• Эхлэл
  • Дөрвөн настай охины аминд хүрсэн Г.Маралмаад 23 жилийн ял оноов

Дөрвөн настай охины аминд хүрсэн Г.Маралмаад 23 жилийн ял оноов

2016/07/28

Өнгөрсөн оны өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-нд дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, зодуулсан шарх сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэгдэж нас барсан ноцтой хэрэг гарсан.

Уг хэрэгт талийгаач охины аав Т.Цогт, хойд ээж нь болох Г.Маралмаа нарыг буруутган шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг жил тойрон шалгаж, гурван шатны шүүхээр дамжсаны эцэст өчигдөр /2016.07.27/ дахин анхан шатны шүүхээр оров.

Өнгөрсөн онд болсон анхан шатны шүүхээс Т.Цогт, Г.Маралмаа нарт 22 жилийн ял оноож, давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн юм. Харин Улсын дээд шүүх мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард мөрдөн байцаалтад буцаасан. 

Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр тэднийг дахин шүүжээ.

Шүүх бүрэлдэхүүн Т.Цогтод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12,91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүн амины хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208. 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. 

Мөн охиноо тарчлаасан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэмээн үзсэн байна. Шүүгчид хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн Т.Цогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Маралмааг хүнийг онц харгис хэрцгий аргаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож 25 жилийн ял оноожээ. 

Ингэхдээ түүнийг өнгөрсөн наймдугаар сард батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хоёр жилийн ялыг өршөөн хэлтрүүлж, үлдсэн жилийг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн түүнийг 4.6 сая төгрөгийг талийгаач охины төрсөн ээж Б.Өнөржаргалд хохиролд нөхөн төлөх аж.

Энэ мэтчилэн бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байгаа ба гэр бүл салалт, дахин гэрлэлт зэрэг асуудал хүүхдийн эрхийг хөндөж амь насанд нь аюул учруулж байгаа юм. Манай улсад хүүхдийн эрхийн тухай ярих хэдий ч хийж хэрэгжүүлэх байдал, хүүхэд хамгаалах газар ховор тул ийн аюулд өртөж байна.

Ингээд ч зогсохгүй эцэг эхийн хараа хяналт муугаас болж өсвөр насныхан буруу зүйлд уруу татагдан газ үнэртэж мансуурах, амиа хорлохыг завдах гэх мэт үйлдлүүд гарсаар байгаа. Өчигдөр л гэхэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэхь Хангай хотхоны 502 тоот байрны 12 давхрын дээвэр дээрээс нэгэн эмэгтэй үсэрч, амиа хорлохыг завсан байна. Орон сууцны долдугаар хорооллын шинэ замын зүүн талд байрлалтай уг хотхоны дээврээс үсэрсэн эмэгтэйг Онцгой байдлын аврах ангийнхан авч явсан байна.

Энэ мэт үйлдэл нь өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал үзүүлэх ба аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдэж хэрэг юм.

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна