• Эхлэл
  • Микро автобус алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчилнэ

Микро автобус алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчилнэ

2016/07/26

Ирэх долоо хоногоос буюу наймдугаар сарын 1-нээс насжилт дууссан микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.

Нийслэлийн хэмжээнд 214 микро автобус гэрээний дагуу тээврийн үйлчилгээнд явдаг байна.

Тэгвэл үүний 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ.

Тиймээс дээрх тооны микро автобусыг шугамаас шууд хасна гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа.

Харин насжилт дуусаагүй буюу шаардлага хангасан 40 микро автобусаар алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчлэх юм байна.

Насжилт нь дуусч, микро автобусаа хасуулсан аж ахуйн нэгж, иргэдийн хувьд шаардлагад нийцэх дунд оврын автобусыг оруулж ирэхээр гэрээ хийж эхэлжээ.

Эхний ээлжид БНХАУ-аас оруулж ирсэн 10 дунд оврын автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн байна.

Цаашид нэмж дунд оврын автобус оруулж ирэн, үйлчилгээнд нэвтрүүлэхээр гэрээ хэлэлцээ хийж байгааг албаныхан тодотголоо. Эдгээр автобусыг гэр хорооллын алслагдсан бүсэд явуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна микро автобусны үнэ тогтворгүй байгааг иргэд хэлж байна. дуртай үедээ аманд орсон үнэ ханшаар үйлчилдэг гэх гомдол тасралтгүй ирсээр байгаа билээ. Өмнө нь саппорогоос 21-р хороолол хүрэх хооронд 300төгрөгөөр үйлчилж байсан микро хэдхэн хоногийн өмнөөс үнэ ханшаа нэмж 500 болгосон байна. Үүнд иргэд бухимдалтай хандаж байгаа юм.

Иргэдийн санал гомдол,

- Баярын өмнөхөн 300 төгрөгөөр үйлчилдэг байсан ч өнөөдөр 500 төгрөг болсон байна. Ямар учраас ингэж үнэ ханшаа нэмж байгааг жолооч кондуктараас асуухаар өмнө нь ч мөн 500 төгрөгөөр үйлчилж байсан гэх юм. Миний хувьд байнгын саппоро таван шарын хооронд микронд суудаг өмнө нь 300 л байсан тэд харин үнэ ханшаа нэмж худалж ярьж байна. үүнийг хянаж зохицуулдаг газар байдаг бол хяналт тавих шаардлагатай байна.

- Микронд мөнгөө тааруулж өгөхгүй бол хариулт ч өгөхөө больсон байна. 1000 төгрөг өгвөл хариулт байхгүй. Хариултаа авъя гэхээр 1000 төгрөгөөр л явдаг, өмнө нь ч ийм байсан, микронд сууж үзээгүй юм уу? гэхчилэн хэл амаар доромжилж замын голд буулгаж байна. Үүнийг холбогдох байгууллага нь шалгаж өгвөл зохистой.

Энэ мэтчилэн гомдол ар араасаа ирсээр байгаа юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна