• Эхлэл
  • Тайваньд аврах ажиллагаа үргэлжилж байна

Тайваньд аврах ажиллагаа үргэлжилж байна

2016/02/07

Тайванийн арлын өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-ны бямба гаригийн өглөө газар хөдөлсөн байна. АНУ-ын  геологийн албаны  мэдээгээр газар хөдлөлтийн магнитут 6,48  хоёр сая хүнтэй Тайнань хотоос 43 км-ийн  зайд, 10 км-ийн газрын гүнд газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн бүсээс хамгийн ойр Тайнань хотод 17 давхар байшин нурч, хоёр хүн нас барчээ. Тайнань хотын дарга Уильям Лайн байшинд 221 хүн амьдарч байсны 31 нь эмнэлэгт хүргэгдээд байна гэж мэдээлжээ.

Хотын захиргаа онц байдал тогтоон аврах ажиллагааг үргэлжлүүлж, нурсан байшингийн нурангиас 123 хүнийг аварч, 30 хүнийг нүүлгэсэн гэж Ройтерс агентлаг мэдээлээд байсан юм.

Тэгвэл өнөөдрийн мэдээллээр барилгын нуранги дороос 350 орчим хүнийг эсэн мэнд аварсан боловч 132 хүн сураггүй байгаа аж. Аврагчид 17 давхар барилгын нуранги дор байгаа 29 хүнийг аврахаар ажиллаж байгаа бөгөөд аврах ажиллагаанд олон зуун цэргүүдийг дайчилж, үнэрч ноход, өндөр технологийн багаж хэрэгслийг ашиглаж байгаа аж. Түүнчлэн газар хөдлөлтөд орон гэр нь нурсан хүмүүст түр хорогдох байрыг гаргаж өгсөн байна. Мөн Бээжингийн зүгээс Тайванийн газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаанд тусламж үзүүлэхээ илэрхийлжээ.

Газар хөдлөлтөөс болж 14 хүн амь үрэгдсэний дунд нярай хүүхэд байжээ. Тайванийн эмнэлэгт гэмтэж бэртсэн 500 орчим хүн ирснээс 92 нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Газар хөдлөлтийн голомт гадаргатай ойр байснаас чичирхийлэл хүчтэй байсан хэмээн АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. Хүчтэй газар хөдлөлтийн дараа таван удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Түүнчлэн газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоос 300 км хол зайтай Тайбей хотноо мэдрэгджээ.

Өмнө нь 1999 онд Тайваний төв хэсэгт 7.6 магнитудын газар хөдөлснөөс 2300 гаруй хүн амь үрэгдэж байсан юм.

Тайваньд болсон газар хөдлөлтөд монгол хүн гэмтсэн тухай мэдээлэл байхгүй, одоогоор аврах үйл ажиллагаа үргэлжилж байна гэсэн тайлбарыг Гадаад хэргийн яам цахим хуудсандаа мэдээлсэн байна.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна