• Эхлэл
  • Монгол БНХАУ-ын сэтгүүлчдийн форум Чингис хаан хотод боллоо

Монгол БНХАУ-ын сэтгүүлчдийн форум Чингис хаан хотод боллоо

2016/08/22

Монгол Хятадын сэтгүүлчдийн 7-р форум энэ наймдугаар сарын 19-21-нд Хэнтий аймгийн төв Чингис хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэхүү форумыг БНХАУ, Монгол Улс жил, жилдээ өөрийнхөө нутагт зохион байгуулдаг. Монгол Улсад зохион байгуулж байгаа энэ удаагийн форумыг яалт ч үгүй Их хааны төрсөн нутаг Хэнтий аймагт зохион байгуулах нь зөв шийдэл байсан. Улс орнуудын харилцаа хамтын ажиллагааны хэв маяг, хандлагаас эхэлдэгчлэн БНХАУ-гийн мэргэжил нэгт нөхдийн хувьд эзэн Чингис хааны нутагт энэхүү форумыг зохион багйуулсан нь таатай байлаа гэсэн сэтгэгдлийг илэрхийлсэн юм.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд болж буй энэхүү форумд хоёр талын 90 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэ удаагийн форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлуудыг хөндсөн  болон хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн чиглэлийн 14 илтгэлийг тавилаа.

Форумд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан болон Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ны ӨМӨЗО-ын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Мөн форумын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж, амжилт хүслээ. Форумын үеэр олон чухал асуудлууд хөндөн ярилцан амжилттай өндөрлөв. Дараа жилийн “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VIII форум”-ыг Хятад улсад болно.

А.Туяа

 


Сэтгэгдэл байхгүй байна