх, тайван нойрсдог байна.

-Энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдэх нь зөв бол. Нийгэмд “агнах зөвшөөрлийг нь өгчих” гэсэн байр суурь байна л даа. Энэ арга боломжтой болов уу?
-Ямар ч асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны дараа Засгийн газрын хуралдаанаар оруулж шийддэг дэлхийн жишиг бий. Жишээ нь, Чех, Болгар зэрэг оронд баавгайн тоо өсөхөд Парламент дээрээ судлаачдаас "баавгай агнахад популяцид нь нөлөөлөх үү, тогтвортой байж чадах уу" гэдгийг асууж шийддэг.
Харин манайд "баавгай олширлоо, агная" гэж шууд хядаж эхэлбэл ирээдүйд өсөх ёстой залуу үеийг нь байхгүй болгож, тоо толгойг нь эрс цөөлөх аюултай. Энэ амьтан байхгүй болбол ойн жимс, мод ургахаа больж, цаашлаад ойн вирус, экосистемийн тэнцвэр алдагдана.
Одоогийн байдлаар гараад байгаа залуу баавгайнууд бол энэ намрын л асуудал. Хэрэв хүн барьсан, улай үзсэн баавгай байвал олон улсын жишгээр шууд устгах ёстой. Харин бусад тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал.
Аляска зэрэг оронд багаас нь хүүхдүүдэд баавгайн боловсрол олгож, баавгайтай таарвал яах ёстойг зааж өгдөг.
Иргэдийн хувьд өвөлжөө, хаваржааныхаа гадна гэрэл асаах, сэнс ажиллуулах, нохойтой байх, хоол хүнсний зүйл болон малын сэг зэмийн үнэрийг дарах зэрэг урьдчилан сэргийлэх наад захын аргыг хэрэглэх ёстой. Мөн аюултай баавгай явж байгаа тухай мэдээлэх тогтолцоог иргэдэд маш сайн ойлгуулж, байгаль хамгаалагчид болон холбогдох байгууллагууд шуурхай анхаарал хандуулдаг байх шаардлагатай.





Сэтгэгдэл байхгүй байна