Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр улсын хэмжээнд 37 200 шалгуулагч бүртгүүлсэн байна. Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлдсэн ажээ.
Шалгуулагч шалгалтын байранд нэг цагийн өмнө ирэх бөгөөд анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзлэх шаардлагатай. ЭЕШ-ыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэнэ.
Тус шалгалтыг энэ сарын 15-ны өдрийн 12:00 цагаас эхлэн 13:40 минут хүртэл явуулах юм байна.
Бүртгүүлсэн бүх шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын журамтай маш сайн танилцах шаардлагатайг албаныхан санууллаа. Шалгалтын байранд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэргийг оруулахгүй байх үүднээс металь илрүүлэгч болон сүлжээ сарниулагчийг ашиглах юм байна.
Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут байна. Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут ажээ. Бүх шалгалтын материалын хариултын хуудасны хэсгийг харандаагаар тод засваргүй бөглөж, будах ёстой бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад үнэгүй харандаа тараах гэнэ.
Шалгуулагчид шалгалтад орохдоо дараах материалыг бүрдүүлсэн байна.
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Мөн өмнөх оны төгсөгчдийн хувьд бүртгүүлсэн бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төвд ирж, тамга даруулж баталгаажуулах хэрэгтэйг мэргэжилнүүд санууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна