• Эхлэл
  • Улаанбаатар үерт автав

Улаанбаатар үерт автав

2016/07/29

Улаанбаатар хотын ихэнх хэсэг өчигдөр орой 20:00 цагийн орчимд орсон түр зуурын аадар борооны улмаас үерт автлаа.

Баянгол дүүргийн III, IV хороолол, Сүхбаатар дүүргийн 32-ын тойргоос цааш долоон буудал хүртэлх зам усаар дүүрэв. Энэ хавийн замд өндөрлөг хэсгээсээ чулуу ихээр урсаж орж ирсэн байсан.

Мөн Баянзүрх дүүрэгт "Чингис" зочид буудал, Бөхийн өргөө, Хан-Уул дүүрэгт Энхтайваны гүүр орчмын зам үерийн усанд автсан байна

ОБЕГ-ын шуурхай баг Баянзүрх дүүргийн Бөхийн өргөө, 84 сургуулийн урд талын зам дээр ажилласан ба үерийн ус хүний бэлхүүсээр татаж байв.

Ус цаг уурын хүрээлэнгээс 5 хоногийн нарийвчилсан мэдээг байнга гарган гарган цахим хуудсаараа дамжуулан мэдээлдэг. Иргэдийн ярьж буйгаар /2016.07.28/ бороотой гэсэн мэдээлэл байгаагүй гэлцэж байна. Өчигдөрийн түр зуурын борооны тухайд өмнөх хоногийн мэдээнд түр зуурын усархаг, дуу цахилгаантай бороо орно гэж мэдээлсэн хэмээн ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж буй. Хамгийн сүүлийн мэдээлэл /2016.07.28/ 15:00 цагт  16:00-22:00 цагийн хооронд түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэж мэдээ орсон аж.

 Хэдхэн хоногийн өмнө Баян-Өлгий аймаг үерт автаж айл өрхүүд орох оронгүй болсон ба ихээхэн хэмжээний хохирол учраад буй. Энэ мэтчилэн байгалийн гамшигт үзэгдэл гарч байгаа тул цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед жолооч, зорчигчид та бүхэн болгоомжтой зорчих, хурдаа тохируулж явах, цаг агаарын мэдээллийг тогтмол авч байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл байхгүй байна