• Эхлэл
  • Засгийн газрын 100 хоногт Сангийн яам юу хийв

Засгийн газрын 100 хоногт Сангийн яам юу хийв

2016/10/27

-  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Байгаль орчны бохирдлыг бууруулахад но-хау дамжуулах төсөл”–ийн II дахь шатыг 21 сая чех крон (886.0 мянган ам.доллар)-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Чехийн талтай тохиролцож, төслийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулав.

Дээрх төслийн хүрээнд Монголын төрийн байгууллагуудын байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх чадавхийг сайжруулах, бохирдлыг цэвэрлэх технологи нэвтрүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны бохирдлын менежментийг сайжруулах стандарт загвар боловсруулж, газарзүйн мэдээллийн системд суурилсан бохирдсон газрын мэдээллийн санг ашиглалтад оруулах бөгөөд холбогдох ажилтнуудын бохирдсон газрын судалгаа хийх болон нөхөн сэргээх технологи ашиглах чадавхийг сайжруулах юм.

-  Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төлөвлөгөөг 2016 онд нийт 131.0 тэрбум төгрөг байхаар баталсан боловч, төсвийн орлогын бууралтыг тооцон 2016 оны төсвийн тодотголоор 120.3 тэрбум төгрөгөөр  батлан хэрэгжүүлж байна.Энэ оны эхний 8 сарын байдлаар төсвийн орлогын бүрдэлт болон төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй уялдуулан нийт 87.1 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлгийг хуваарилан аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд шилжүүллээ. Сум орон нутгийг хөгжлийг түргэтгэх, иргэдийн өсөж төрсөн нутагтаа таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн нүүдлийг зогсоох, сумд жигд хөгжих бололцоогоор хангагдахад сум, дүүрэг бүрт байгуулагдсан “Орон нутгийн хөгжлийн сан” чухал үүрэг гүйцэтгэдэг.

-  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлтийг яамд, байгууллагуудаас ирүүлсэн материалд үндэслэн нэгтгэн гаргаж, хяналт, шинжилгээ, үнэлгээхийв. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 52.8 хувьтай гарлаа.

-   Төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг дүгнэж үзэхэд улсын хэмжээнд нийт 4684тендер шалгаруулалт зохион байгуулахаас 4067 тендер зарлагдаж, 3728 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд тендер шалгаруулалтын хэрэгжилт 80 хувьтай байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар 55.1 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотой тендерт оролцогчдоос ирүүлсэн 113 гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.

-   Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор улсын төсөв 303.6 тэрбум төгрөг, Хөгжлийн банк 70.7 тэрбум төгрөг, векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний дүн 672.9 тэрбум төгрөгөөр тус тус батлагдлаа. Мөн Засгийн газар байгуулагдсан 100 хоногт нийтдээ 27.4 тэрбум төгрөгийн 701 ширхэг санхүүжилтийн эрх нээж, гүйцэтгэгч байгууллагуудад олголоо. Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжих төсөл, арга хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийн эрх нээж, санхүүжилтийг аж ахуйн нэгжид олгов. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг яамны Iltod.mn цахим хуудсанд байрлуулан, олон нийтэд мэдээлэв.

-  Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудас хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, мэдээлэл байршуулах, хяналт тавих, хэрэгжилтийн тайлан гаргах бүх үе шатыг цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажилд дэвшил гарч байна.

-  Татварын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Онцгой албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, танилцуулга, холбогдох судалгаа, тоо мэдээллийг боловсруулж,  хуулийн төслийг УИХ-ын Төсвийн Байнгын хороо болон УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэв.

-   Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжин “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын дагуу нийт 15 удаагийн сугалааг зохион байгуулсан. Энэ тохирлоор 151683 азтан тодорч 6.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгохоос 9 дүгээр сарын байдлаар урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулсан 53838 азтаны 2.2 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна.

-   Татварын хууль, тогтоомж, ebarimt, НӨАТ-ын урамшууллын системтэй холбогдох асуудалд хариулт өгөх, татварын өрийг дуудах зорилгоор Татварын үйлчилгээний төвийг байгуулан ажиллаж байна. Тус төвийн 1800-1288 тусгай дугаарын  утсанд 18748  татвар төлөгч хандан, 133 татвар төлөгч биеэр ирж, татварын хууль, тогтоомж НӨАТ-ын урамшууллын системийн талаар  зөвлөгөө авсан байна. Тус төвөөс 1.0 сая төгрөгөөс бага татварын өртэй татвар төлөгчийн өрийг дуудсанаар 1104 татвар төлөгчийн 497.7 сая төгрөгийг төлүүлэн, 968 татвар төлөгчөөс 514.5 сая төгрөгийн татварын өр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

-  Татварын ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар “Авилгын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий төрийн албан хаагчдыг оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахыг хориглох талаар холбогдох хуулийн төсөл боловсруулах” ажлын хэсэгт ажиллаж, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалд  чиг үүргийн хүрээнд санал хүргүүлэхээр ажиллалаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна