Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн иргэд өчигдөр суулт зарлаж, өнөөдөр цагдаагийнхан иргэд рүү нулимс асгаруулагч хий цацсан үймээн боллоо. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасныг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн буюу Ардчилсан намын бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, өчигдрөөс ЗДТГ-ын байрандаа суулт зарласан аж.
Өнөөдөр 11.00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын үүд дотроосоо түгжээтэй, иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй, хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байсан бөгөөд нийт 300 гаруй хүн суулт хийж байгаа гэжээ. Тэд Засаг даргын Тамгын газрын шилэн хаалгыг дотроос нь дарж суусан байсан. Харин МАН-ын төлөөлөгчид болон цагдаа нар Баянзүрх дүүргийн тамгын газрын хаалгыг онгойлгон орохоор оролдож, сүүлдээ цагдаа нар тамгын газрын гаражийн хаалгыг эвдэн, дотогш нэвтэрсэн байна.
Ингээд 12.00 цагийн орчимд цагдаагийнхан хүмүүсийг албадан гаргах гэтэл үймээн үүссэн байна. Цагдаа нар иргэдийг бороохойдож, нулимс асгаруулагч хий болон цагаан өнгийн нунтаг зүйл цацсан аж.
Цагдаа нар шатан дээр суулт хийж байсан иргэдийг хүчээр гарган, МАН-ын 20 гаруй төлөөлөгч тэдний хамгаалалт дор байшин руу орсон. Нийслэл дэх Ардчилсан намын Тулгат тэргүүтэй төлөөлөгчдийг дотогш нэвтрүүлэхгүй байна гэсэн мэдээлэл гарсан билээ. Дашрамд дурдахад тус дүүргийн ИТХ-д Ардчилсан нам 22, МАН 19 суудалтай юм байна. Одоогоор зургаан нэр дэвшигчийн асуудал маргаантай байгаа. Гэтэл асуудлыг шийдээгүй атал МАН-ынхан өөрсдийгөө олонхи гэж үзэн Засаг даргыг томилуулах гэсэн хэмээн Ардчилсан намынхан үзэж байгаа аж.
Суулт зарласан Ардчилсан намын гишүүдээс заримыг нь цагдаагийнхан баривчилсан гэсэн мэдээлэл байна. Мөн тус дүүргийн Засаг дарга асан О.Пүрэвдавааг баривчилсан гэсэн мэдээлэл гарсан боловч албаны эх сурвалж үгүйсгэлээ.
Дашрамд дурдахад Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХБНГУ-д томилолтоор ажиллаж байгаа аж.
Энэхүү үймээнээс үүдээд Нийслэлийн Ардчилсан намынхан яаралтай хуралдаж байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14.00 цагт хэвлэлийн бага хурал зарласан юм.
Энэ хурлаар Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрээр
-Баянзүрх дүүрэг нийт 41 төлөөлөгчийн 35 нь хуулийн дагуу сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. 6 нь хууль тогтоомж зөрчиж, зөрчил гаргасан” гэсэн үндэслэл гаргасан. Энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, Баянзүрх дүүргийн шүүх болон Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаад хэдхэн хоногийн өмнө 5 нэр дэвшигчийн асуудал эцэслэгдсэн. Нэр бүхий 5 нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тогтоол гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 41 төлөөлөгч бүхий Баянзүрх дүүргийн ИТХ дээр өнөөдрийн байдлаар 35 төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас, 16 нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон байна ” гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “Баянзүрх дүүргийн хувьд сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 35 төлөөлөгчөөс нэр дэвшүүлж, томилуулахаар ирүүлсэн хүнийг хотын дарга томилсон. Дахин сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгч бүрдсэний дараа аль нам нь олонх болж, ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь Нийслэлийн Засаг дарга томилох болно.” хэмээв.
Үүнээс гадна “Жагсаал цуглааны тухай” хуульд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, суулт зохион байгуулахыг хориглосон газрыг зааж өгсөн байдаг байна. Үүнд төрийн байгууллага гэж тодорхой тусгасан байдгийг хуулийнхан хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Одоогоор мөн Ардчилсан намын зүгээс 16.00 цагт хэвлэлийн бага хурал зарлаад байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас ч албан ёсны мэдээллийг өгнө хэмээгээд байна.
Нэмэлт мэдээлэл:16.00 цаг. Баянзүрх дүүргийн гадаа цагдаа нарын хамгаалалттай хэвээр байгаа бөгөөд дотор талд цагдаа нарын ажиллагаа явагдаж байна.Засаг дарга Д.Пүрэвдаваагийн байрлаж байсан өрөөний камерыг цагаан цаасаар хааж, скочидсоны дараа хувийнх нь эд зүйлийг гаргаж эхэлжээ.Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид дотогш нэвтрүүлэхийг хүсэж байгаа ч цагдаа нар хүсэлтийг хүлээн авахгүй байгаа юм гэж news.mn мэдээлсэн байна.
16.00 цагт мөн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгсөн бөгөөд тэд цагдаа нар нулимс асгаруулах хий цацаагүй, харин иргэд цагдаа нарын өөдөөс хий болон нунтаг бодис цацсан гэжээ.
"Мөн энэ үеэр иргэдийн дунд гэмтэж бэртсэн хүн байхгүй, иргэдийг ганц худаг руу ачсан гэх нь ч худлаа мэдээлэл.
Цагдаагийн ажилтнууд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Иргэдийг гэмтээх, нулимс асгаруулагч хэрэглэсэн зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Харин Нийслэлийн Ардчилсан намаас
“Орон нутгийн сонгуулиар нийт 42 суудалтай Баянзүрх дүүрэгт МАН 19 суудал авсан бол АН 22 суудал авч олонхи болсон. Энэ дагуу тус дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаараа засаг даргын нэрийг өргөн барьсан ч хүлээж авахгүй байсан.
Улмаар Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр эцэслэн гартал Баянзүрх дүүрэг дээр ямар нэгэн томилгоо хийгдэхгүй гэж бидэнд мэдэгдсэн. Гэтэл сар шинийн баяраар далимдуулан Нийслэлийн засаг дарга С.Батболд хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Одоогоор дүүргийн ЗДТГ-ын байрыг лацдаж, ажилчдыг нь хөөж гаргаад байна. Манай намын хэд хэдэн хүнийг саатуулж, шархдуулаад байна. Эдгээр хүмүүсийг суллахыг Нийслэлийн Ардчилсан Намаас шаардаж байна.
Манай зургаан төлөөлөгчийг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн Дүүргийн сонгуулийн хорооноос мандатыг нь олгоогүй. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүх зургаан удаа хуралдаж, Дүүргийн сонгуулийн хороог хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж дүгнэсэн. Ингэж шүүхээс зургаан төлөөлөгчид мандат олгох шийдвэр гарсаар байтал нийслэлээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч буйд харамсаж байна. Өнөөдөр дүүргийн засаг хууль бусаар батламжлагдаж, маргааш хорооны засаг дарга нарыг ийм маягаар томилоод явах нөхцөл байдал үүслээ. Тиймээс бид цаашид бүхий л хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.
Тэд Баянзүрх дүүргийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Л.Батдэлгэр, Д.Уламбаяр нарыг цагдаа нар баривчлан саатуулсан тул суллахыг шаардаж байна хэмээн мэдэгдсэн. Сүүлд авсан мэдээллээр Л.Батдэлгэр, Д.Уламбаяр нарыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст түр хугацаагаар саатуулж байгаад суллажээ.
2017.03.04-ны 22.30 цаг. Эсэргүүцэл үзүүлсэн иргэд Баянзүрх дүүргийн Тамгын газрын гадаа 2017.03.03-наас өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Өлсгөлөн зарласан дөрвөн хүний биеийн байдал муудаж, даралт нь огцом ихэдсэн тул дүүргийн эрүүл мэндийн төвд анхны тусламж үзүүлсэн байна. Одоо дөрвөн иргэн дүүргийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна