Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, 24 жилийн ял авсан Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өнгөрөгч бямба гариг буюу 2017.01.07-нд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын төвийн урд талбайд жагсаал хийжээ. Тэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилсээр ялласан гэсэн утгатай лозун барьсан байж.
Жагсаалын үеэр Т.Чимгээгийн ээж Маруш “Миний охин 1969 онд төрсөн. Гэртээ гурван хүүхдээ хараад л амьдардаг. Миний охин ял авсанд Ц.Амгаланбаатар холбоотой. Хууль, шүүхийн байгууллага үнэнийг шийднэ гэж найдаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр миний охинд 24 жилийн ял оноолоо. Миний охин энэ ялыг сонсоод маш их балмагдсан. Саяхан төрсөн ах нь очиж уулзсан. “Намайг эндээс гаргаад өгөөч” гэж гуйсан гэсэн. Би болдогсон бол хаалгыг нь онгойлгоод охиноо гаргаж авмаар байна” гэжээ.
Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа “Манай хүүг 461 дүгээр хорих ангид долоо хоногийн турш хэрэг хүлээлгэх гэж дарамталсан. Ц.Амгаланбаатар гэх энэ хүн яахаараа хоёр хүнийг чирч байгаа юм бэ. Миний хүү хэрэг гарах үед аавтайгаа хөдөө байсан. Би Улсын дээд шүүхэд өргөх бичиг барина” хэмээн ярьжээ.
Тайван жагсаал 40 минут орчим үргэжлэн 60 гаруй хүн цуглаад байсан ч хууль хяналтын байгууллагынхан зөвшөөрөл авалгүй жагсаал зохион байгуулсан гэж үзэн тараасан байна. Жагсаалыг зохион байгуулахын тулд Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн зөвшөөрөл хүссэн ч Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт “Хөрш зэргэлдээ аймаг, орон нутагт малын гоц халдварт цэцэг өвчин гарсан учраас нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийхийг хориглосон сумын Засаг даргын захирамж гарсан” хэмээн зөвшөөрөл өгөхөөс татгалзсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна