Улаанбаатар хотноо Өмнөд Солонгосын И-март сүлжээ их дэлгүүр нээгдэн монголчууд дараалал үүсгэн шавааралдаж, бөөн сенсаци болсон. Хүмүүсийн сонирхлыг татсан энэхүү үйл явдал сошиал ертөнцөд ч мөн шуугиант сэдэв болоод байна. Энэ талаар Munkhbayar Ch-ийн бичсэн бичиглэлийг хүргэж байна.
И-март дэлгүүр нээгдэж, хүн сүргийн аймшиг ээлжит удаагаа давтагдав. Үнэ хямдрал, бэлэг хоёрт шунан улайрах олон бие биеэ дайрч, тэргээр түрж, хэрэлдэж зодолдож, хүүхдээ алдаж, төөрч, бие нь муудаж, кассчдыг харааж загнан уйлуулж, хүн бусаар туйлан түйвлээ. Хэдэн өдрийн галзуурлын ачааллыг даалгүй дэлгүүрийн цахилгааны системд аваар гарч, тоггүй болсон тул үйлчлүүлэгчдийг яаран сандран хөөж гаргаж, хаагдахад хүрчээ.
Ийм ачаалалтайгаар ажиллах боломжгүй гэж дэлгүүрийнхэн үнэнээ өчсөн. Гэвч хүмүүс дэлгүүр лүү ирж овоорон бөөгнөрч, бухимдаж, үймээн самуун ч гарч мэдэх байж. 8 сарын 10 хүртэл нээлтийн хямдралтай гэх.
Гэтэл тоггүй болсон нь зол байж. Удалгүй 30 минутын бороо орж, И-мартын эргэн тойронд ус машины хамрыг давж, хорь гучин жижиг тэрэг хөвжээ. И-мартын цонхыг үерийн бохир цохин хагалж, усанд автуулав. Хэрэв дотор үй олон хүн байсан бол юу болох байв? Нэг хэсэг нь уулгалан биесээ гишгэчин хаашаа ч хамаагүй орилон давхилдаж, нөгөө хэсэг нь эмх замбараагүй байдлыг далимдуулаад юу ч болоо билээ.
Үер усны энэ явдал дахин давтагдна гэж албаны хүмүүс хэлж байна. Энэ хавь нь усанд автамхай УБ-ын хамгийн эрсдэлтэй хэдэн газрын нэг гэнэ. Гэтэл эндхийн ус зайлуулах систем нь бөглөрч эвдэрсэн аж. 800-гийн хоолойг ядаж 1200-гаар солихгүй бол болохоо байлаа гэж олон жил түгшүүрийн харанга дэлдээд нэмэр болоогүй гэж ярьж байна. Сүүлийн үед Төв цэвэрлэх байгууламж борооны ус шүүгээд бас аваарт орох гэж байна гэнэ. Хэрэглээний ус цэвэршүүлэх чанар нь ч их муудаж байгаа гэв. Дурдаад байвал дуусахгүй. Монгол орон бүхэлдээ аваарын байдалтай байна.
Бусад сүлжээнийхэн бөө бөөлүүлж, хараал хийлгэсэн гэх яриа гараад байна, үнэн эсэхийг мэдэхгүй. Нэг хэсэг нь бороо хур ороод бэлгэ дэмбэрэлтэй юм болж байхад яагаад хөөрөн баясахгүй, асуудал бэрхшээл яриад байгаа юм гэж уурлах юм. Муу юм болбол сайн сайхан юм болчихсон аятай марзганаж арзганаад, инээлдэж ханиалдаад өнгөрдөг, муу юмыг сайн юм гэж яс чөмгөндөө тултал итгэдэг болчихсон, зөв юм хэлбэл солиортлоо уурлаж эсэргүүцдэг зомбинууд ч олон болж.
Хүн-давалгааны гамшиг, нүүрийг нь будахаас өвчнийг нь анагаадаггүй удирдлагын хорлолд сүйрч буй хот ... энэ бүхэн өнөөгийн Монголын эрүүл бус нийгмийн эмгэнэл. Энэ бүхнийг ойлгодоггүй юм уу, ойлгохгүй байгаа дүр эсгэдэг юм уу гэмээр гадаадынхан Монголд бүх юм сайн сайхан байгаа гэж мунхаглаад хохирдог нь олон улсын хэмжээний гамшиг.
Ч.Мөнхбаяр
Нэмэлт мэдээлэл:И-март өчигдөр ийн түр хаасан бөгөөд өнөөдөр ч хүмүүс гадна очиж, хэзээ онгойхыг лавлаж байгаа аж. Ажилтнуудын өгсөн мэдээллээр бол маргаашаас хэвийн ажиллаж эхлэх бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна
Ene muusain erh barigchid oorsdoo hagartlaa bayajij, and tumneesee hulgai hiiseer baigaad- ard niitiig iim l archaagui, yaduu, orovdmoor denduu bolgojee!!!!!