СХД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа "Тольт" сургуулийн спорт заалны барилгын асуудлаар сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөл хамтран өнөөдөр /2016.08.01/ мэдээлэл хийлээ.
Ямар асуудал үүсээд байгаа талаар "Тольт" сургуулийн захирал Д.Жаргалсайхан "Манай сургуулийн спорт заалны барилга нь хууль ёсны бүх зөвшөөрөлтэй болох талаар бодит мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр багш ажилчид, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийж байна.
“Тольт” сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн А/562 тоот захирамжаар эзэмшиж буй 1,660 м.кв газарт 24м х 15м хэмжээтэй сургуулийн спорт заалны барилга барихаар төлөвлөж, архитектур төлөвлөлтийн даалгавар авч, даалгаврын дагуу эскиз зургаа батлуулан, барилгын ажлын зураг боловсруулж, улсын экспертизээр баталгаажуулан,барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг төрийн эрх бүхий байгууллагуудаас бүрэн авсан.
Бид 2010 оноос эхлэн сургуулийн спорт заалтай болох зорилго тавьж, өнөөг хүртэлх зургаан жилийн хугацаанд эцэг эх, сурагч, төгсөгчдийнхөө хүсэлт хүчин чармайлтаар энэ ажлын ард гарч 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр барилгын ажлаа эхлүүлээд байна.
Манай спорт заалны барилга нь холбогдох бүх зөвшөөрөлтэйн дээр 34 А, Б байрны эзэмшил газартай ямар нэг байдлаар давхцаагүй бөгөөд гадаа тапбайн хүүхдийн тоглоом, СӨХ-ийн эд хөрөнгийг буулган барилга бариагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Манай сургуулиас 34А, Б байрны Наран-Оргил СӨХ-ийн Удирдах зөвлөлтэй хамтран хүүхдийн тоглоомын талбайг нэмэлт тоноглолоор тохижуулах, сургуулийн хашааны гадуур иргэдэд явган хүний зам гаргаж өгөх, спорт заалаа эдгээр байрны хүүхэд залуучууд, иргэдэд хичээлийн бус цагаар ашиглуулж байх талаар харилцан ярилцаж зөвшилцөлд хүрсэн зүйлүүд бас байгаа" гэв.
Мөн энэ үеэр эцэг эхийн төлөөллүүдийн ярьж буйгаар тус сургууль нь биеийн тамирын заалаа хүлээсээр 300 гаруй хүүхдүүд төгссөн ба дахин шинээр хүүхдүүд 1-р ангид элсэн орж мөн л биеийн тамирын заалаа хүлээсээр одоо зарим нь дунд ангиа төгсөж байгаа тухай ярьлаа.
Сэтгэгдэл байхгүй байна