Уг хөтөлбөр нь Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2015 оны 10 дугаар сараас Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголбанк, Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлж байна.
Өнөөдөр Монгобанкинд хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх ажлын хэсгийн уулзалт боллоо. Уулзалтад Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Дэлхийн банкны Санхүүгийн боловсрол хариуцсан олон улсын зөвлөх Шон Манди, Зигфрид Зител болон ажлын хэсгийн гишүүд оролцов.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” маш ажилттай хэрэгжиж байгааг дурьдаад цаашид хамтран хийж, хэрэгжүүлэх олон ажил байгааг онцоллоо.
Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудад санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөрийг тусгаснаар улсын хэмжээнд нийт 1000 гаруй багш арга зүйн сургалтад хамрагдаж, хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 2 мянга 200 гаруй сурагч “Бизнес судлал” хичээлийг судалж эхлээд байна. Мөн “Залуу үед санхүүгийн мэдлэг олгох” зорилтын хүрээнд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг бүх их, дээд сургуулийн хөтөлбөрт оруулснаар заах арга зүй, гарын авлагыг боловсруулаад байна. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллаж эхэлжээ.
Цаашдаа орон нутгийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын орон нутаг дахь салбаруудтай хамтран ажиллахыг зорьж байна. Мөн олон нийтэд санхүүгийн мэдлэг олгох цахим хуудсыг нээн ажиллуулах бэлтгэл ажил хангагадаж байгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Дэлхийн банкны зөвлөхүүд Монгол Улс олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр богино хугацаанд өндөр амжилт гаргасныг онцлоод, цаашид хөтөлбөрийн үргэлжлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл байхгүй байна