Энэтхэгийн “Bharat Biotech International Limited” компани Зика вирусны эсрэг хоёр төрлийн вакцин бүтээсэн гэж зарласан тухай “The Times of India” сонин мэдээлэв.
Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, вакциныг амьтад дээр туршиж байгаа ба тэр нь Зика вирустай тэмцэхэд дэвшил гаргах магадлалтай гэнэ. Эм үйлдвэрлэгч компани нь Зикагийн эсрэг эм бүтээхэд засгийн газраас тусламж хүсссэн байна. Мөн дөрвөн сарын дотор нэг сая хүртэл вакцинийг бэлтгэнэ гэдгээ илэрхийлж байгаа аж.
Угандад 1947 онд илэрсэн Зика вирусийн халдвар Африкийн орнуудаас хальж, 2014 оноос Латин Америкийн орнуудад бүртгэгдэх болсон. Мөн онд Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчдаар дамжин Бразилд ирсэн гэж таамаглажээ.
Өдгөө Барбадос, Болив, Бразил, Колумб, Эквадор, Сальвадор, Фижи, Гватемал, Гаити, Гондурас, Мальдивын арлууд, Мексик, Панам, Парагвай, Пуэрто-Рико, Суринам, Таиланд, Венесуэл, Малайз, Филиппин зэрэг 32 оронд Зика вирус тархаад байгаа учир эдгээр улс орнууд руу аялал хийхгүй байхыг зөвлөж байгаа юм.
Зика вирус Aedes aegypti гэх төрлийн шумуулаар дамжин тархдаг. Түүнчлэн вирус бэлгийн замаар буюу үрийн шингэнээр дамжин халдварладаг байж магадгүй тухай анхааруулж байгаа бөгөөд одоогоор нарийвчлан тогтоогоогүй байгаа юм. Түүнчлэн Зика вирусийн халдвар эхийн сүү, цусаар дамжин халдах магадлал ч байж болох гэнэ.
Вирусийн халдвар авсан том хүний 25 хувьд л ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг бөгөөд эдгээр нь биеэр тууралт өгөх, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, үе мөчөөр өвдөх, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Вирусын халдвараас үүдэн ургийн гажигтай хүүхэд олноор мэндэлж байгаа. Уганда хэлээр Зика гэдэг нь "ургах" гэсэн утгатай. Энэхүү вирус Угандагийн Энтеббе хотын Зика ойд амьдрах сармагчнаас илэрсэн учир Зика гэж нэрлэх болжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоёрдугаар сарын 1-нээс Зика вирусийн аюул дэлхийн цар хүрээтэй боллоо гээд онц байдал зарласан юм. ДЭМБ өмнө нь Баруун Африкт 11 мянга гаруй хүний амийг авсан Эбола вирусын халдвар гарах үед олон улсад онц байдал зарлаж байсан юм.
Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудаар эрчимтэй тархаж буй Зика вирус Европ руу давшилж эхэллээ. Зикагийн халдвар авсан тохиолдол Их Британи, Дани, Швед, Австрали улсуудад бүртгэгдсэн байна.
Эдгээр хүмүүс нь Латин Америкийн орнуудад зорчиж байхдаа вирусийн халдвар авсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Түүнчлэн АНУ-ын гурван иргэн Зикагийн халдвар авсан гэж бүртгэгдээд байгаагаас тэдний нэг нь вирусийн халдварыг бэлгийн замаар авсан байж болзошгүй байна.
Зика вирусийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг олохоор АНУ-ын эрдэмтэд ажиллаж байна. Гэхдээ нарийн судлагдаагүй өвчин учир вакцин нийтийн хэрэглээ болтол 10 гаруй жил шаардлагатай гэж тэд мэдэгдэж байсан. Харин Энэтхэгийн эрдэмтэд вакцин гаргаж чадсан хэмээн зарласан нь мөн олон нийтийн анхаарал татаж байна.
Зика вирустай холбоотой мэдээллийг эндээс уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна