Африкаас Ази, Латин Америкт халдварласан зика вирус өнгөрсөн оноос маш хурдтайгаар тархаж эхэлсэн.
Халдвар нь Aedes aegypti гэх шумуулаар дамждаг. Угандад 1947 онд анх бүртгэгдсэн Зика вирус одоо Ази, Европын орнуудад тархаад байгаа.
Вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гаргасан гэж Энэтхэгчүүд зарласан боловч хүлээн зөвшөөрөгдөөгүй гэгдэж байгаа.
Тэгвэл дээрх аюулт вирус манай хоёр хөршид илэрсэн тухай мэдээлэл гараад байна. Тодруулбал:
Хойд хөрш /ОХУ/
-Доминикан улсад амраад ирсэн эмэгтэйгээс Зика вирус илэрсэн тухай “Роспотребнадзор” байгууллагын сайтад өчигдөр мэдээлжээ. Москвад ирснийх нь дараа өвчин илрээгүй ба харин хэд хоногийн дараа халуурч, биеэр нь тууралт гарсан байна. Тиймээс эмэгтэйг эмнэлэгт тусгаарлаж, гэр бүлийн гишүүдийг нь хяналтад аваад байгаа аж. Мөн дээрх эмэгтэйн зорчсон онгоцонд ариутгал хийсэн байна. Гэхдээ Оросын цаг уурын нөхцөлд айдас дагуулаад буй вирус тархах аюул байхгүй гэж эмч нар хэлсэн байна.
Урд хөрш /Хятад улс/
-Зика вирусын халдварыг импортлосон хоёр дахь тохиолдол илэрснийг Хятадын эрх баригчид мэдээлсэн.
Анхны тохиолдол Венесуэлиэс ирсэн 34 настай эрэгтэйгээс илэрч байсан бол хоёрдахь нь мөн Венесуэльд ажиллаж байгаад ирсэн хүнээс илэрсэн байна.
Одоогоор халдвар тээгчийн нас, хүйсийг зарлаагүй байгаа ба Гуанжоу хотын Байюнь Олон улсын Нисэх буудалд ирэхэд нь шинжилгээ хийж илрүүлсэн гэнэ.
Халдвар авсан хүн нь Венесуэльд гурван жил ажилласан бөгөөд халуурч эхлэхээсээ 12 хоногийн өмнө нэг хүнтэй бэлгийн харилцаанд орсон байжээ. Тэр хүн нь өнгөрсөн нэгдүгээр сард “шумуулаар халдварладаг өвчин” тусч байсан гэнэ.
Гуанжоуд ирэхээсээ өмнө халдвар тээгч нь Нидерланд, Орос улсуудаар дамжин өнгөрсөн байна.
Гэвч Хятадын тал өвлийн хүйтэн улирал үргэлжилж байгаа тул Зика вирус тархах боломж маш бага гэж үзэж байгаа аж.
Одоогоор дэлхий даяар 26 улсад Зика вирусын халдвар илрээд байгаагаас Бразилид хамгийн их буюу 1.5 сая тохиолдол бүртгэгджээ. Ийн хоёр хөршид дээрх вирус илэрсэн боловч улсын зүгээс цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж вирус тархах боломжгүй гэж үзэж байна.
Гэвч энэхүү вирус нь бэлгийн замаар халдаж байгаа. Тэгэхээр манай улсад вирус орж ирэх ойрхон байна гэх яриа гараад байна. Манай улсад дээрх вирус дэгдэх боломж бага ч өвчлөл илэрсэн улсуудад зорчиж буй хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байсан юм. Энэхүү халуун орны өвчин манайд тархах боломжгүй гэж байгаа ч бэлгийн замаар тархаж байгаа гэх мэдээлэл айдас төрүүлж эхэллээ. Гэхдээ зарим улсын эрдэмтэд бэлгийн замаар халдварлаж буй эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байгаа гэж зарлаж байсан юм.
Өмнө нь монголчуудын их зорчдог Малайз улсад өвчлөл дэгдлээ гэсэн мэдээлэл тархаж байсан бол одоо харин хойд, урд хоёр хөршид маань өвчлөл тархсан нь анхаарал татахаар байна.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна