• Эхлэл
  • Ерөнхий сайдыг тохуурхсан ам.долларын ханш

Ерөнхий сайдыг тохуурхсан ам.долларын ханш

2016/11/10

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн шуугианы дараа ам.долларын ханшин мэдээ өнөөдрийн шуугиан боллоо. Ер нь бол сүүлийн хагас жилийн турш ам.долларын ханш бас нэг халуун сэдэв болоод байгаа. Мэдээж ханш буурсан тухай биш. Өнөөдрийн хувьд өмнө 2400 төгрөг орчим байсан ханш 2560 төгрөг боллоо гэсэн шуугиан дэгдэв. Уг нь ердөө л өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албаны хүмүүст ам.долларын ханшийг барихыг үүрэгдсэн. Харамсалтай нь, хагас боловч зах зээлийн эдийн засагтай улсад “ноён” Ерөнхий сайдын тушаалаар ханш тогтворжих боломжгүйг тэр дор нь харуулсан тохуурхал болов.

Үнэндээ бол Ж.Эрдэнэбат өмнө Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд ханшийн өөрчлөлтийг тушаалаар өөрчилж болохгүйг эрхээ биш мэддэг л байгаа. Гэвч түүний тушаал нь валютын захыг самраад хаячихлаа. Зарим нэг хүн Ерөнхий сайд ёстой нэг сайд хүн шиг тушаал гаргачихлаа, одоо ханш тогтворжино гэж баярлаж байх шиг байсан, харамсалтай нь үгүй.

Монголбанк валютын ханшийг хүчээр барих шидэт дохиуртан биш. Өнөөдөртөө зөвхөн Хойд Солонгос л ханшаа яг таг барьж чаддаг байх, хүчээр. Өмнөх Засгийн газраасаа болж өрөндөө идэгдэж, ам.долларын ханшийг гааруулчихлаа гэгдэж байгаа энэ Засгийн газар ч өр зээлийн эрэлд мордоод байгаа. Монголбанкны хувьд ханшийн тогтвортой байдлыг хангах бодлогоо барих ёстойгоос өнөөхөндөө хийж чадах ганц зүйл нь богино хугацааны гал унтраах маягийн интервенци. Өнөөдрийн ам.долларын ханшинд хачир болж байгаа нэг мэдээлэл нь арилжааны банкууд ам.доллар зарахаас татгалзсан. Тухайлбал, Голомт, Худалдаа хөгжлийн банк өнөөдрийн байдлаар ам.доллар зараагүй гэсэн мэдээлэл байна. Мөн долоо хоног бүрийн мягмар, пүрэв гариг болгонд болдог дуудлага худалдаанд Монголбанк оролцоогүй, өөрөөр хэлбэл ам.доллар нийлүүлээгүй гэжээ. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 3-нд төв банк ам.долларын арилжаа хийсэн юм байна. Бодвол Монголбанкны валютынхаа дотоод нөөцийг тавиад туучихгүйн тулд өнөөдөртөө зах зээлд ам.доллар нийлүүлэхээс татгалзсан болов уу? Угаасаа маш богино хугацаанд өссөн ам.долларын ханшийг багахан нийлүүлэлтээр хангах нь ч юу л бол.

Тэгээд одоо яах вэ? Ямар ч л гэсэн Ерөнхий сайдын тушаал ам.долларын ханшинд нөлөөлж чадахгүй харин эсрэгээрээ нөхцөл байдлыг хүндрүүлэв. Валютын ханшийг барих тухай энэхүү үүрэг даалгавар арилжааны банкууд хийгээд арилжаалагчдад харин эсрэгээр болгоомжлол төрүүлсэн байх. Үүн дээр төрөөс ам.долларын арилжааг хаах, багасгах, арилжаалахгүй байх гэсэн шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт болгоомжлол үүсгэсэн. Нөгөөтэйгүүр “төр засаг”-аас ямар нэгэн шийдвэр гарах бүрийд ам.долларын ханш эсрэгээрээ хөдөлгөөнд ордгийг мэдэх хүмүүст төгрөгөө ам.доллар болговол богино хугацаанд ашиг олж болох юм гэсэн сэдлийг төрүүлсэн байх ч магадлалтай.

Мөн эрхэм гишүүдийн удаа дараа хэлж байгаа болчимгүй үгс, тухайлбал өнөөдөр УИХ-ын чуулганы үеэр гишүүн Д.Эрдэнэбат ам.долларын ханшийг "доллар 3000 төгрөг хүрнэ" гэсэн гэх мэтийн үгс нөлөө үзүүлж байгааг хэлэх хэрэгтэй байх. Уг нь бүгд л төсвийн зардлаа багасгаж, зах зээлээ өөрийнх нь хуулиар эрүүл байлгаж, наад зах нь томоохон төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, валютын урсгалыг татаж байж л ханш жинхэнэ ёсоор тогтворжино гэдгийг бүгд л мэдэж баймаар.

Эрхэм гишүүд ээ,  ялангуяа Ерөнхий сайд аа бусдаараа “бууз хуушуур” шиг байж болно. Тушаал шийдвэр биш урт хугацааны бодлого, эрэлт хэрэгцээний хуулиар зохицуулагддаг, хүлээлтэд эмзэг байдаг валютын ханшаар үг дуугарахдаа ядахдаа жаахан амаа мэдэж байгаарай даа, цаашдаа.

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ЭДИЙН ЗАСАГЧ
    Ерөнхий сайд, сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах хэрэгтэй
    2016 оны 11 сарын 14
  • ззочин
    Ам. доллар тохуурхаагүй, ам. долларын ченж нэртэй дамчид улс орны амьдралыг үймүүлж байгаа юм. 8 шарга мэтийг хянах цаг болсон. Цаад гадна дотны нууц ноёдыг олох чадвар Монголд байна уу?
    2016 оны 11 сарын 13
  • Зочин
    333+
    2016 оны 11 сарын 12
  • зочин
    Чойжилсүрэн, Баяртсайхан 2-т арга хэмжээ ав. $ буулгахгүй бол өөрсдийг нь буулга. Чадахгүй бол буулгаж чадах өөр аавын хүү байж л таараа ш дээ
    2016 оны 11 сарын 11
  • ХЭХЭХЭ
    ЭНЭ ОДОО ЗАСГИЙН ГАЗРАА ТАРААГААД ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 11 сарын 11