• Эхлэл
  • Т.Ганболд: Эрдэнэт 49 байтугай 100 хувь хувьд очих хэрэгтэй

Т.Ганболд: Эрдэнэт 49 байтугай 100 хувь хувьд очих хэрэгтэй

2016/07/30

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал, Монголын алт  үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой "Өдрийн сонин"-ы сурвалжлагч ярилцсан байна. Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Гадагш нь зарж доллар олдог уул уурхайн бүтээгдэхүүнээс ганц гэгээтэй нь алт л байна. Одоогоор хичнээн тонн алт олборлож байна?

-Он гараад долдугаар сарын байдлаар дотоодын компаниудын алтны олборлолт бараг есөн тоннд хүрч байна. Энэ жил 20 тонн алт олборлоно гэж Монголбанкнаас төлөвлөсөн. 20 тонн гэдэг бол ойролцоогоор 800 орчим сая ам.долларын валютын нөөцийг дотооддоо бүрдүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн жил 15 тонн хүргэж чадсан. Тааламжтай бас нэг зүйл бол алтны үнэ харьцангуй өндөр өсөлттэй байна. Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаагаас болж хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийн оронд алт руу мөнгө хийж байна гэсэн үг. Алтны үнэд нөлөөлдөг олон хүчин зүйлсээс энэ нь одоогоор илүү нөлөөлж байна.

-Шинэ засаг бараг бүрдчихлээ. Алтны салбар дажгүй хөгжиж, ам.долларын нөөц их хэмжээгээр бүрдүүлэхэд засаг юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна вэ?

-Өнгөрсөн гурван жил алтны санхүүжилт хийнэ гэж яриад асар удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн. Алтны салбарыг дэмжинэ гэж цаасан дээр бэлэн болгосон 256 тэрбум төгрөг байдаг юм. Ямарваа нэг зүйлд өгч байгаа нэмэгдэл төлбөр, хөлс биш л дээ. Тушаагдаж байгаа алтны төлбөрийн урьдчилгаа гэж ойлгож болно. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд алтаа бодитой тушааж ирсэн компаниудад энэ урьдчилгааг өгчихвөл үйлдвэрлэлийнхээ цар хүрээг өргөсгөн нэмэлт хайгуулуудаа хийж ингэснээр ирэх жилүүдэд алтны нийлүүлэлт өсөх эерэг хандлага үүсэх сайн талтай. Товчхондоо эрсдэл багатай санхүүжилт. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт нь цаг алдахгүй хийгдээд эхлэх процесс. Төгрөг өгөөд оронд нь алт авах харьцааг улам идэвхжүүлэх, нэмэгдүүлэх бодлоготой үйл ажиллагаа гэсэн үг. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжиж чадаагүй л байна.

Алтны салбарын компаниуд ярьсан хэлснээ хариуцлагатайгаар биелүүлээд явж байгаа. Алтны нийлүүлэлтийн тоо хэмжээ, байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай гэсэн нэр томьёоны хувьд бүрэн дүүрэн нийцэж ажиллаж байна.

-Алтны компаниудад сая ярьсан санхүүжилтийг шийдээд өгчихвөл олборлолт нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Бүрэн боломжтой. Ирэх жилээс манай улсын гадаад өр төлбөрийн эргэн төлөлт эхэлнэ. Тэгэхээр Монголын хувьд экспортын чиг хандлагатай, валют олж байгаа гол салбаруудаа түлхүү дэмжих ёстой. Валют олж байгаа тэргүүлэх шахуу салбар нь алт. Алтны салбарыг түлхүү дэмжвэл олон асуудлыг шийдэж чадна. Алтны санхүүжилт гэж яриад байгаа 256 тэрбум төгрөг эдийн засаг, төсвийн хувьд тийм ч том мөнгө биш. Алтны салбарын гүйцэтгэж байгаа үүргийн хажууд бүр бага мөнгө. 800 шахам сая ам.доллар нийлүүлж яваа газарт 100 гаруй сая ам.долларын л урьдчилсан төлбөр хийх гэж байгаа гэсэн үг.

Зүй нь 800 сая ам.доллар олж байгаа салбараа 400 сая ам.долларын санхүүжилтээр дэмжсэн ч уг нь болно. Өнгөрсөн гурван жилийн байдлаар бид жил бүр 13-15 тонн алт нийлүүлж чадлаа. Энэ жил 20 тонныг нийлүүлэх гэж зүтгэж байна. Чамлахаар тоо биш. Дахин хэлэхэд санхүүгээр дэмжвэл алтны нийлүүлэлт өснө.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авсан нь зөв, буруу гээд ид шуугьж байна. Бизнес эрхлэгчийн хувьд үүн дээр ямар байр суурьтай яваа бэ?

-“Эрдэнэт”-ийг бид сайн мэднэ. Олон жил Монголын эдийн засгийг чирч явсан ганц том үйлдвэр. Социализмын хамгийн том бүтээн байгуулалт. Өнгөрсөн 26 жилд ч гэсэн улсын эдийн засаг дахь үүрэг нь нэгдүгээрт байсан. Гэхдээ “Эрдэнэт” 49 хувь байтугай 100 хувь хувьд очих ёстой.

-Яагаад 100 хувь хувьд очих ёстой гэж?

-Хүн бүр өөр өөрөөр харж, хандаж байгаа байх. Бид асуудалд бодитой хандаж амьдралыг ил тодоор харвал өнөөдөр улс орны маань нийгэм эдийн засаг сонгуулийн буюу дөрвөн жилийн циклээр өрнөдөг. Аль нэг нам ялдаг. Амьдрал дээр бүтээн байгуулалт, эрсдэл, юм юмыг хийж чадаагүй дийлэнх олонхи нь улс төрөөр дамжиж, татвар төлөгчдийн хуримтлуулсан төсвийн гэх хөрөнгөн дээр туршилт хийж, гараа угааж, тансаглаж, хувийн амьдралаа ахиулж амьдарч ирсэн. Энэ бол бодит үнэн. Үүний хамгийн том золиос, хамгийн том зовлонг нь үүрч явсан газар бол “Эрдэнэт” үйлдвэр. “Эрдэнэт” үйлдвэр маш өндөр ашигтай, асар их үр өгөөжтэй ажиллах бүрэн боломж ганц л тохиолдолд үүснэ. Тодруулж хэлбэл, хувьд 100 хувь очиж байж ийм боломж нээгдэнэ. Нийгэмд өнгөц бужигнаан яваад байна л даа. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилчихлаа гэсэн бужигнаан. Зүй нь бол гэрэл гэгээ рүү ойртож байгаа алхам. Идэж уудаг, шахаа хийдэг, шамшигдуулдаг, хоноцын сэтгэлээр, улс төрийн дөрвөн жилийн циклээр амьдардаг, томилогддог дарга нар, улстөрчдийг хоолноос нь салгах гэхээр тэд өөрсдөө нийгэмд бужигнаан үүсгэж байгаа хэрэг. Мэдлэг, мэдээлэл муутай ард түмнийг турхирч байгаа л явдал шүү дээ. Ингэсний оронд ирээдүйгээ харж үр хүүхдүүддээ зөв тогтолцоо, зөв эдийн засаг, эрүүл орчин, зах зээлийг үлдээхийн төлөө энэ мэт алхмуудыг зоригтой хийж, ард нь гарах ёстой.

-МАН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэт”-ийг 100 хувь төр аваад яахаа шийднэ гэх маягийн мэдэгдлүүд хийгээд эхэлчихсэн. Таны яриагаар бол төр өөрт байгаа 51 хувиа ч хувьчилж байж “Эрдэнэт”-эд илүү өндөр ашигтай ажиллах боломж нээгдэх нь ээ?

-Тэгнэ. Төрд нэг гажиг тогтолцоо бий болчихсон. Төр гэдэг бол асар том давуу эрхтэй, асар том хоноцын сэтгэлтэй, өлсгөлөн улстөрчдийн асар том компани. Тэгээд аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлддөг. Аж ахуйн нэгжүүдтэйгээ давуу эрхээр, түрэмгий нөхцөлөөр, хууль хяналтын байгууллагаараа зэвсэг хийж өрсөлддөг учраас манай эдийн засаг сул дорой байгаа юм.

Ийм нөхцөлийг тулгаад байхаар зүгээр ажлаа хийж яваа бизнесүүд улс төр рүү орж эхэлж байна. Энэ бүх дарамтыг тэсч дийлэхээ болиод төр рүү орж байгаа гэсэн үг. Хүн тэжээж, хөдөлмөрлөж, эрсдэл хийж, бүтээн байгуулж үзээгүй дийлэнх олонхи нь төрд очиж, хэнхэглэж, худлаа ярьж, мэдэмхийрч улс орныг доройтуулж ирлээ л дээ.

-Бизнесийнхэн яг ийм шалтгаанаар төрд орж, эрүүл зөв нөлөөлөл үзүүлэх нь дээ гэсэн олзуурхал ХҮН намыг анх байгуулагдахад төрж байсан. Гэтэл сүүлдээ өөрөө өөрсдийгөө булшилчихав уу даа гэж дүгнэхээр үйл явдал өрнөсөн. Сонгуулиас өмнө яагаад ингэв гэж асуумаар байна...?

-Биенээ огт танихгүй, ондоо хүмүүжил орчинд өсч хүмүүжиж боловсорсон улс хэдхэн сарын дотор мундаг итгэлцэл үүсгээд гар гараа барилцаад явах нь хэцүү, боломжгүй шахуу зүйл. Хүмүүс хоорондын үзэл бодол, асуудалд хандаж байгаа хандлага бүхэн маргаан үүсгэнэ.

Тэр дундаа бид монгол хүмүүс. Хятадууд нам байгуулж байгаа биш, монголчууд учраас зодолдоно, муудалдцана. Нөгөө талаасаа өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал бидэнд туршлага, сургууль болсон.

Нийгэмд эерэг давалгаа үүссэн. Бидэнд боломж гарсан нь үнэн. Том намууд судалгаа хийж үзээд бидний энэ боломжоос айсан.

Айсандаа сонгуулийн системийг нийлж байгаад өөрчилсөн. Үүнээс болж нэг нь үнэмлэхүй ялсан. Холимог системээр өрсөлдсөн бол МАН, АН УИХ-д тус бүр 30-35 суудал авах байсан. Бид 5-10 суудал авах байсан. Ийм боломж харагдаж байсан учраас бид оролдсон. Түүнээс биш нэг компани, нэг хувь хүн улс төрийн бүхэл бүтэн байгууллагыг бүрэн дүүрэн санхүүжүүлээд, нэг нь 26 жил, нөгөө нь 90 гаруй жил болчихсон намын дэд бүтэц, боловсон хүчин, санхүүтэй өрсөлдөнө гэдэг боломжгүй. Холимог системд найдаж, нөгөө талаас өөрсдийнхөө идэвх зүтгэл, эрмэлзлээр чадалтай нь тав, гурван цаасаа нийлүүлж нийгэмд, улс төрд шинэ уур амьсгал оруулъя гэж мөрөөдөж зүтгэсэн хэрэг. Сонгуулийн систем өөрчилснөөр энэ мөрөөдөл талаар болсон. Мэдээж өмнө хэлсэнчлэн сайн танихгүй мэдэхгүй, биедээ итгэж, ойлголцож чадаагүй гэсэн жижиг шалтгаан бас бий.

Гэхдээ шантраад бууж өгсөн юм байхгүй. Цаашдаа эрчтэй ажиллаад явна гэсэн бодолтой байгаа. 2020 онд бодитой амжилт гаргана.

-Засгийн газрын ихэнх сайд ажилдаа орчихлоо. Сайдад нэр дэвшсэн дөрвөн хүний нэрийг түдгэлзүүлээд байна. Засаг тойрсон асуудал дээр таны байр суурийг сонсъё?

-Иргэн хүний хувьд улс төрийн томилгоонуудыг анхааралтай ажиглаж байна. Зүй нь хамгийн эхэнд дэмжигдэх ёстой нь бол нэрийг нь түдгэлзүүлсэн дөрвөн сайд. Барилга барьдаг хүүхэн л гэж байна. Энэ хүн өөрийнхөө эрсдэл, өөрийнхөө амьдралаар Засгийн газарт орох дипломынхоо ажлыг хийгээд үзүүлчихсэн. Би тэр хүнийг танихгүй. Нэрийг нь түдгэлзүүлсэн дөрвөн хүн бол салбар салбартаа өөрсдийнхөө бодит үзүүлэлт болон бодит үйлдлээрээ юу хийж чаддагаа үзүүлж танигдсан хүмүүс. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгөөр төрд очиж “суралцах”, мөнгө олох гэж байгаа хүмүүс биш гэж бодож байна. Харин ч их илүү дэвшил хөгжлийг тухайн салбарт хийх байх. Зарим хүмүүсийн эсэргүүцлийг хараад байх нь ээ ерөөсөө л монгол хүний араншин гарч ирж байна. Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас монгол хүн авлаа гэхээр уурлаж байгаа биз. Үүнийг би амьдралаараа туулсан. “Алтан Дорнод” гэдэг компанийг Оросоос аваад ирэхэд намайг тосч аваад шоронд хийж байсан. Монгол хүний нэг онцлог бий. Бүгд дорой муу ядуу байвал баярладаг. Нэг нь амжилттай явахаар уурладаг, булаах гэдэг улмаар маш их шүүмжилдэг.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин