• Эхлэл
  • Турк ерөнхийлөгчийн засаглалтай болно

Турк ерөнхийлөгчийн засаглалтай болно

2016/05/25

Туркийн шинэ Ерөнхий сайд Бинали Йылдырым ажлаа аваад хэдхэн хонож байгаа юм. Тэрээр шинэ Засгийн газрын гол зорилгуудын нэг нь Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэдгийг онцоллоо.

"Шинэ Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн засаглал, засаглалын шинэ системийг нэвтрүүлэх нь шинэ Засгийн газрын зорилго болно” хэмээн тэрээр Туркийн парламент дахь Сайд нарын зөвлөлд Засгийн газрын хөтөлбөрийг танилцуулахдаа мэдэгдлээ.

Сануулахад Бинали Йылдырым нь Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг үүсгэн байгуулагчдын нэг, Ерөнхийлөгч Эрдоганы ойрын холбоотон аж.

Энэ сарын 22-нд болсон намын их хурлаар ноён Йылдырым бүх гишүүдийн дэмжлэгийг авч Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон юм. Өмнө нь тэрээр Туркийн Тээврийн сайдаар ажиллаж байжээ.

Турк улс бол парламентын эрх мэдэл давамгайлсан төлөөллийн ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж бүхий бүгд найрамдах засагтай улс юм. БНУ болсон 1923 оноос хойш шашин төр хоёрыг ангид болгожээ.

Одоо үйлчилж буй үндсэн хууль 1982 онд батлагдсан. Таван жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн үүрэг харьцангуй бага, бэлгэдлийн шинж чанартай юм. 

Тэгвэл 2014 онд Туркийн төрийн тэргүүнээр сонгогдсон Режеп Тайип Эрдоган Ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж, эрх мэдлээ нэмэгдүүлэх талаар ярьж эхэлсэн.

Режеп Тайип Эрдоган гэж хэн бэ?

Режеп Тайип Эрдоган 2014 онд Туркийн хамгийн анхны шууд сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч болсон юм. Үүнээс өмнө тэрбээр тус улсын ерөнхий сайдаар 11 жил ажиллажээ.

Ядуу гэр бүлд төрж тарчиг амьдрал туулсан Режеп Тайип Эрдоганыг дэмжигчид түүнийг Ататуркийн үүсгэн байгуулсан улс орныг “авран хамгаалагч” гэж хардаг бол эсэргүүцэгчид нь шашны туйлширсан бодлого баримталдаг хэмээн шүүмжилдэг.

Режеп Тайип Эрдоганы санаачилсан Шударга ёс ба Хөгжлийн нам (AKP) засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж Туркийн цэргийн эрхтнүүд түүнийг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Эргенеконы хэрэг буюу Шударга ёс ба Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнийг бүх насаар нь хорих ял өгснөөр Эрдоган саад болж байсан цэргийн эрхтнүүдээс ангижирчээ.

Режеп Тайип Эрдоган Туркийн ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2013 онд Истамбул  хотоос эхлэн орон даяар тархсан томоохон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тарааж байв. Жагсаал Истамбулын хүүхэд, залуусын очих дуртай Гези паркийг дахин төлөвлөлтөд оруулсныг эсэргүүцсэнээр эхэлж эцэстээ засгийн газрын эсрэг бослого болон хувираад байв.

Үүнээс гадна Режеп Тайип Эрдоган 2014 онд Туркийн ерөнхийлөгч эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш бус эрхтэй гэдгийг тунхагласнаар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан билээ. Тэрбээр “Эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс өөрөөр бүтээгдсэн. Тиймээс эрэгтэй хүний ажлыг хийж таарахгүй. Исламын шашны ёсоор тэдний хүрч болох хамгийн өндөр байр суурь бол ээж болох юм” гэж мэдэгдсэн аж.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна