Сэрэмжлүүлэг

2016/07/25

Ус судлалын секторын мэдээлснээр 2016 оны долдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны төвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан бол Дэлгэрмөрөн голын хувьд долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 35-70 см буюу нийт 105 см нэмэгдэж, үерийн төвшинг 35 см даван үерлэсэн ба хугацааны дундаас хоногт 5-15 см буурсан ерөнхий хандлагатай байлаа.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир зэрэг голын усны төвшин хугацааны эхээр хоногт 5-10 см нэмэгдээд аажим буурсан бол Чулуут голын адаг буюу Өндөрулаан сум орчимд болон Хойттамир голын усны төвшин энэ сарын 11, 14-ны өдрүүдэд хоногт 45-65 см нэмэгдэж, Хойттамир гол үерийн төвшинг даван үерлэжээ.
 

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Сөгнөгөр, Бороо зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны эхээр аажим нэмэгдээд арав хоногийн дундаас хоногт 2-5 см буурсан явцтай байлаа. Харин долдугаар сарын 11-ны өдөр ус судлалын Тэрэлж-Тэрэлж харуул орчимд усны төвшин өмнөх өдрөөс 70 см , 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см тус тус нэмэгдэж, үерийн төвшинд дөхөн үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж төвшин олон жилийн дунджаас 10-20 см бага, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-55 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон орчимд усны төвшин долдугаар сарын 11-14-ний өдрүүдэд хоногт 5-95 см буюу нийт 130 см, Зүүнбүрэн сум орчимд 14,15-нд 80 см, Сүхбаатар хот орчимд 14-17-ны өдрүүдэд нийт 95 см нэмэгдэж, Зүүнбүрэн сум орчимд үерийн төвшинг даван үерлэсэн байна. Сэлэнгэ мөрний дагуух арав хоногийн дундаж төвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 70-160 см ахиу байна.

Харин Орхон голын эхээр хугацааны турш үерийн төвшинг давсан байдалтай элбэг устай байна.

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Хэрлэн, Онон, Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны төвшин өнгөрсөн хугацаанд хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж төвшинг олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхтэй харьцуулбал 20-55 см бага харин Барх, Онон, Хэрлэн голын дагууд өмнөх оны мөн үеийнхээс 10-25 см ахиу төвшинд байна.

Иймээс аялал зугаалагаар хөдөө явах, гол мөрний эрэг дагуу зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна