Ерөнхий сайд өнөөдөр гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайдуудтай уулзав.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Японы хоорондын олон жилийн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урьд өмнөхөөс илүү нэмэгдүүлэхэд манай Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Элчин сайд Т.Шимизү, манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагаа улс төрийн харилцааны төвшинд хүртэл хөгжөөгүй байна гэлээ. Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэн, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаагаа бодитоор нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн тэрээр Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгохыг анхаарахыг хүсэв. Тухайлбал, Хөшигийн хөндийд барьж байгаа шинэ нисэх онгоцны буудлын менежментийн асуудлыг хурдан шийдэхэд анхаарлаа хандуулахыг Ерөнхий сайдаас хүслээ.
Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дагаад давхар татварын хэлэлцээр байгуулах асуудлыг шийдэх шаардлагатай байгааг дурдлаа. Монгол Улсын Засгийн газар аль болох урт хугацааны, тогтвортой үргэлжлэх эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтад илүү анхаарч, энэ чиглэлээр Япон улстай хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.
Уулзалтын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Япон Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улс нь Канад Улсаас газар зүйн хувьд алс хол оршдог ч Монгол Улсын гадаад бодлогод онцгой байр суурь эзэлдэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг тэмдэглэлээ.
Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, дэд бүтэц зэрэг салбарт арвин туршлагатай Канадын техник, технологи, ноу-хау, бизнесийн соёлыг оруулж ирэхийг хүсч байгаагаа Ерөнхий сайд хэлэв.
Монгол Улс нь Канадын хувьд Зүүн Хойд Ази дахь чухал түнш гэдгийг Элчин сайд Эд Жэйгэр тэмдэглээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцоллоо. Тухайлбал, Канад Улс нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдаж байгаа 4,1 тэрбум ам.долларын 20 хувийг гаргахаас гадна Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдлаа.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглэв. Тухайлбал, Канадын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы ирэх сард Монгол Улсад хийх албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлал нь хоёр талын хооронд байгуулагдахаар яригдаж буй “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх баримт бичгүүдийг эцэслэхэд чухал түлхэц болно гэж Ерөнхий сайд онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Мурат Карагөз Монгол, Туркийн хооронд түүхийн өнө эртний харилцаатайг онцолж байв.
Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт үр бүтээлтэй өргөжин хөгжиж байгааг дурдлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм.
Түүнчлэн Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хорооны ээлжит хуралдааныг ойрын хугацаанд Улаанбаатар хотгоо зохион байгуулахад анхаарна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад 900 гаруй оюутан суралцдаг бөгөөд 300 орчим нь Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг юм. Монголын залуучуудыг өндөр боловсрол эзэмшихэд Туркийн Засгийн газраас дэмжиж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархаж буйгаа илэрхийллээ. Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Туркийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад 450 гаруй төсөл, хөтөлбөрийн хүрээнд 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлээд байгааг энэ үеэр Элчин сайд Мурат Карагөз дурдлаа.
Сэтгэгдэл байхгүй байна