• Эхлэл
  • Нарны цахилгаан станцын шав тавилаа

Нарны цахилгаан станцын шав тавилаа

2016/10/14

Олон жилийн турш ярьсан боловч мөрөөдөл мэт байсаар ирсэн нэгэн том төслийг эхлүүлэх шавыг өнөөдөр тавилаа.

Энэ бол “Мошеа Эко Энержи” компанийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт барих нарны цахилгаан станц. Хүчин чадал нь 50 мегават гэхээр эрчим хүчний дутагдалтай байгаа төвийн бүсийнхний хувьд том эх үүсвэр. Эко бүтээн байгуулалт, Монголд анхдагч гэдэг утгаараа бүр ч содон.

Монголд хэдийгээр нар, салхины эрчим хүчийг ашиглах тухай олон жил яригдаж байгаа 2013 онд 50 мегаваттын анхны салхины цахилгаан станц байгуулагдсан. “Клин Энержи” ХХК-ийн Салхитын салхин цахилгаан станц мөн л Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг. Сэргээгдэх эрчим хүч нар, салхины анхдагч станцууд ийн Төв аймагт байгуулагдсан нь төвийн бүсийн цахилгааны хангалтад ч онцгой ач холбогдолтой нь ойлгомжтой. Салхитын салхин цахилгаан станцыг анх ашиглалтад орох үед Улаанбаатар хотын ойролцоо ийм хэмжээний 4-5 сэргээгдэх эрчим хүчний станц ашиглалтад оруулж чадах юм бол нийслэл хотын цахилгаан эрчим хүчний эх сурвалж найдвартай хэвийн болно гэж онцолж байснаар жишихэд ямархуу хэмжээний чухал төсөл болохыг ойлгоход хялбар. Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1000 мега ватт. Гэхдээ төвийн бүсийн оргил ачааллын үеэр /1070 мега ватт/ ОХУ-аас эрчим хүч импортлохоос өөр аргагүй болдог. Одоогоор дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа ч нар, салхины эрчим хүчний ашиглалт манайд шинэ тутам байгаа билээ.

Өнөөдөр нээлтээ хийж байгаа “Мошеа Эко Энержи” ХХК-ийн 50 мега ваттын нарны цахилгаан станцын төсөл гурван үе шаттай.

2017 оны нэгдүгээр улиралд 15 мега ватт

- 2019 онд 15 мега ватт

- 2021 онд 20 мега ватт үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм байна.

Ийн Монголын анхны гэж хэлж болохоор нарны цахилгаан станцын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг “Мошеа Эко Энержи” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Батбаатар, зөвлөх Ан Кон Мо, Хан Жэ Вон, БНСУ-ын “Korea engineering” Consultants Корпорацийн дэд захирал Бэк Жун Шин, ерөнхий менежер Ким Юү Жэ нарын төлөөлөгчид оролцсон байна.

Шинэ станц олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдаж буй Хөшигийн хөндийд шангаа татаж байгаагаараа онцлог. “Мошеа Эко Энержи” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Батбаатар үүнийг “Удахгүй баригдаж дуусах нисэх онгоцны шинэ буудлын зурвас дагуу байрласан, техник технологийн шийдэл сайтай шинэлэг төсөл болж байгаа” гэж онцолсон юм.

50 мегаваттын нарны цахилгаан станц барих төсөл нь Монгол Солонгосын хувийн хэвшлийнхний санал, санаачилга, хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжихээр болсон юм. Төслийн нийт төсөвт өртөг нь 94 сая ам.доллар. БНСУ-ын Ай Би Эй Эм /IBAM/ компани хөрөнгө оруулагчаар ажиллахаар гэрээ байгуулсан байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдахаар болсон нарны цахилгаан станц нь Энэтхэг улсын Кочи нисэх онгоцны буудал, Өмнөд Африкийн Жиоржи Эйрпорт нарны цахилгаан станцын дараа Ази тивдээ гуравдугаарт орох том төсөл гэдгийг албаныхан онцолж байлаа.

Эх сурвалж:uurhai.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин