Их хэмжээний бороо орж, үерийн аюул нүүрлэж байгаатай холбогдуулан Францын 26 хотод тэр тусмаа Парист аюулын улбар шар дохиог асаасан байна.
Түүнчлэн Парисын бэлгэ тэмдэг болсон алдарт Луврийн музейг түр хаажээ. Мөн метро, автомашины замуудыг хаасан байна. Францын төвийн бүс нутгууд болон Парисын 25 мянга гаруй хүн цахилгаан эрчим хүчгүй байгаа аж.
Үерийн улмаас нэг хүн амиа алдсан байна. Аврах багийнхан 5500 хүнийг гамшгийн бүс нутгаас нүүлгэн шилжүүлжээ.
Парисын зүүн өмнөд хэсэгт байрлах Немур хот байгалийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн байна. Тус хотын захирагч Валери Лакрут "Хотын төв хэсэг бүхэлдээ үерт автлаа. Бүх барилга байгууламж сүйдсэн" гэж хэлжээ.
Сүүлийн 150 жилийн түүхэн дэх хамгийн их бороотой сар болж байна гэж Францын цаг уурын мэргэжилтнүүд хэллээ. Францаас Украин хүртэл буюу Төв Европын орнуудаас орж буй их хэмжээний бороо энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжилнэ хэмээн цаг уурчид мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна