• Эхлэл
  • Ч.Хүрэлбаатар: ТУЗ-ийн гишүүн давхар цалин авдаг

Ч.Хүрэлбаатар: ТУЗ-ийн гишүүн давхар цалин авдаг

2016/11/04

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Төрийн өмчийн 90 гаруй аж ахуйн нэгжээс гурав нь огт ажилладаггүй байна. Мөн тус байгууллагуудын өр 10.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Эдгээр аж ахуйн нэгж 2012 онд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байжээ.

Тиймээс ажлын хэсгээс төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн орон тоог зохистой төвшинд нь бууруулах, үйл ажиллагаа явуулдаггүй “Герман газ”, Монгол мах, “Техник спорт”, Аж үйлдвэрийн цогцолбор, Дархан газрын тос, Монгол тариалан корпораци, Аялал жуулчлалын үндэсний төв зэрэг долоон аж ахуйн нэгжийг татан буулгах, төрийн өмчит оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор харилцах дансыг цэгцлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар

“Хөдөө аж ахуйн бирж нь 37 хүнтэй, захирлынх нь сарын цалин 9.5 сая төгрөг.

Гэтэл 1200 хүн удирддаг компанийн захирлын сарын цалин 2.5 сая төгрөг байна.

Төрийн өмчит компаниудын захирлыг улс төрийн лоббигоор томилж ирсэн. Хариуцлагын тогтолцоо эргэж үйлчилдэггүй.

Компани нь алдагдалтай ажиллаад байхад захирал болон ТУЗ-ийн дарга, гишүүдийнх нь цалин өсөөд байдаг.

ТУЗ-ийн гишүүн, дарга нарыг хэдхэн газраас буюу Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүрээнээс томилдог жишиг тогтсон.

Үүнээс болж эрчим хүч, уул уурхайн салбарыг төлөөлөх хүн нь тавигддаггүй. Тавигдлаа гэхэд ТУЗ-д нөлөөлөх нөлөөлөл нь бага. ТУЗ-ийн гишүүдийг хоёр гуравхан газраас томилдогоос болж нэг хүн хэд, хэдэн төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн болж, давхар давхар цалин авдаг гээд яривал цэгцлэх шаардлагатай олон асуудал бий” гэв. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна