• Эхлэл
  • Гадаадын хөрөнгө оруулалтын гайхамшиг гэж одоохондоо байхгүй

Гадаадын хөрөнгө оруулалтын гайхамшиг гэж одоохондоо байхгүй

2016/09/28

Нийтлэлч Нирунзу-гийн шинэ нийтлэлийг хүргэж байна.

Манайхан ч гэсэн олон жилийн турш япончууд чухам яагаад Монголд хөрөнгө оруулдаггүй тухайд гайхширч байгаа дүр зураг олонтаа харагддаг юм

Миний бие олон жилийн турш орчуулга хийх явцдаа Японы томоохон хэмжээний хөрөнгө оруулагчдын орчуулагчаар ажиллах явдал нэг бус удаа тохиож байсан билээ.

Хэдийгээр орчуулгын ажлын нууцыг чанд хадгалах нь миний ажлын үүрэг боловч олонд илэрхий ерөнхий дүгнэлтийн тухайд бол ярих боломжтой юм гэж үзэж байна. Товчхондоо бол уул уурхай биш масс үйлдвэрлэл, дэлхийн тавцанд гарах томоохон хэмжээний аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгө оруулалтын бололцооны тухай судалгааны ажил нь зөвхөн ажлын үүргээс гадна эх орныхоо ирээдүйн хувь заяанд санаа зовогч хувь хүнийхээ хувьд маш ихээр сонирхож, үлэмж ихээр анхаарлаа төвлөрүүлж байсан болно.

Энэ бүх судалгаа тооцооны эцсийн үр дүн нь ерөнхийдөө адилхан бөгөөд үндсэн гурван хүчин зүйл буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эдийн засгийн бүх тооцоо ашиггүй гарч байдаг юм. Үүнд:

  1. Мэдээж далайн боомтоос хол эх газрын гүнд оршдог тул түүхий эдийг татаж авчрах болон үйлдвэрлсэн бүтээгдхүүнээ буцааж гаргахад тээврийн зардал өндөр тул үнийн хувьд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй болно.

  2. Ганцхан төмөр замтай тул мөн л их хэмжээний бараа материалыг тээвэрлэх даац хүрэлцэхгүй. Бас эрсдлийн хувь хэмжээ хэтэрхий өндөр.

  3. Ажиллах хүчин хүрэлцээгүй. Товчхондоо үйлдвэрийн ачаалал даах хөдөлмөрийн насны хүний тоо цөөн, дээрээс нь хэрэгцээтэй мэргэжилтэн бараг байхгүйтэй адил.

Энд бид дэлхийн зах зээл дээр гарах том тоглоомын тухай ярьж байгааг та бүхэн төсөөлж байгаа байх аа гэж найдаж байна.

Мега төсөл гэж ярьдаг жинхэнэ оригиналь төслүүдийн талаар яригдаж байгаа юм. Нөгөө Тавантолгой биш шүү.

Сонирхуулахад жишээ нь нэг ийм хувилбар байдаг юм.

“Киотогийн гэрээ” гэж байдаг ба үүгээр бол их гүрнүүд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ агаар мандлыг ихээр бохирдуулж дэлхийн дулааралд нөлөөлсөн тул хүлээх хариуцлагын тухай юм.

Энэ гэрээний дагуу бол зайлшгүй хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ялгарах хорт бодисын хэмжээг бууруулсан тохиолдолд тэрхүү хэмнэсэн цэвэр агаарын тоо хэмжээг өндөр үнээр үнэлж мөнгөн төлбөр төлөх явдал юм.

Одоо “Мега”-даа орцгоое.

  1. Монголоос нефть гарж байна. Манайд одоо 1 сая бареллаас дээшээ гарч байгаа бөгөөд энэ тохиолдолд нефть боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих бололцоотой.

  2. Боловсруулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн маш олон, шатахуун, түлш, тос, тослох материалаас гадна химийн үйлдвэрийн үндсэн түүхий эдийг бэлтгэнэ.

  3. Химийн үйлдвэрийн цогцолбор барина.  Энд олон тооны үйлдвэрүүд багтах бөгөөд гялгар уутнаас аваад барби хүүхэлдэй, ялааны хорноос авахуулаад Шанель үнэртэй ус, автомашины гуперээс авахуулаад сансрын пуужингийн эд анги хүртэлх олон төрлийн бүтээгдхүүний зөвхөн түүхий эдийг гаргаж авч болно. Энэ материалуудыг экспортод гаргахаас гадна манайд одоо үгүйлээд байгаа ЖДҮ-г хөгжүүлэх үндсэн суурь бааз болно

  4. Малын амьсгалаас бусдыг ашиглана гэсэн монгол үг байдагтай адилхан нефтиэс шавхаж авж болох бүх юмаа авсны дараа “шаар” гэж нэг хог үлдэнэ.

  5. Хамгийн сүүлчийн дамжлага дээр  цементийн үйлдвэрүүд ажиллаж эхэлнэ. Нефтийн шаараас гаргаж авсан цемент нь маш өндөр стандартын чанартай ба дэлхийн зах зээл дээр сайн зарагддаг бүтээгдхүүн юм. Хамгийн гол энэ үйлдвэрлэлийн явцад СО2 биш НО2 ялгардаг юм байна.

  6. Эндээс “Киотогийн гэрээ” үйлчилж эхэлнэ. 1 тонн цемент үйлдвэрлэхэд ялгарах ёстой байсан СО2-ыг хэмнэсэн тоогоор нь доллар төлнө. Хэдий хэр доллар төлөх вэ гэдэг сонирхолтой асуултад мөн сонирхолтойгоор хариулахад бүх дэлхийн зах зээл хямралд ороод бидний үйлдвэрлсэн бүх бүтээгдэхүүн ашиггүй зарагдлаа, бүр агуулахад хураагдлаа гэхэд Зөвхөн Киотогийн гэрээний болзлын дагуу их гүрнүүдээс авсан нөхөн төлбөрийн мөнгөөр энэ том аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгө оруулалтаа жишээлбэл 100 жилийн дотор эргүүлэн нөхөж авах боломжтой юм.

  7. Одоо экологи..., цементийн үйлдвэрээс ялгарсан усыг эргүүлэн нөгөө химийн үйлдвэрүүддээ ашиглана. Ингэснээр ямар их далайцтай ашиг тустай болохыг бодоод үзэхэд л ойлгомжтой байхаа.

За одоо та бүхэн Мега төсөл гэж ямаршуу өргөн далайцтай ажил болох, өндөр технологи, гадаадын хөрөнгө оруулалт гэж ямар байх ёстой талаар тодорхой төсөөлөл авсан байх. Баримжаагаар тоймлож ярихад зөвхөн энэ төсөл далайцаараа  манай Эрдэнэт, Дархан хот шиг арваад хотын хэмжээний аж үйлдвэрийн цогцолборууд ажиллах ба зөвхөн химийн боловсруулах үйлдвэрийн бүтээгдхүүний экспорт л гэхэд одоогийн бидгий мөрөөдөөд байгаа жинхэнэ экспорт шүү дээ.

Дээр нь үнэгүй шахам бензин түлшээ, огт үнэгүйгээр барахгүй нэмж доллар авч ирдэг, тэгээд бас дотооддоо илүүдээд экспортод гарж нэмж мөнгө болдог цементээ яахав?

Үүнээс гадна бас нэгэн төсөл байдаг нь хүрэн нүүрсийг нэрж шингэрүүрсэн хий гаргаж авах тухай бөгөөд цаашаа үргэлжлээд химийн үйлдвэр хүртэл өргөжнө. Үүнийг мөн л манай нефтийн төсөлтэй паралелиэр хөгжүүлэх бүрэн бололцоотой үр ашиг нь ч ойролцоо маш өндөр хүртээмжтэй төсөл юм. Яагаад гэвэл хүрэн нүүрсний дэлхийд алдартай нөөц бүхий хоёр ч том бассейн манайд ашиглалтгүй хэвтэж байдаг юм.

        Харин манай томчуудын яриад байгаа мега төсөл, өндөр технологи, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол зөвхөн өндөр үнэтэй шинэ технологийн элэгдэшгүй  титан шанагаар зэвсэглэсэн эксковатор авчирч бидний баялгийг том шанагаар утган авч том машинаар асар хурдтайгаар зөөж гаргах тухай л ярьж байгаа нь үнэхээр бидний тархийг угааж, өрийг маань зүсч байгаа хэрэг мөн.

        Харамсалтай нь, энэ өгүүллийн хамгийн эхэнд дурдсан гурван том давагдашгүй хүчин зүйлийн улмаас бид одоохондоо ийм жинхэнэ мега төсөл, жинхэнэ гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологийг оруулж ирэх боломжгүй байгаа тул одоохондоо хэн ч сонирхохгүй байж магадгүй.

        Гэхдээ энэ боломж байгаа гэдгийг бид олж харснаараа ирээдүйд энэ гурван давагдашгүй хүчин зүйлийг давж гарах ёстой.

        Үүнд:

  1. Гадаад харилцааныхаа бодлогыг зохистойгоор үргэлжлүүлэн дэвшүүлж Орос, Хятад, Хойд Солонгос улсуудын далайн олон боомтуудтай хямд үнээр, ашигтай нөхцөлөөр холбогдох.

  2. Аж үйлдвэрийн районуудаа зөв тодорхойлон газар байршлуудыг олгож зөв зохион байгуулалт бүхий төмөр замын оновчтой сүлжээг бий болгох.

  3. Оновчтой технологийн инженер мэргэжилтэн боловсон хүчнүүдээ тодорхой төлөвлөгөөний дагуу бэлтгэх.

Үндэсний хөгжлийн бодлого гэж уг нь иймэрхүү л юм байх ёстой болов уу?

Гарцаа олж харж түүнд чиглэсэн удаан хугацааны тогтвортой бодлогыг боловсруулж ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн бодлогоо тууштай авч явах хэрэгтэй юм.

        За одоо улстөржилгүйгээр цааш үргэлжлүүлье.

Энэхүү мега төслийг амилуулахад шаардлагатай хөрс сууриа хэрхэн бэлтгэх талаар ярилаа. Гэвч үүнийг хийхэд мэдээж цаг хугацаа, мөнгө хэрэгтэй. Сайнаар бодоход 10 жил шаардлагатай, муугаар бодоход 20 жил ч болж магадгүй юм. Бас дээр нь бид тэр хүртэл амьдрах хэрэгтэй. Үүнтэй хэн ч маргахгүй буйзаа хэмээн мунхаглавч тэр хүртэл хаанаас мөнгө олох вэ? Гэсэн хамгийн том асуултын тэмдэгтэй бид тулгараад байна.

        Манай түрүүчийн үеийн мэргэн бөө нар бонд босгох, өр зээл тавих арга олцгоосон боловч үүнийгээ буруу зүйлд зарцуулж бодлогогүй үрснээр бид өрөндөө баригдаж өтөндөө шавуулж дефолт зарлах хэмжээнд тулчихаад байгааг бүгд мэдэж байна.

Цаашдаа нэмж зээл авах нь ихээхэн эрсдэлтэй бөгөөд улам цааш лавширваас бид эх орноо ч алдаж мэдэхээр ноцтой байдал үүсээд байгааг олон хүн анхааруулж эхэлж байна.

Гэвч бидэнд бас өөр боломж байна. Энэ бол бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоор хийх боломжтой асуудал. Юу гэвэл бидний олон жил ярьж туршиж байгаа эрчимжүүлсэн ХАА, эрчимжүүлсэн МАА, Бүсчилсэн хөгжлийн бодлого гээч зүйлүүд юм.

        Хэдийгээр энэ ажлууд өдий хүртэл байгаа оноогүй, тодорхой амжилтад хүрээгүй боловч миний судалгааны хэмжээнд авч үзэхэд бид зөв өнцгөөс харж онолоо боловсруулж чадах аваас амжилтад хүрэх нь мадаггүй юм гэж төсөөлөгдөж байна.

Энэ их том сэдэв тул дараагийн цуврал өгүүллүүдэд энэ талаар ярилцацгаая.

Үүгээр би “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” сэдвийг түр хааж байна.

Нийтлэлч Нирунзу

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Buschilsen hogjiloos delhii tatgalzaj baina
    2016 оны 10 сарын 02
  • Зочин
    Tumur zamiin tolovlolt aldhaar aalznii tor shig bolno zugeer barhaar tegne
    2016 оны 10 сарын 02