• Эхлэл
  • Н.Тэгшбаяр: Эрдсийн шинжилгээний нарийвчлал дэлхийн төвшинд хүрсэн

Н.Тэгшбаяр: Эрдсийн шинжилгээний нарийвчлал дэлхийн төвшинд хүрсэн

2016/09/28

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирал Н.Тэгшбаярийн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Геологийн төв лаборатори ямар төвшинд ажилладаг вэ?

-Уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлдөг хоёр үндсэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, урт хугацааны тогтвортой байдал. Хоёрдугаарт стандарт. Монгол Улсын геологийн төв лабораторийн хувьд эрдсийн шинжилгээний нарийвчлал маш өндөр байж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Үүний тулд үндэснийхээ болон олон улсын итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн байх учиртай. Гурван төрлийн стандарт бий. Чанарын удирдлагын стандарт, лавлагаа материал үйлдвэрлэгчийн стандарт, ур чадварын сорил зохион байгуулагчийн стандарт. Энэ гурван стандартыг нэгэн зэрэг итгэмжлэгдсэнээр лабораторийн чанарын хувьд платинум түвшинд хүрч байгаа юм. Манай лаборатори АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар /ANAB/ итгэмжлэгдэж, платинум түвшинг хангасан дэлхийн таван лабораторийн нэг. Хөндлөнгийн байгууллагаар жил бүр хянуулж, итгэмжлэлээ сунгуулдаг.

Эрдэсийн шинжилгээний лабораториуд дотроо олон чиглэлтэй. Цацраг идэвхит ашигт малтмалын, физик, химийн, нүүрсний гэх мэт. Манай лаборатори энэ бүгдийг бүрэн цогцоор нь шинжилдгээрээ бусад лабораториос давуутай. Эрдэсийн шинжилгээ хийж, төлөвийг нь тогтоогод зогсохгүй ямар технологиор олборлож, баяжуулах вэ гэдэг технологийн туршилтыг нь хүртэл хийж өгдөг. Өмнө нь манайд хийсэн эрдсийн шинжилгээний үр дүнг зөвхөн Монголдоо хүлээн зөвшөөрдөг байсан бол одоо дэлхийн 70 гаруй оронд хүлээн зөвшөөрдөг болоод байна. Дэлхийд хамгийн сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжөөр нэг цаг хугацаанд нэг дээжээс тогтвортой 77 элемент, газрын ховор 17 элементийг нэг дор тогтоох чадамжтай болсон. Лабораторийн чанарын гол үзүүлэлт бол үр дүнтэй холбоотой маргаан гарахгүй байх. Өнгөрсөн хугацаанд манайд нэг ч гомдол ирээгүй. Үндэсний болон АНУ-ын итгэмжлэлийн байгууллагуудаар байнга итгэмжлэгдэж, үл тохирол гарахгүй байх дээр өндөр түвшинд ажиллаж байгаа.

-Хүний нөөц, боловсон хүчний хувьд ямар байгаа вэ? Ойрын болон хэтийн зорилго?

-Лаборатори дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжтэй байхаас гадна хүний нөөцөө дэлхийн түвшинд бэлдэх ёстой. Дэлхийн түвшний тоног төхөөрөмж дээр ажиллах арга, аргачлал гэж тусдаа бие даасан шинжлэх ухаан байна. Манайх инженерүүдээ АНУ, Франц, Орос, Өмнөд Солонгос,  Япон, Канад орнуудад байнга бэлтгэдэг. Бидний бүтээсэн, аттестатчилсан загваруудыг дэлхий худалдаж авах түвшинд хүрсэн. Дэлхийн зургаан тивд байгаа дистрибютерүүдээр дамжуулж аттестатчилагдсан загваруудаа дэлхийн түвшинд зарж чадаж байна. Бидний дараачийн алхам хүнээс үл хамаарсан, автоматчилагдсан системийг нэвтрүүлэхээр Австралийн IMP компанитай хамтарч ажиллаж байна. Ойрын үед үр дүн гарах байх. Зөвхөн Монголдоо гэлтгүй Ази, Номхон далайн бүс, уул уурхай хөгжиж байгаа дэлхийн бүх орнуудад салбар төлөөлөгчийн газраа нээх, дэлхийн хаана ч ажиллах боломжтой болсон. Монголчууд хүний оюун ухаан, инноваци, эрдэм мэдлэг шингэсэн экспортыг гаргаж чаддаг боллоо.

Лаборатори бол уул уурхайн салбарын зөвхөн нэг хэсэг нь. Дээр нь хайгуул хийж байгаа компаниуд, Уул уурхайн яам, АМГ гэхчлэн олон оролцогч бий. Энэ бүгдийг цогцоор нь харж, тэнд ямар нэг доголдол үүсгэхгүй байхын тулд манайх илүү сайн, мэргэжлийн түвшинд ажиллах ёстой. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй лаборатори бүгд олон улсын түвшинд ажиллах ёстой. Үүний төлөө манайх мэргэжил арга зүйн зөвлөгөө байнга өгч ажиллаж байгаа. Манайх Ази, Номхондалайн бүсийн хэмжил зүйн хөтөлбөрийн гишүүн болох гэж маш олон жил хөөцөлдсөн. Өнгөрсөн жил их хуралд нь оролцоод энэ жил бүрэн эрхт гишүүн болсон. Бүрэн эрхт гишүүн болсноор хүний нөөцөө хөгжүүлэхтэй холбоотой олон улсын сургалт, семинаруудад хөнгөлөлттэй оролцох, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн мэдээллийг авах, мэргэжлийн семинар, формуудад саналын эрхтэй оролцох гээд олон давуу тал бий. Бидний харж байгаа бас нэг зүйл бол Цагцраг идэвхит ашигт малтмалын дотроо латораторитай. Монголд өмнө байгаагүй лабораторийг бий болгосон. Үүн дээрээ түшиглээд Ази, Номхон далайн бүс хариуцсан Олон улсын атомын инергийн агентлагийн Монгол дахь түшиц лаборатори болох яриаг бид хийгээд явж байна.

Ойрын үед харж байгаа бас нэг зүйл бол зөвхөн элемент тодорхойлоод орхих нь эрдсийн судалгаа шинжилгээнд хангалтгүй юм байа. Үүний дараа ямар микробиологийн орчин байсан, ямар бактерүүд өсч үржиж байсан гэдгийг хүртэл судалдаг салбар нээхээр судалгааны ажил хийгээд дуусч байна. Хамгийн сүүлд хийж байгаа ажил гэвэл, уул уурхайн хайгуул судалгаа хийх явцад маш олон түүхийн олдворууд гардаг. Түүний насыг тогтоох ажлыг ойрын үед эхлүүлнэ. Ингэснээр манайх дэлхийн түвшний лабортаториудад хийж байгаа бүх шинжилгээ судалгааг хийж чаддаг болно. Одоо бол манайх олдворын насжилтыг тогтооход Финляндуудтай хамтарч байгаа. Удахгүй монголчууд дангаараа тогтоох асуудал яригдаж байна.  

Эх сурвалж:”Инфо Монгол” сэтгүүл  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ЗОЧИН
    ГТЛ-Д САЯХАН ДЭЭЖ ШИНЖИЛГЭЭНД ӨГЛӨӨ. УГ АВСАН ГАЗРААСАА ДАХИН ДЭЭЖ ӨГЧ УРЬДАХ ДЭЭЖЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГА ГАРСАН ГЭТЭЛ ҮР ДҮН НЬ УРЬДАХААСАА 200 ДАХИН !!!!!!!!ЗӨРӨӨТЭЙ ГАРСАН БАЙВ.БИД УЧРЫГ ТОДРУУЛАХЫГ ХҮСЭХЭД МЭДЭХГҮЙ ИЙМ Л ГАРСАН ГЭСЭН ХАРИУЛТ АВСАН.ҮНЭН БҮТЭХГҮЙ ГАЗАР.ЭНЭ ГАЗРЫГ ЯАРАЛТАЙ ХУВЬЧЛАХ ШААРДЛАГАТАЙ.ЭНД АЖИЛ ОЛДОХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТЭЖЭЭДЭГ ГАЗАР БОЛСОН ГЭДЭГ НЬ ОРГҮЙ БИШ ЮМ ГЭДГИЙГ МЭДЭРСЭН ТЭНД ӨНДӨР МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС БАЙХГҮЙ ДАРГА НАРЫН ШАХААНЫ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН БАЙНА.
    2016 оны 10 сарын 28
Сонин хачин