Дүрэлзэж буй Сибирь

2016/07/28

Өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн Улаанбаатар хот утаанд автав. Халуун зунаар бидний зөвшөөрөлгүй ирсэн тэр утаа хойд хөршөөс, тодруулбал Сибирийн зүгээс ирсэнийг дараа өдөр нь мэдсэн юм. Сибирьт чухам юу болоод байна вэ?

Яг долоо хоногийн өмнө АНУ-ын Далай тэнгис, агаар мандалын хүрээлэнгийн Сансарын гүнээс цаг агаарыг тандах EPIC төхөөрөмжид ОХУ-ын алс дорнодын Сибирь орчимд 1,5 сая км газар нутгийг хамарсан тунарсан их утааны зураг иржээ.

Зураг ирсэн даруйд хүрээлэн буй орчны төлөө тэмцдэг “Грийнпийс” төвийнхөнд илгээсэн бөгөөд утааны байдал зэргийг харгалзан түймэр гэж дүгнэсэн юм.

Судалгааны явцад уг түймэр нэлээд эртнээс асч эхэлсэн нь тогтоогдож, улмаар ОХУ-ын Засгийн газрыг нэн даруй арга хэмжээ аваагүй гэж буруутгав.  

“Түймэр эхлээд жижиг талбайг хамарч байсан. Харин ОХУ-ын төр үүнийг анхаарч үзээгүйгээс одоо хяналтаас гарчихаад байна. Бидний тооцооллоор яг одоо Сибирь орчмын 70 мянган км газар нутагт түймэр асч байгаа” гэж “Грийнпийс” хөдөлгөөний ОХУ дахь зохицуулагч Григорий Куксин ярьжээ.

Орон нутгийн гал сөнөөгчдийн мэдээллээс үзвэл түймэр зургадугаар сарын 28-ны өдөр эхэлжээ. Арктикийн Ямалын хойгоос эхэлсэн энэ түймэр одоо Ленагийн байгалийн цогцолборт газрын 30 км-ийн радиус, байгалийн дурсгалт газар, жуулчны бааз, онгон дагшин ой мод сүйтгээд байна. Хэргийн газарт орон нутгийн гал сөнөөгчид, сайн дурынхан, химийн үйлдвэрийн ажилчид нийлсэн 133 хүн ажиллаж байгаа ажээ.

“ОХУ-ын засгийн газар яагаад түймэр эхэлсэн өдрөөс эхлэн яаралтай арга хэмжээ авч чадсангүй вэ, түймэр хяналтаас гарчихаад байхад яагаад энэ талаар мэдээлэл өгөөгүй вэ гэдэг маш том асуулт хариултгүй үлдлээ” гэж Григорий Куксин ярьсан юм.

ОХУ-ын алс дорнодын хэсэг болон Сибирийн бүс нутагт түймрийн дэгдэлт харьцангуй өндөртэйд тооцогддог. Учир нь зуны улиралд тус бүс нутгийн цаг агаарын байдал хэт хуурайшиж, хур тунадас барагтай унадаггүйн улмаас гал түймрийн дэгдэлт өндөр байдаг аж.

Судалгаагаар тундр болон арктикийн бүс нутагт өдөрт дунджаар 15 шинэ түймэр тэмдэглэгддэг байна. Түймрийн голомт гэгдэх Ямалын хойгт 80 км газар нутаг түймрийн аюултай байгаа учраас онц байдал зарлажээ.

“Цаг агаарын нөхцөл байдал туйлийн хүнд байгаа учраас оршин суугчдыг бид гэрээсээ гарахгүй байхыг уриалсан. Гэхдээ энэ нь аюулаас бүрэн хамгаалж чадахгүй юм. Түймрээс шалтгаалсан утаа байдлыг улам хүндрүүлж байна” гэж Ямалын хойгийн Тазовскын тойргийн онц байдлын албаны мэргэжилтэн Борис Воловод ярьжээ.

Гал түймрийн голомтод саяхнаас ОХУ-ын Батлан хамгаалах яамны анги, нэгтгэлүүд, Онцгой байдлын хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ажиллаж эхэлжээ. Гэсэн хэдий ч "Грийнпийс" хөдөлгөөнийхөн болон ОХУ-ын иргэд Засгийн газраа эрчимтэй ажиллаж чадаагүй гэж үзсээр байна.

“Ирэх өдрүүдэд байдал улам хурцдах болно. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан түймрийн тархац улам нэмэгдсээр байна. Красноярск орчимд түймрийн аюул хүрээгээ тэллээ” гэж "Грийнпийс" хөдөлгөөний ОХУ дахь салбарын ой модны салбар хариуцсан зохицуулагч Алексей Ярошенко ярьжээ.

Сүүлийн жилүүдэд ОХУ тэр дундаа Алс дорнод болон Арктикийн бүс нутгуудад цаг уурын байдал эрс өөрчлөгдөж, огцом дулаарсаны улмаас гал түймрийн гаралт огцом нэмэгджээ.

Үүнтэй холбоотойгоор Олон улсын цаг уурын хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Грийнпийс” хөдөлгөөнийхөн яаралтай анхаарал хандуулан ажиллахыг ОХУ-ын Засгийн газарт хүргүүлээд байсан юм.

Жич: Орон нутгийн цагаар 7-р сарын 21-ний 15:00 цагаас эхлэн салхины эрч чангарсаны улмаас Камчатка орчмын Аянка, Слаутное тосгонд 2930 км газар нутгийг хамарсан их хэмжээний түймэр дэгдээд байна гэж Дэлхийн цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

Б.Болорсүх


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • би
    урьд нь орсууд түймэр тавьчхаад тоодоггүй байсан одоо л юм бодох болоо биз
    2016 оны 08 сарын 17
  • com
    Hurdan untraagaachee Ivan durakuudaa
    2016 оны 07 сарын 29
  • Зочин
    hotiin gal tuimer ch yahav oi heeriin
    2016 оны 07 сарын 28
Сонин хачин