Болгоомжгүй үйлдлийн улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон иргэн Д.Юндэндоржтой ярилцлаа. Шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж байгаа мянга мянган иргэдийн төлөөлөл болох тэрбээр өөрийн хүсэлтээр шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
-Та ямар шалтгаанаар бидэнд хандах болсон бэ?
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үнэхээр их баярласан тул та бүхэнд хандаж байна. Би хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Нэг хүүхэд маань байнгын асаргаанд байдаг төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй.
Өндөр насны тэтгэвэрийн мөнгөөрөө гэр бүлээ тэжээн хэцүүхэн л амьдарч байна. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бол миний амьдралд хар толбо үлдээсэн хамгийн хар өдөр тохиосон юм. Хэрэг гардаг өдөр хүргэний эцэг аварга эмчээр шагнуулаад би нэг шил архи аваад гэрт нь очсон. Хохирогч танхайраад манай гэрийн эд хогшилыг хагалаад байсан тэгтэл эргэнэгийн давцан дээр хутга харагдахаар нь аваад урагш чиглүүлээд айлгах гэж байтал хохирогч над руу эрчиндээ дайраад л хутганд орсон.
Би үнэндээ хүргэн хүүгээ хутгалах гэж санаагүй. Хутга харуулж айлгах л гэсэн санаатай байсан юм. Миний хувьд болгоомжгүйгээр ч гэсэн хүний биед хүнд гэмтэл учруулсан болохоор сэтгэл зүй болоод бүхий л талаар гүн хямралд хэдэн сарыг өнгөрөөсөн. Тодорхой хугацаанд эрх чөлөөгөө хасуулж цагдан хоригдсон.
Хэрэг маань прокурорт хянагдаад шүүхийн шатанд ирсэн. Анхан шатны шүүхээр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял сонссон. Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь надад уг ялыг оногдуулахдаа хуульд зааснаас хөнгөрүүлж ял оногдуулсан. Гэсэн хэдий ч би Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан.
Ингээд давж заалдах шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйл болгон өөрчилж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн.
Миний амьдралын хүнд хэцүү байдал, миний хийсэн хэрэгтээ гэмшсэн, өндөр настай, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан зэрэг байдлуудыг минь харгалзан үзэж хорих ялыг тэнсэн харгалзсанд туйлын их баяртай байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг сонсоод хоолой зангирч нүдний нулимс бүрхээд л ирсэн. Төрийн хуулиа хүндэтгэж байна.
-Та өмнө нь шүүхээр хэрэг маргаан шийдүүлж байсан уу?
Ах нь урьд өмнө шүүх, цагдаагаар огт орж үзээгүй. Ямар нэгэн зөрчил гаргаж шийтгүүлж байгаагүй. Хүний биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт шалгагдаж байгаа хүн чинь шүүх дээр анх ирээд их л айж сандарч байсан. Сэтгэлийн түгшүүр зовиуртай шоронд орчихвол хүүхдүүд минь яах бол гэсэн айдастай шүүх дээр ирсэн. Би шүүх, энэ Тахарын хүмүүсийг их хатуу, хүйтэн харьцаатай гэж төсөөлдөг байлаа. Гэтэл шүүх дээр ирээд надад тийм зүйл, ямар нэгэн дарамт, шахалт огт мэдрэгдээгүй ээ. Харин ч хүнтэй хүн ёсоор харьцаад ирэхээр сэтгэл санааны айдас алга болчихдог юм билээ.
-Шүүхийн талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?
Миний хувьд шүүхийн шийдвэрт маш их баярлаж байна. Би хүний бие, эрүүл мэндийг болгоомжгүйгээр ч гэсэн хохироосондоо маш их харамсаж байгаа. Хэрэг маргааныг үнэн зөв нягтлан шийдвэрлэж өгсөн шүүхэд би маш их баярлаж байна. Телевиз радиогоор, хүн амьтнаас шүүхийн талаар таагүй, янз бүрийн буруу, зөрүү зүйлс урьд өмнө нь сонсож л байсан. Яг миний тухайд энэ хэргийн хувьд хүний биед санаандгүйгээр хүнд гэмтэл учруулсан болохыг шүүх үнэн мөнийг нь олоод шударгаар шийдвэрлэж өглөө. Монгол Улсын шүүх үнэхээр шударга, үнэн зөв шийдвэр гаргадаг юм байна гэдгийг хөгшин ах нь энэ биеэрээ мэдэрлээ.
-Энэ хэрэг таны амьдралд том сургамж болж үлдсэн нь мэдээж. Амьдралд тань яаж нөлөөлсөн бэ?
Архинаас болж ийм хэрэг хийчихлээ. Намайг шоронд ороод явсан бол хүүхдүүд маань хэцүү л байдалд орох байлаа. Хүн алхам тутамдаа л ухаантай, архины хөнөөлөөс хол байх ёстой гэж ухаарлаа. Болгоомж хаана ч илүүддэггүй гэдэг үгийг хүн насан туршдаа санаж явах ёстой юм байна.
-Танд ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл байна уу?
Би шүүхийн шийдвэрт маш их баярлаж байна. Төрийн минь сүлд өршөө гээд залбираад л сууж байна даа. Эрхэм шүүгч, шүүгчийн туслах, ер нь шүүхэд ажиллаж байгаа бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Дашрамд хэлэхэд өөрийн өмгөөлөгчдөө ч мөн адил маш их талархаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Н.ДАГИДАНДОРЖ
Сэтгэгдэл байхгүй байна