Иргэний нисэхийн салбар нь өнөөдрөөс эхлэн шинэ хиймэл дагуулын холбооны сүлжээг бүрэн ашиглалтад орууллаа.
Иргэний нисэхийн ерөнхий газар нь 1999 оноос эхлэн Хиймэл дагуулын холбооны Висат системийг ашиглаж ирсэн туршлагатай юм. Үүндээ үндэслэн тус газрын харьяа Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны инженерүүдээс бүрдсэн баг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв болон алсын 28 газрын станцуудад иж бүрэн техникийн шинэчлэл болон тохиргуулгыг хийж шинэ хиймэл дагуул руу холболоо.
Ингэхдээ хиймэл дагуулын хамрах хүрээ буюу зурвасыг өргөтгөж агаарын хөлөгтэй холбоо тасалдах эрсдлийг эрс бууруулж, нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах боломжийг бүрдүүллээ.
Зурвасыг нэмэгдүүлэх болон техникийн шинэчилэлт хийхдээ хиймэл дагуулын түрээсийн сувагт төлөх нэмэлт зардал гаргахгүйгээр зохион байгуулж чадсан нь байгууллага болон улсад ихээхэн хэмжээний хэмнэлт гаргаж чадсан байна.
Шинэ хиймэл дагуулын тохиргоог хийх үеэр нислэгийн хөдөлгөөний удирдагын холбоог нөөц газрын шилэн кабель ашиглажээ. Ингэхдээ Юнителком, Мобиком ХХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” хувьцаат компанитай хамтарч техник үйлчилгээ, засварыг давхцуулахгүйгээр гэмтэл гарсан үед шуурхай засварлан ажиллаж, нислэгийн хөдөлгөөний удирдлагын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан байна.
Сэтгэгдэл байхгүй байна