АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр буюу Ням гаригт Кубад албан ёсны айлчлал хийхээр хөл тавьжээ. Ерөнхийлөгч Обама 88 жилийн дараа арлын оронд хийж буй айлчлалаа түүхэнд бичигдэх үйл явдал гэж хэлснийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Ерөнхийлөгч 50 гаруй жил завсарласны эцэст Кубад Элчин сайдын яамаа нээсэн элчингийн ажилтнуудад хандан “Энэ бол Кубын ард иргэдтэй шууд харилцах түүхэн боломж юм” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч онгоц Гаваны Хосе Мартигийн нисэх онгоцны буудалд 20-ны үдэш газардлаа гэж Кубын коммунистуудын гол хэвлэл болох Granma сонин мэдээлсэн ажээ. Ерөнхийлөгч эхнэр Мишель, Малия болон Саша охидууд болон хадам ээжийн хамт Кубад очсон бөгөөд мөн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Төрийн захиргааны ажилтнууд, АНУ-ын Конгрессын гишүүд багтсан албан ёсны томоохон төлөөлөл тус улсад айлчлал хийж байгаа юм.
Ерөнхийлөгчийг Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Парилья угтсан бөгөөд Ерөнхийлөгч Төрийн зөвлөлийн дарга Рауль Кастротой даваа гаригт албан ёсны хэлэлцээр хийх юм. Гурав хоног үргэлжлэх айлчлалын хөтөлбөрт АНУ-ын Төрийн тэргүүн Кубын хувьсгалын эцэг Фидель Кастро хоёрын уулзалт багтаагүй байна.
АНУ-ын төрийн тэргүүн хамгийн сүүлд 1928 онд Кубад албан ёсны айлчлал хийж байсан түүхтэй бөгөөд АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Жон Калвин Кулиж Кубад хөл тавьсан байна.
2015 оны 9-р сарын 25-ны өдөр Кубын төрийн тэргүүн сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа АНУ-д айлчилж НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцож байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна