Италийн Венето мужийн зөвлөлийн депутатууд Крым ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг мөн хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа өчигдөр мэдэгдлээ.
Түүнчлэн Венето мужийн нутгийн зөвлөлөөс Крым, ОХУ-ын эсрэг явуулж буй Европын холбооны бодлогыг буруушаан, Оросын эсрэг барууны орнуудын авсан хориг арга хэмжээг цуцлах тусгай хороо байгуулахаар болжээ.
Италийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Венето мужийн депутатуудын ихэнх нь ЕХ-ны бодлогыг шүүмжилдэг "Урагшаа Итали", "Итали ахан дүүс" зэрэг намын гишүүд аж. Иймээс тэд ийм шийдвэр гаргасан нь хэний ч гайхшралыг түрүүлээгүй гэлээ.
Сануулахад 2014 оны гуравдугаар сард Крымд бүх нийтийн санал асуулга болж, иргэдийн дийлэнх олонх нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэний дараа ОХУ хойгийг бүрэлдэхүүндээ нэгтгэснийг зарласан билээ.
Украины эрх баригчид болон НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
Харин Хойд Солонгос, Уганда, Сири, Зимбабве зэрэг улсууд Крым ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт нэгдсэнийг хүлээн зөвшөөрч буйгаа өмнө нь мэдэгдэж байсан.
Украины хямралаас үүдэн АНУ болон Европын орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Хэрэв Кремлийн эрх баригчид Крымийг буцаан өгсөн тохиолдолд л хориг арга хэмжээг цуцална гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл байхгүй байна