Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны хөшөөнд гэр бүл, ойр дотныхон, намын нөхөд нь цэцэг өргөдөг.
Энэ жилийн энэ өдөр уламжлал ёсоор төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. С.Зориг агсан 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан. Хэргийн эзнийг одоо болтол олж тогтоогүй байгаа бөгөөд С.Зориг агсан амьд сэрүүн байсан бол энэ өдөр 54 нас хүрэх байлаа.
С.Зориг агсны гэргий Б.Булганыг урьдчилан хорих төвд саатуулаад дөрвөн сар гаруй болж байна. Түүнийг талийгаачийн үхлийн хэргийн цорын ганц гэрчийн хувьд баривчлан саатуулж шалгаж байгаа гэх боловч энэ хугацаанд ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, байнгын гэрэлтэй хүнд нөхцөлд ганцаарчлан хорьж, эрх нь зөрчигдсөн хэмээх гомдол гаргаад байгаа. Иймээс УИХ дахь Хууль зүйн байнгын хороо Б.Булганы хоригдож буй асуудлыг хэлэлцэж, хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлэх байдлаар хориж болохгүй гэсэн хэд хэдэн саналыг гаргаж Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлээд байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар хоригдож байгаа Б.Булгантай уулзахад ээжийгээ харж, хандахыг хүсч, эрх нь зөрчигдсөн гэх асуудлыг хуулийн байгууллагад хандаж, шийдэж өгөхийг хүссэн байсан юм. Энэ мэдээлийн мөрөөр УПЕГ-аас ажлын хэсэг гарч, үнэхээр Б.Булганг ариун цэвэр сахих боломжгүйгээр, эрхийг нь зөрчин хорьсон уу гэдгийг тогтоохоор, хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн гэж мэдээлээд байгаа юм.
С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюун “Бид бол хохирогчид. Тиймээс хэргийг хурдхан, үнэн зөвөөр шийдээсэй л гэж хүлээж байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд бид нэлээд тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсэн. Аль нэг улстөрийн хүчин, хэн нэг хүнийг онилж, хардаж, хий хоосон таамаг дэвшүүлж байсан удаа үгүй. Хэргийг илрүүлэхсэн гэсэн сэтгэл, зүтгэл гаргаж байгаа хууль хяналтынхан, цагдаагийнханд итгэсэн хэвээрээ байгаа гэдгээ л хэлье” гэв.
Ийн Монголын ардчилсан хөдөлгөөний анхны удирдагч, УИХ-ын гишүүн асан С.Зориг агсан амиа алдсанаас хойш 18 дахь удаагаа ар гэрийнхэн нөхөд нь төрсөн өдрөөр нь хөшөөнд нь цэцэг өргөж байна. Мөн түүний амь насаа алдсан аравдугаар сарын 2-нд нийслэлийн төв талбайн өмнөхөн, Нийслэлийн ардчилсан намын байрны орчим байрлах хөшөөнд нь цэцэг өргөдөг юм.
Сэтгэгдэл байхгүй байна