Америкийн "Форбс" сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. Энэ жилийн дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг дахиад л Ангела Меркель түрүүллээ.
Тэрээр энэхүү жагсаалтыг зургаа дахь удаагаа тэргүүлж байгаа юм. Тодруулбал Германы канцлер 2006-2009 онд тус жагсаалтыг дөрвөн удаа дараалан, дараа нь 2014 онд тэргүүлж байжээ. "Форбс" сэтгүүлээс онцлохдоо Меркелийг дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэн, Евро бүсийг тогтвортой болгох тал дээр ажиллаж байгааг онцлов.
Харин жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Хиллари Клинтон оржээ.
Удаах байруудад АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен, "Bill & Melinda Gates Foundation" буяны сангийн тэргүүн Мелинда Гейтс нар бичигдсэн байна.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад 29 орны 100 эмэгтэй багтсан бөгөөд тэдгээрийн 32 нь корпорацын тэргүүн, 12 нь төр, Засгийн газрын тэргүүн нар юм.
Марисса Майер
Эдгээр эмэгтэйчүүдийн хөрөнгө нэг их наяд ам.долларт эргэлдэж байгаа бөгөөд дэлхий даяар нийт 3.6 тэрбум хүний амьдралд нөлөөлж байна.
Үүний зэрэгцээ "Форбс" сэтгүүл жагсаалтыг гаргахдаа хамгийн залуу болон хамгийн ахмадыг нь шалгаруулжээ. Yahoo компанийн гүйцэтгэх захирал, 41 настай Марисса Майер дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн дунд хамгийн залуухнаар тодорчээ.
Харин Их Британийн хатан хаан Элизабета II хамгийн ахмад нь болсон юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл байхгүй байна