УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2016.10.25/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаархи хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, санал солилцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлахн Үндсэн чиглэлийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.
Тэрээр танилцуулгадаа “Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын Үндсэн чиглэл нь улс оронд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ” гэдгийг онцоллоо. Түүнчлэн Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн хүрээнд тавигдаж буй зорилтуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогсод асуулт асууж, санал хэлэв.
Монголын метал, уул уурхайн шинжээч Ч.Эрдэнэдалай "Монголбанкнаас өргөн мэдүүлсэн мөнгөний бодлогын баримт бичгийг судалж байгаа. Эрсдэлийг урьдчилж харсан, няхуур ажиллаж чадсан гэж үзэж байна. Дунд, урт хугацаанд эдийн засгийг тогтвортой өсгөх гол чиглэлийг баримталж байгааг зөв алхам болсон. Надад хоёр асуулт байна. Олон Улсын Валютын сантай хэлэлцээр явагдаж байна гэж ойлгож байгаа.
Дотооддоо төдийгүй дэлхий дахинаа Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэсэн хүлээлт үүссэн. Хэрэв хөтөлбөрт хамрагдвал 2017 оны төсөв, мөнгөний бодлого өөрчлөгдөх үү? Манай улсын өр зээлийн асуудал хүнд байна. Монголбанк юанийн свопын хэмжээг ихэсгэх талаар мэдэгдэж байсан. Энэ талын яриа хэлэлцээ ямар шатандаа явж байна вэ?" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна