МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш О. Машбаттай уулзаж ярилцлаа. Машбат өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэд захирлаар, 2013-2014 онд Гадаад харилцааны сайдын Стратегийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүнчлэн, АНУ-ын Тэнгисийн цэргийн төгсөлтийн дараах сургуульд сурч Үндэсний аюулгүй байдал судлалаар магистрын зэрэг хамгаалсан цөөн судлаачийн нэг юм.
Та АСЕМ-ийн хурлын талаарх таны бодол
Би жаахан сэтгэл дундуур байгаа. АСЕМ гэдэг том байгууллагын хүрээнд газар газрын төрийн тэргүүнүүд ирээд, 20 жилийнхээ ойг хийж, Монголд нэг сайхан наадам хийж, шоудаж байгаад явсан юм шиг хүмүүс ойлгоод байна.
Ер нь бол анх АСЕМ-ийн хурлыг Монголд зохион байгуулах талаар санаачилж, төлөвлөж байх үед хэд хэдэн ач холбогдлын талаар ярьж байсан. Энэ асуудал анх Л.Болд сайдын үед санаачилж, хөөцөлдөөд бүтээсэн ажил шүү дээ. Тэр үед багт нь ажиллаж байсны хувьд харахад анх тавьж байсан гол гол зорилтоос бүрэн хэрэгжсэн зүйл гавихгүй л байна.
Яагаад сэтгэл дундуур гэж? Ямар ямар зорилго тавиад, хэд нь биелээд, хэд нь биелэсэнгүй вэ?
Монгол Улс 2022 он гэхэд НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүн болохыг зорьж байгаа, АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан явдал тэр зорилгодоо хүрэхэд маань чухал алхам болно. Ерөнхий агуулгаараа энэ хүрээнд тавьсан зорилт биелсэн гэж болох л юм. “Бидэнд их том туршлага үлдлээ” гэж Пүрэвсүрэн сайд хэлсэн нь зөв.
Уул нь, анх төлөвлөж байхад тавьж байсан зорилгын гол нь НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудтай ажиллах явдал байсан. Манай улс чинь 2022 онд чухам энэ орнуудтай л зэрэгцэж байнгын бус гишүүн болж суухыг зорьж байгаа шүү дээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн Орос, Хятад, АНУ, Британ, Франц улсаас дөрөв нь АСЕМ-ийн гишүүн, хичээсэн бол энэ дөрвөн улсаас ядаж нэгээс нь дээд хэмжээнд оролцож болох л байсан баймаар. Нэгээс нь ч төрийн тэргүүн ирээгүй. Тэгэхээр том зорилгынхоо хүрээнд ч санасандаа хүрсэн алхам хийж чадсангүй.
Үүнээс гадна, АСЕМ-ийг дашрамдуулж хийх хэд хэдэн санаа байсан. Юун түрүүнд, хоёр хөршийн ерөнхийлөгч нарыг урьж, ирүүлэх, улмаар Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг хийх талаар ярьж байсан. Ингэсэн бол энэ хоёр тивийг хуурай газраар холбож байгаа хоёр том улсын дунд манай улсын ач холбогдол тодорхой харагдах байсан юм.
Гурван улсын уулзалт хийгдээд л яваад байгаа шүү дээ.
Тийм. 2014 оноос хийгдэж байгаа. Гурван улсын уулзалтыг зохион байгуулах талаар ажиллаж эхэлсэн нь бас л тэр үеэс. Анх Душанбед, 2015 онд Уфад, энэ жил Ташкентад болсон. Гурван улсын уулзалтыг Улаанбаатар, Москва, Бээжинд хийхгүй, дандаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хавсрага арга хэмжээ болгож хийгээд ШХАБ-ын арга хэмжээний нэг хэсэг болгож харагдуулах боллоо. Тэр үед манай гурван улсын уулзалт ингэж харагдахаар болчих юм гэж огт бодоогүй. Энэ уулзалт ийм байдлаараа үргэлжлэх л байх.
Гурван улсын уулзалтыг АСЕМ-ийн хүрээнд, хоёр тивийн уулзалтын үеэр хийсэн бол ийм дэвсгэр дээр манай улсын ач холбогдол илүү тод харагдах байсан болов уу. Энэ зөвхөн манайд ч биш, хоёр хөршид маань ч Евроазийг дамнасан ач холбогдлоо харуулахад хэрэгтэй байсан байх. Энэ талаас нь тайлбарлаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа байн байн илгээж, идэвхтэй ажиллах хэрэгтэй байсан байх. Ганц элчин сайд ажиллаад, ганц Гадаад хэргийн сайд очиж уулзаад бүтээх хэрэг биш шүү дээ. Үр дүн гарсангүй, хоёр хөршийн төрийнх нь тэргүүн ирсэнгүй.
Манай гурван улс гурвуулаа гишүүнчлэлтэй бүс нутгийн байгууллага нь АСЕМ. ЕАБХАБ-т Хятад байдаггүй, ШХАБ гээд Ази тивийн бусад байгууллагад нь Монгол байдаггүй.Тиймээс, манайхан тун аятайхан боломжоо алдчих шиг боллоо.
Уулзалтын сэдвийг нь нэлээн эрт тогтчихсон, манай улс ямар нэг арга хэмжээ авах боломжгүй байсан юм биш үү?
АСЕМ-ийн хурлын хэлэлцэх асуудал, хөтөлбөр зэргийг АСЕМ-ийг зохион байгуулах олон хурлаар удаа дараа ярьж байж тогтдог. Тиймээс хурлын үеэр ингэнэ тэгнэ гэдэг өмнө нь шийдэгдсэн байдаг.
Гэхдээ аль ч уулзалтын үеэр дашрамдуулж хийдэг уулзалт олон байдаг. АСЕМ-ийн үеэр нийтдээ 80 гаруй хоёр талын уулзалт хийлээ гэж мэдээлсэн, эдгээрийн нэг нь л гурван талт уулзалт байсан бол зүгээр байлаа. Уулаасаа л, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг дашрамдуулж Монгол, Орос, Хятад гурван улсын дээд хэмжээний уулзалтыг хийдэг шүү дээ.
Хоёр хөршөөс ирээгүй ч гэсэн 11 улсын төрийн тэргүүн ирсэн шүү дээ.
Тэгсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “сайхан” зохион байгуулах талаас нь бүхнийг хийлээ. Манай Гадаад хэргийн яамны ажилтнууд, ахмад залуу дипломатууд, оюутнууд, сайн дурынхан, цагдаа, цэрэг бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж ийм “сайхан” зохион байгуулав. 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн Сайд нарын бага хурлыг Засгийн газраас эхлээд бүгд л санаа сэтгэл нийлж хийж байсан, АСЕМ-ийг ч ингэж л хийсэн. Тэр олон хүний тийм их хөдөлмөр шингэсэн ажлын үрээр “сайхан” боллоо.
Гэхдээ “сайн” болсонгүй, энэ бол бодлогын алдаа. Төрийн бодлого залгамжтай байх учиртай. Нэг сайдын эхлүүлсэн ажлыг дараагийнх нь сайд гүйцээлээ, сайн хэрэг. Харамсалтай нь, хэлбэр төдий гүйцээгээд, наадам болгоод, ард нь байсан гол гол зорилгоо дулимагхан хэрэгжүүллээ. Анхаарлаа хоёр хөрш дээрээ, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд дээр төвлөрүүлэх ёстойг сайд нь ойлгосонгүй юу, дутуу ажиллав уу, бүү мэд. Британы Ерөнхий сайд нь огцорсон гэх мэт дотоод, гадаад олон шалтгаан байгаа л байх, гэхдээ тэр бүхнийг даван туулах талаар юу хийснийг мэдэхгүй, лав л үр дүн нь нэг иймхэн л байна.
Энэ тэгэхээр Л.Пүрэвсүрэн сайдын буруу гэсэн үг үү?
Би энд хэн нэгнийг буруутгаж, улстөржиж, хэл ам, хэрүүл тэмцэл үүсгэмээргүй байна. Анх хөөцөлдөж, бүтээж байх үед нь тэр багт орж, бодлогын анхны зорилго, зорилтыг төлөвлөлцөж явсны хувьд л би ингэж хэлж байна. Зохион байгуулалтын хувьд санаснаас хавьгүй сайн болчихлоо.
“Санаснаас” гэдэг чинь юу билээ? Энэнээс муу болох вий гэж бодож байсан юм уу?
Тийм.
Яагаад?
2014 онд Онлайн эрх чөлөө эвслийн даргалагч орноор Монгол Улсыг сонгож, одоо бол 30 орчим гишүүн улстай энэ эвсэл сайд нарынхаа хурлыг 2015 оны 4-р сард Улаанбаатарт хийхээр болсон юм. Зохион байгуулах явцад Гадаад харилцааны яамны удирдлага солигдоод, шинэ удирдлага энэ хурлыг үндсэндээ сүйрүүлсэн. 30 орчим сайд ирэх ёстой байсан хуралд нэг ч сайд ирээгүй. Тэр бүү хэл, хүний урманд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга ч ирээгүй. Олон улсын байгууллагын өмнө, дэлхийн улс орнуудын ёстой шившиг болсон доо.
АСЕМ-ийн үеэр дахиад тийм юм болох вий гэж л айж байсан юм.
Тэр үед үнэхээр нэг ч сайд ирээгүй юм уу?
Нэг ч ирээгүй. Хуралд ирсэн хамгийн өндөр албан тушаалтан нь Эстоны Гадаад хэргийн яамны газрын дарга байсан. Түүнийг Гадаад хэргийн сайд нь гэж зурагтаар харуулсан. Худлаа сурталчилсан, би хараад Пүрэвсүрэн сайдын өмнөөс ичээд байсан шүү.
АСЕМ-ийн тухай яриандаа эргээд орьё. Өөр ямар алдаа гарав?
Би бодлого судалдаг, асуудлыг бодлого талаас нь хардаг. Монгол Улсын аюулгүй байдал, гадаад харилцааны том бодлогынхоо талаас бол чамлалттай л боллоо.
Авууштай нь, “Хурлын даргын мэдэгдэл”-дээ “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгаа Ази, Европыг холбосон уулзалтаар сайшаалгалаа. Асар их туршлагатай, чадвартай ахмад элчин сайд Ж. Энхсайхан гуай энэ асуудлыг хариуцаж ажилласан, ийм хүмүүсийн буянаар л “ололттой”, “сайхан” боллоо.
Гэхдээ, гол хоёр асуудал дээрээ маш дулимаг боллоо. Нэгд, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудтай хангалттай ажилласангүй, хоёрт, тухайлан хоёр хөрштэйгээ ажиллах талаар ахиц гаргасангүй. Монгол Улс байнга төвийг сахих ёстой гэж ерөнхийлөгч өөрөө зарласан. 100 жилийн өмнө Жамсрангийн Цэвээн гуайн хэлснээр Орос, Хятад хоёр л хүлээн зөвшөөрөхгүй бол манайх төвийг сахих тухай ярих үндэсгүй. Дэлхий дахины байдал ч хоёр туйл руугаа хурцдаж байна. Ийм нөхцөлд тухайлан хоёр хөршөө тойглох цаг болчихоод байна шүү. Гэтэл энэ тал дээр л алдчих шиг боллоо.
Сэтгэгдэл байхгүй байна