• Эхлэл
  • “Аймшиг”-ийн цагаан эрвээхэйний нүүдэл

“Аймшиг”-ийн цагаан эрвээхэйний нүүдэл

2016/08/03

“Аймаар” зүйлүүдээс тэр бүр айдаггүй зарим хүнийг хүр эрвээхэй хэмээх аймаар амьтсын нүүдэл айлгаж эхлээд байгаа бололтой. Энэ долоо хоногийн эхнээс зуслангийн айлууд орчимд, хөдөөгүүр хүр хорхойн эрвээхэй гэж манайхан нэрлэдэг “аятайн” бус эрвээхэйн нүүдэл бүрхэж эхлээд байна гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Харахад базаахгүй төрхтэй цагаан эрвээхэй олноороо сүрэглэх нь шавьж, эрвээхэйнээс тэр бүр айдаггүй хүний ч эвгүйцүүлэм. Жил бүр биш ч үе үе нийслэлээр хүр хорхойн, царцааны гэх мэт  нүүдэл нэрвэдэг. Гэхдээ өнгөрсөн жилийн хувьд л гэхэд “азаар” ийм шавьжны нүүдэл таараагүй. Үүнийг нийслэлчүүд биологийн төрөл зүйлийн нэршлээс болоод ч юм уу Сибириэс хүр хорхойн нүүдэл ирлээ гэж тааварласан. Тэгвэл мэргэжлийн хүмүүсийн яриагаар энэхүү хүр хорхойн эрвээхэйний дайрлага Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гаралтай болж таарч байна. Учир нь орон нутгийнхны яриагаар бол хүр хорхойн “голомт”-той энэ нутгуудад энэ жил устгал, ариутгал огт хийгдээгүй байна.

Улсын  хэмжээнд явуулсан судалгаагаар 15 аймгийн 85 сумын 760 мянган га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгаа бөгөөд 75 сумын 560 мянган га талбайд зайлшгүй тэмцэл явуулах шаардлагатай байгаа аж.

Энэ 560 мянган га талбайн 50-60 хувь нь дээр дурдсан цагаан эрвээхэй буюу өрөөсгөл хүр эрвээхэй эзэлж байна. Иймд Төв аймгийн Батсүмбэр, Булганы Тэшигт эрвээхэйг устгах ажил хийнэ гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Нийслэл Улаанбаатар хоттой хамгийн  ойрхон байгаа голомт нь Төв аймгийн Батсүмбэр, түүний нийслэлийн ногоон бүстэй залгадаг хэсэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум Хонин нуга, Түнхэл тосгоны ой сав газруудаар тархалттай байгаа аж.

Ерөнхийдөө нийслэлчүүдийн хувьд иймэрхүү нүүдэл хэдхэн хоног үргэлжилдэг гэж найддаг. Тэгвэл Ойн судалгаа, хөгжлийн төв, Ой хамгаалал үржүүлэг нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзоригын хэлснээр хүр эрвээхэйн нислэг биологийн мөчлөгөөр дөнгөж эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд оргил үе  нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ.

Цагаан эрвээхэй даавуун эдлэл, ногоон ургамлыг идэж гэмтээдэг гэдэг. Тиймээс эрвээхэйнээс сэрэмжлэх зөвлөгөөг хүмүүс ярьж байна. Сошиал ертөнцөөр бол хашаа, зусландаа адууны хомоолоор утаа тавих, хувцас эд хэрэгсэлдээ саван тавих гэх мэт зөвлөгөө явж байна. Учир нь цагаан эрвээхэй савангийн үнэрээс дайждаг юм байна. Харин мэргэжлийн хүний зөвлөснөөр бол эрвээхэй авгалдай байх хугацаандаа мод, ургамалд хөнөөлтэй, харин эрвээхэй болсныхоо дараа модонд хөнөөл учруулахгүй, харин хүнд амьсгалын замын харшил үзүүлэх магадлалтай гэлээ.

Эрвээхэйн гол онцлог нь гэрэлд дурладаг учраас шөнө хот руу орж ирдэг гэнэ. Хүр эрвээхэй нэг жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт их олширвол маш хөнөөлтэй шавьж аж.

Ингээд мэргэжлийн байгууллагаас иргэд гэр, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг боломжоороо утсгахыг зөвлөсөн байна.

Үүнд:

-Үл үзэгдэх тоосонцороос хамгаалах ажлын бээлий, амны хаалт хэрэглэж, ажлын хувцас өмсөх бөгөөд эрвээхэйг уут, шуудайнд хийж газрын гадаргаас 20-30 см доош булах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

 Дашрамд сануулахад, шавьж, тоосонцрын харшилтай хүмүүс аль болох эрвээхэйнээс хол байх нь зүйтэй болов уу.

А.Ану

 


Сэтгэгдэл байхгүй байна