• Эхлэл
  • МОНЦАМЭ агентлаг 95 нас хүрлээ

МОНЦАМЭ агентлаг 95 нас хүрлээ

2016/07/19

Өнөөдөр Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойгоо тэмдэглэж буй.

Монголын Цахилгаан Мэдээний Агентлаг буюу МОНТА /Монгольское телеграфное агентство/ нэрээр 1921 оны 3 дугаар сарын 18-нд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн эхлэл болсон Алтанбулагийг харийн булаан эзлэгчдээс чөлөөлсөн тухай “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ дэлхийн сонорт хүргэж байсан тэрхүү түүхэн үйл явдал нь өдгөөгийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны эхлэл байлаа.

МОНЦАМЭ агентлаг нь дотоодын болон олон улсын амьдралд болж буй үйл явдлын мэдээллийг өдөр тутам төр, засгийн удирдлага, Монгол Улсын төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтэд шуурхай мэдээлж ирсэн билээ. 

МОНЦАМЭ-гийн үе үеийн ажилтнуудад ойн баярын мэндийг дэвшүүлье! 

МОНТА-аас МОНЦАМЭ хүртэл

Анхны мэдээ

Монголын цахилгаан мэдээний агентлаг МОНЦАМЭ “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаас “МОНТА мэдээлэв” гэсэн эх сурвалжтайгаар тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Дальта агентлаг руу цацсан юм. Монгол ардын журамт цэргүүд Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлсөн тухай энэхүү мэдээг 1921 оны 3 дугаар сарын 30-нд Дальта агентлагаас РОСТА уламжилснаар Оросын “Правда” сонинд нийтэлж, дэлхий дахины сонорт Монголын хувьсгалчдын харийн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн анхны томоохон ялалтыг тунхаглажээ.
Жанжин Д.Сүхбаатарын даалгавраар тухайн үеийн Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын зөвлөх-сургагчаар ажиллаж байсан Оросын иргэн И.Г.Демко “Монголчуудын бослого” мэдээг бичиж, дамжуулсан байна. Г.И.Демко хожим дурсахдаа, Би 1921 оны 3 дугаар сард Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын даргын дэргэд зөвлөх-сургагч, Монголын цахилгаан мэдээний агентлаг /МОНТА буюу Монгольская Телеграфная Агенство/-ийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан...Гуравдугаар сарын 18-ны өдөр МАН-ын Төв хороо, Монгол ардын хувьсгалт түр засгийн газар монголын газар нутгийн тэр хэсгийг өөрийн мэдэлд чөлөөлөн авсны дараа Монголын цахилгаан мэдээний газрын эрхлэгчийн хувьд Москва руу РОСТА-гийн нэр дээр Монголын газар нутаг дээр Ардын хувьсгалт түр засгийн газар тогтоосон тухай мэдээг явуулсан хэмээжээ. 
МОНЦАМЭ агентлагаас 2010 онд “Монголчуудын бослого” мэдээ бүхий дурсгалын гэрэлт самбарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Монгол ардын хувьсгалт цэргийн жанжин штаб анх байрлаж байсан байрны хананд байрлуулсан юм.

РОСТА-гаар дамжин дэлхийд түгсэн “Монголчуудын бослого”

ЧИТА. 1921 оны 3 дугаар сарын 23 /Дальта/. Троицкосавск /Дээд шивээ/-аас авсан мэдээнээс үзвэл Унгерн, Комаровский нарын удирдсан хэрмэл дээрэмчин бүлэг цагаантан хийгээд санаа сэтгэлээр бүрэн дампууран унасан хятадын цэргийн эрхтний аллага, таллагад нэрвэгдсэн монголчууд тэмцэн босч Маймаа /Хиагт/ суурин болон түүний ойролцоох газруудыг байлдан эзлээд Монгол ардын засгийн газрыг зарлан тунхаглав.
Дэлхийн империалистуудын түрэмгий ашиг сонирхлыг илэрхийлсэн Оросын цагаантны балмад бодлогын эсрэг Монголын засгийн газар шийдвэртэй тэмцэж, тусгаар тогтнолоо хамгаалан нутаг дэвсгэртээ аж төрөн суугаа энгийн номхон орос, хнятад, монгол иргэдийн энх амгалан байдлыг аль болохоор хамгаалах зорилт тавьж байна. Маймаа /Хиагт/-д гарсан улаан монголчуудын бослого нь монголын хүн амын бүх давхаргыг хамарч ойролцоох хошуудад амжилттай дэлгэрч байна гэж хилийн районоос мэдээллээ. РОСТА

Агентлаг албан ёсоор байгуулагдав

1921 оны 3 дугаар сарын 18-нд анхны мэдээгээ цацсан Монголын цахилгаан мэдээний агентлаг буюу МОНТА-г албан ёсоор байгуулах ажил Хиагтыг чөлөөлсөн цагаас хойш тухайн үеийн МАН-ын Төв хороо, Засгийн газрын түвшинд яригдаж, үйл ажиллагааг нь тасалдуулаагүй байна. Тухайн үеийн Оросын Эрхүү мужийн “Власть труда” сонины 1921 оны 4 дүгээр сарын 28-ны дугаарт “Монгол ардын түр засгийн газар Хиагтад МОНТА-г байгуулав. Энэ агентлаг нь дэлхий дахины ба дотоодын байдлыг мэдээлэх зорилготой ажээ” хэмээн бичиж, МОНТА-гаас дамжуулсан 3 мэдээг нийтэлсэн нь МОНТА улс орныхоо тухай гадаадад мэдээлэх үүргийг биелүүлсээр байсныг нотолно. 
Улмаар 5 дугаар сарын 19-нд хуралдсан МАН-ын Төв хорооны хурлаас МОНТА хэмээх нэртэй Монголын цахилгаан мэдээг сурвалжлан нэвтрүүлэх газрыг байгуулахыг дэмжээд Засгийн газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 
Монголд Ардын хувьсгал ялснаа тунхагласаны дараахан буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан Ардын засгийн газрын 6-р худалдаанаас Дотоод яамны харьяанд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулах тогтоол гаргаж, Гүн Цэдэвсүрэнг шүүх түшмэлд, Маслаковыг туслах түшмэлд тус тус тохоон томилж, уг хороог Дотоод яаманд захируулахаар тогтсон байна. Энэ нь өнөөгийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Цахилгаан Холбоо, Монгол Шуудан компани зэрэг байгууллагын эхлэл байв. 
Түүнчлэн МОНТА буюу Монголын цахилгаан мэдээний газрын ажиллах дүрмийг 1921 оны 11 дүгээр сарын 1-нд болсон Засгийн газрын 21 дүгээр хуралдаанаар баталж, Гадаад явдлын яамны харьяанд хамааруулсан бол 1922 оны 2 дугаар сарын 3-ны Засгийн газрын тогтоолоор Цэргийн яаманд шилжүүлжээ.

“Хураангуй сэтгүүл” ба “Бюллетень МОНТА”

МОНТА эрхлэн 1922 оноос товч мэдээний “Хураангуй сэтгүүл” сониныг монгол хэлээр, “Бюллетень МОНТА” сониныг орос хэлээр 7 хоногт 2 удаа гаргаж, дотоодын болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэж байв. Энэ нь МОНТА гадаадад мэдээлэх төдийгүй дотоодод мэдээлэх үүргийг хавсран хариуцсан, дэлхийн мэдээллийн агентлагуудын жишгээр ажиллаж эхэлсэн үе юм.
“Бюллетень МОНТА” сонин тэр үед Монголд оршин сууж байсан орос хүмүүс болон Зөвлөлт орос, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын иргэдэд монгол орны тухай, ард иргэдийн аж байдлыг танилцуулах зорилготой, нэг дугаар нь 150-250 хувь хэвлэгддэг байжээ. 
Харин “Хураангуй сэтгүүл” нь улс оронд өрнөсөн дотоод үйл явдлыг мэдээлэхийн зэрэгцээ олон улсын байдал, тэр дотроо Зөвлөлт Орос, Хятад, Япон, Америк, Англи, Франц, Герман зэрэг орны тухай мэдээллийг монголчууддаа түлхүү хүргэдэг, нэг дугаар нь 500-1000 хувиар хэвлэгдэн тардаг байсан нь өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний болон Гадаад мэдээний албаны үүргийг хариуцаж байсан явдал юм.
Сэтгүүл зүй судлаачид “Хураангуй сэтгүүл”, Бюллетень МОНТА” сонины мэдээнүүд нь Монголд цахилгаан мэдээний агентлагийн цоо шинэ хэв маягийн үндэс суурийг тавьсан, энэ агуулгаараа монголын сэтгүүл зүйд МОНЦАМЭ агентлаг мэдээ мэдээллийн товч тодорхой хэлбэрийг үүсгэн бий болгож, хөгжүүлсэн хэмээн тэмдэглэжээ.
1923 оны 6 дугаар сар хүртэл “Бюллетень МОНТА” сонин 100 гаруй дугаар, “Хураангуй сэтгүүл” 92 дугаар хэвлэгдсэний зарим нь өдгөө Улсын төв архивт хадгалагдаж байна.

Дотоод, гадаадад мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн он жилүүд

МАН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн шийдвэрээр 1923 оны 6 дугаар сараас “Бюллетене МОНТА” сониныг орос хэлээр гаргах ажлыг зогсоож, МОНТА болон “Уриа” сониныг хавсруулан “Нийслэлийн шинэ сонин”-ыг гаргаж эхэлсэн юм. “Нийслэлийн шинэ сонин” сард 4 дугаар гарч байжээ.
Улмаар 1930 оны сүүлчээс МОНТА нь тухайн үеийн МАХН-ын Төв хорооны Ухуулан боловсруулах хэлтсийн дэргэд, 1945 оноос “Үнэн” сонины дэргэд Зөвлөлт Оросын ТАСС агентлагийн мэдээ орчуулдаг хэлтэс хэлбэрээр ажиллаж, 1957 онд мэдээллийн агентлагийн статустайгаар дахин шинээр байгуулагдан ажиллах хүртлээ дотоод, гадаадад мэдээлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн юм.
Өөрөөр хэлбэл, тус агентлаг 1950-аад оны дунд үе хүртэл МОНТА хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулж, гадаадын улс орнуудын байдлын тухай мэдээг тэр үеийн ЗХУ-ын Элчин сайдын Яам болон Монголын холбоогоор дамжуулан авч, нийслэл хотод болж буй монголын нийгмийн амьдралын тухай мэдээг Чита, Эрхүү, Москва руу дамжуулдаг байв.

МОНЦАМЭ агентлагийг шинэчлэн байгуулав

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1957 оны 68 тоот тогтоолоор “Цахилгаан мэдээ байгуулах бэлтгэл ажлын тухай” тогтоол гарч, улмаар 1957 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 260 тоот тогтоолоор “Үнэн” сонины дэргэд Монголын цахилгаан мэдээний газрыг шинээр сэргээн бие даалган байгуулах шийдвэр гарч, даргаар нь Ж.Зундуйг томилжээ.
1957 оны 10 дугаар сарын 1-ний БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хавсарсан 430/363 тоот тогтоолоор Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болгон товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтов.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл-өнөөдөр

МОНЦАМЭ агентлаг нь одоо нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай, 110 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 
Агентлагийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, дотоодын үйл явдал, улс орны хөгжил дэвшлийг гадаадад мэдээлэх, сурталчлан таниулах, хоёрдугаарт, Монгол Улсын төр, засгийн удирдлага ба төв байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өргөн олон нийтийг улс орны дотоод амьдралын шуурхай мэдээллээр хангах, гуравдугаарт, гадаад ертөнц, олон улсын хэмжээнд болж байгаа үйл явдлын мэдээллээр дотоодын олон нийтийг хангах явдал болно.

МОНЦАМЭ агентлаг 2014 оноос өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон хэлээр мэдээ мэдээлэл цацдаг цахим хуудсыг бүрэн ашиглалтад оруулаад байна. 
www.montsame.mn монгол хувилбар Дотоод мэдээний редакц, Орон нутгийн мэдээний алба, Гадаад мэдээний редакцийн уран бүтээлчдийн бэлтгэж, орчуулсан мэдээллээс бүрддэг бол англи, орос хэлээрх http://en.montsame.mn болонhttp://ru.montsame.mn хувилбарыг Гадаадад мэдээлэх редакц, хятад хэлээрхhttp://cn.montsame.mn цахим хуудсыг “Мэнгу сяосибао” сонины редакц, япон хэлээрhttp://jp.montsame.mn цахим хуудсыг “Монгору цушин” сонины редакц хариуцан ажиллуулдаг юм.

Агентлагийн хэвлэл, товхимлууд

-“МОНЦАМЭ мэдээ” товхимол
-“MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол 
-“Mongolia today” сэтгүүл
-“Монгол Мессенжер” сонин
-“Новостии Монголии” сонин
-“Мэнгу сяосибао” сонин 
-“Монгору цушин” сонин 
-“Хүмүүн бичиг” сонин
-“МОНТА” теле студи
-Гэрэл зургийн студи
-Мэдээллийн төв
-Хэвлэх үйлдвэр


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин