Эрдоганы сүрдүүлэг

2016/02/15

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон Европын холбооны удирдагчдын талаарх маш нууц материалыг Грекийн сэтгүүлчид цацлаа. Тэдний баталж буйгаар Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нэг бус удаа Европын орнуудын эрх баригчдыг сүрдүүлж байжээ.

"Хэрэв надад зургаан тэрбум евро өгөхгүй бол манай улс Ойрхи Дорнодын дүрвэгсдэд хилээ нээж өгөх болно" гэж Эрдоган сүрдүүлсэн тухай нийтлэл олон нийтийг шоконд орууллаа гэж "Spiegel" бичжээ.

Дуулиан тарьсан энэ үйл явдал 2016 оны арваннэгдүгээр сард "G20"-н дээд хэмжээний уулзалтын үеэр болсон аж. Цагаачлалын хямралын талаар онцгойлон авч хэлэлцсэн энэхүү саммитын үеэр Евро комиссын тэргүүлэгч Жан-Клод Юнкер, Европын холбооны тэргүүлэгч Дональд Туск нар энэхүү саммитын хүрээнд Туркийн Ерөнхийлөгч Эрдогантой уулзах үеэр энэхүү сүрдүүлгийг хийсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Цагаачдын асуудлыг шийдэхэд газар зүйн байрлалын улмаас Турк гол үүрэг гүйцэтгэхээр нөхцөл байдал тулгараад байгаа.

Гэтэл Туркийн Ерөнхийлөгч "Дүрвэгсдийн асуудлыг шийдэх, нөхцөл байдлыг сайжруулахад их мөнгө шаардлагатай байна, 6-10 тэрбум евро орчим. Мөнгө өгөхгүй бол бид хилээ нээж Европ руу явж байгаа бүх автобусанд дүрвэгсдийг суулгаад илгээнэ шүү. Хэрэв бид хэлэлцэж тохирч чадахгүй бол та нар тэдгээр дүрвэгчийг яах вэ? Тэднийг алах уу?" гэж Эрдоган асуусан аж. НАТО-гийн томоохон гишүүн бөгөөд бараг шүдээ хүртэл зэвсэглэсэн Турк хэрэв хүсвэл дүрвэгчдийг байтугай шумуул ч оруулахгүй байж чадах улс.

Тэр бүү хэл Эрдоган "Туркийн эрэгт нас барсан сири хүүг санаж байна уу? Одоо ийм талийгаачдын тоо 10-15 мянга хүрнэ" гэж хэлсэн гэнэ. Хариуд нь Европын холбооны удирдлага "Эрдоган таныг Брюссельд айлчлах үед асар их хүндлэн яг хан хүү шиг хүлээн авсан шүү дээ" гэхээс өөр үг хэлж чадаагүй аж. Харин Туркийн Ерөнхийлөгч "Хан хүү шиг гэнэ ээ? Мэдээж, би ямар гуравдагч орныг тэргүүлж байгаа биш" хэмээн хэнэг ч үгүй хэлсэн гэжээ.

Ийм үйл явдал үнэхээр болсон гэж Европын холбооны нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан баталж байна. Гэхдээ энэ талаар одоогоор албан ёсоор хэн ч, ямар ч мэдэгдэл тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж:www.mnews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна