• Эхлэл
  • Турк:Төрийн эргэлт хийх оролдлогыг нэгдмэл байдлаа хадгалж эсэргүүцлээ

Турк:Төрийн эргэлт хийх оролдлогыг нэгдмэл байдлаа хадгалж эсэргүүцлээ

2016/07/16

Өнгөрсөн шөнө /2016 оны долдугаар сарын 15-16-нд шилжих/ Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийсэн талаар мэдээллийн агентлагууд мэдээлсэн. Туркийн төрийн мэдлийн TRT телевизээр “Үндэсний энх тайван” гэж өөрсдийгөө нэрлэсэн цэргийн зөвлөл эргэлт хийсэн гэж мэдэгдсэн. Энэ үеэр Даламал хотод амарч байсан Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган гар утсаараа дамжуулан видео мэдэгдэл хийж, ард иргэдээ цэргийнхний эсрэг тэмцэхийг уриалсан бөгөөд “цэргийнхний оролдлого амжилт олохгүй” хэмээн хэлсэн байна. Стамбул болон Анкара хотод буун дуу гарч, зарим газрыг цэргийнхэн хэсэгчлэн хаажээ. Тухайлбал, парламентын ордны гадна танк зогсч байгаа талаар мэдээллийн сувгууд мэдээлж байв.

Харин өнөөдөр Туркэд цэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэсэн оролдлого амжилтгүй болж, босогчид бууж өгч байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Туркийн хүчнийхэн одоогийн байдлаар 330 гаруй хүнийг бослогод холбоотой гэж үзэн баривчлаад байна гэж Туркийн NTV цагдаагийн газрын эх сурвалжид үндэслэн мэдээллээ. Гэвч зарим эх сурвалжаар 600 хүнийг баривчилсан гэж мэдээлж байна.

Стамбулын Босфорын хоолойг холбосон гүүрийг эзлээд байсан цэргийнхэн бууж өгсөн байна. Туркийн парламентын ээлжит бус хуралдааныг өнөөдөр зарлаж байгаагаа Ерөнхий сайд Бинали Йылдыр мэдэгдсэнийг Associated Press агентлаг мэдээллээ.

Associated Press агентлагаас 2016.07.16-ны 11.00 цагт мэдээлснээр Стамбулын нэг эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа хүний тоо 150-д хүрээд байгаа ажээ. Амь үрэгдсэн хүмүүсийн талаарх тоо зөрөөтэй байсаар байна. Туркийн NTV телевиз Стамбул хотод амь үрэгдсэн хүний тоо 42 хүрсэн гэж мэдээлж байна.

Туркийн Ерөнхийлөгч цэргийн эргэлт хийх гэсэн хүмүүсийг хатуу шийтгэнэ гэдгээ илэрхийлсэн. Бослогод 500 орчим цэргийн алба хаагч оролцсон гэж байгаа бөгөөд үүнээс 120-ийг нь аль хэдийнэ баривчилсан гэжээ. Мөн армийн нэг генералыг цаазалсан байж магадгүй байна.

Туркийн Үндэсний Тагнуулын алба төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоолоо хэмээн мэдэгдлээ. “Туркэд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоолоо. Бослогыг Туркийн агаарын цэргийн хүч болон цагдаагийнхан хийсэн” хэмээн Үндэсний Тагнуулын албаны хэвлэлийн төлөөлөгч Нух Йылмаз мэдэгдлээ.

Туркийн Эскишехир дэх агаарын цэргийн ангийн сөнөөгч онгоцууд Анкара руу нисч босогчдын мэдэлд байгаа нисдэг тэргүүдийг сөнөөхөөр ниссэн талаар мэдээлж байна. Сөнөөх тушаалыг Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдыр өгчээ. Босогчдын мэдэлд байгаа нисдэг тэргүүд Туркийн парламентын ордон руу хэд хэдэн бөмбөг хаясан гэж өмнө нь мэдээлсэн юм. Парламентын ордонд гишүүд болон бусад хүмүүс байгаа юм.

Туркийн албан ёсны Ерөнхийлөгч Таийп Эрдоган Стамбул хотноо яаравчлан ирж, Стамбулд буусан даруйдаа ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. “Энэ бослого нь Туркийн эв нэгдлийн эсрэг юм. Энэ хэрэг явдалтай холбоотой хүмүүс хамгийн хатуу шийтгэлийг хүлээх болно” хэмээн Тайип Эрдоган мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн мэдэгдлийг төрийн TRT телевизийн суваг дамжуулсан байна.

Мөн БНТУ-ын Гадаад хэргийн яам дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:

Турк Улсын Засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг Турк Улсын ард түмэн хамтдаа, нэгдмэл байдлаа хадгалж эсэргүүцлээ. Турк Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэхүү хэрэг явдалд Туркийн Зэвсэгт хүчин нийтдээ татагдаж оролцоогүй бөгөөд Туркийн Зэвсэгт хүчин доторхи бүлэглэлийн зохион байгуулсан тус ажиллагаанд Туркийн ард түмэн зохих хариуг нь барьсан болно гэжээ.

Эртнээс найрсаг харилцаатай байдаг Монголчуудын хувьд Туркт болж буй хэрэг явдлыг анхааралтай ажиглаж байна. Монгол Турк улс байнгын харилцаатай, Туркт Монголын  3000 гаруй иргэн ажиллаж, амьдарч буй. Тийм болохоор холбогдох албаны зүгээс Туркт байгаа монголчуудыг гэрээсээ гарахгүй байх, хөл үймээнтэй хэсэгт зорчихгүй байх, мөн Элчин сайдын яам болон консулын газрынхантай байнга холбоотой байхыг сануулж байна. Одоогоор хөл үймээнд монгол хүн өртсөн гэх ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Мөн энэ өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Туркт болж буй явдлыг онцгойлон авч үзсэн байна. АСЕМ-ын чуулганд оролцож  буй ЕХ-ны Европын консулын Ерөнхийлөгч Доналд Туск, "БНТУ бидний чухал түнш улс. Бид ардчилал, хуулийн засаглалыг дэмжинэ. Аль ч улс Үндсэн хуульдаа заасан замаар урагшлах ёстой. БНТУ ЕХ-ны гишүүн улс болно гэдэгт найдаж байна" гэсэн юм.

Урьд шөнө Туркийн томоохон хотуудад болсон үйл явдал ЕХ-ны Гадаад  бодлогод нөлөөлөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрээр "Ямар ч сорилтыг зэвсгийн хүчээр шийдвэрлэж болохгүй. Туркийн Засийн газар байдлыг хяналтандаа авлаа гэдэг мэдээлэл ирсэн. Гэхдээ одоогоор тогтвортой байдал бий болоогүй байна. Энэ бүхний дараа Туркийн эрх баригчид хэрхэн ажиллахаас олон зүйл шалтгаална. Гэхдээ энэ талаар ярихад хэт эрх байна" гэсэн байна. Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөж буй юм.

А.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна