Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй уулзжээ.
Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм байна.
Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал “Авлигатай амжилттай тэмцэж байгаа улс орнуудын туршлагыг харахад олон нийтийн оролцоо, хяналтын хүчээр үр дүнтэй ажиллаж, амжилтад хүрсэн байдаг.
Тиймээс авлигатай тэмцэх ажил бол зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш бөгөөд энэ нь бүх нийтийн оролцоо, хяналт, үйлс байх ёстой. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх ажлыг олон нийтийн хяналтад өгье” гэв.
Энэ үеэр ч олон нийтийн зөвлөлийн гишүүд авлигатай тэмцэх ажилд олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр саналаа илэрхийлжээ. Тухайлбал, Олон нийтийн зөвлөлийн гишүүн, “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав “Соён гэгээрүүлэх ажлын үндсийг өөрчлөх шаардлагатай. Авлигын хүндийн төв өөр тийшээ шилжээд байгааг харгалзах ёстой. Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох замаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь зөв.
Төрийн байгууллагаас гаргасан шийдвэр бүхэн гармагцаа ил тод болдог байх, ингэснээрээ шууд олон нийтийн хяналтад очдог байх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь авлигатай шууд холбоогүй ч олон нийтийн механизм үйлчилж байгаа тул маш том хяналт болж чадна. Мониторингийн тогтолцоо бий болгох, өөрөөр хэлбэл төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр бүрийг гармагц нь шууд ил тод болгодог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна