• Эхлэл
  • “Улаанбаатар худалдан авалт” уулзалт болж байна

“Улаанбаатар худалдан авалт” уулзалт болж байна

2016/01/20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай  хамтран “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил чуулга уулзалтад 800 төлөөлөгч оролцож оролцогчтой байсан бол энэ жил 1000 гаруй оролцогч болж өргөжээ. Энд хотын захиргааны шийдвэр гаргагч албан тушаалтнууд хувийн хэвшлийн компанийнхан нүүр тулан уулзаж, хамтдаа асуудлыг шийдэж, ярилцаж байгаагаараа онцлог. 

Чуулга уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Нийслэл хот түншлэгчдийнхээ эрх ашгийг үргэлж хамгаална. Худалдан авалтад төр болон хувийн хэвшил эн тэнцүү эрхтэй байх болно. Хувийн хэвшлийнхнээр ажил хийлгэсний дараа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй уддаг. Үүнээс шалтгаалан хувийн хэвшлийнхэн хохирол хүлээдэг байдал газар авсан. Ийм байж болохгүй. Нийслэлийн хувьд ийм байдал огт гаргаж болохгүй гэдгийг үүрэг болгосон. Тиймээс та бүхэн айх хэрэггүй” хэмээн онцолж хэллээ. Мөн “Нийслэлийн худалдан авалт хийх гэрээг нийслэлийн Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт бүртгэнэ. Хэрэв гомдол гарвал аж ахуйн нэгжүүд энэхүү арбитрт хандах боломжтой. Бүр цаашилбал олон улсын арбитрт ч гомдол гаргаж, асуудлаа шийдүүлэх эрхтэй юм. Гэхдээ нийслэлийн худалдан авалттай холбоотой хүнд суртал, санхүүжилтийн шилжүүлэлтээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээвэл тэр хариуцлагыг нийслэл хүлээх болно” гэсэн юм.

Бизнес уулзалтын хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар Улаанбаатар хот-хөрөнгө оруулалт 2016 он,  Ногоон худалдан авалт, Найрсаг Улаанбаатар хөтөлбөр сэдвээр илтгэл тавилаа. Мөн Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин “Төр, хувийн хэвшлийн түншлэл”, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэг “Улаанбаатар хотын Худалдааны  танхимын дэргэдэх Арбитр” сэдвээр илтгэл тавьсан юм.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “2016 онд нийслэлээс хийх томоохон худалдан авалтууд” илтгэлдээ “2016 онд нийслэлийн төсвөөс 203.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжүүлэх төслүүдэд 120 тэрбум төгрөг зарцуулна. Үүн дээр орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалт нийлээд 426.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Энэ бүх хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх ажил арга хэмжээнд нийслэл хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдлаа. “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалт хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.

Хуралд оролцож буй холбогдох хүмүүсийн яриаг хүргэе.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од:

Хотын хөрөнгө оруулалтуудад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс энэ хурлыг хоёрдахь удаагаа зохион байгуулж байна. Гол нь хувийн хэвшлийнхэнд хөрөнгө оруулах бололцооны мэдээллийг аль болох бүгдэд нь жигд түгээх зорилготой. Мөн оролцогчдын тоо ч гэсэн энэ жилийн хувьд нэмэгдсэн харагдаж байна. Хотын удирдлага хувийн хэвшлийнхнийг дэмжье, мөн хувийн хэвшлийн хөрөнгийг хотын хөгжилд татан оролцуулах зорилготойгоор энэ уулзалтыг хийж байна.

Энэ жилийн уулзалтад нэг сэдэв нэмэгдсэн байгаа.

Хувийн хэвшлийнхэн Нийслэлийн хөгжилд ийм ийм төслүүд байж болж байна гэсэн санаачлага гаргаж түүнийг нь нийслэлийн удирдлагуудад танилцуулж цаашдаа хөгжүүлэх бололцоогоор хангах зорилготой.

Үүнээс гадна хамгийн гол төслүүд гээд нэгтгэсэн юм байхгүй. Ерөнхийдөө хотын зам, дэд бүтэц түүнтэй холбоотой олон санаанууд гарч байгаа. Дэд бүтцийн төслүүдэд хувийнхны хөрөнгө оруулалтыг татаж оруулана гэдэг нь хувийн компаниудад ашигтай нөхцөлөөр ордог. Дэд бүтэц зардалтай төсөл биш аль болох хувийн хэвшлийнхэнтэй хамтраад Нийслэлээс гаргаж байгаа хөрөнгийн хэмжээг багасгах нөгөө талаас хувийнханд бизнесийн бололцоог олгох үүднээс дэд бүтцийн төслүүдийг хөгжүүлэх боломжыг эрэлхийлж байгаа.

Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ:

Дэлхийн хөгжлийн чиг хандлага бол байгаль орчиндоо ээлтэй рүү чиглэж байна. Иймд бид аливаа бүтээн байгуулалтын шаардлагыг өндөржүүлэн байгаль орчинд ээлтэй хүний амьдралд ая тухтай байх, эдийн засгийн өсөлтөө хадгалж байх ажлыг худалдан авч эхэлнэ. Тиймээс өмнөх худалдан авалтынхаа зарчимд бид тодорхой хэмжээний шаардлага нэмж өгч байгаа. Үүнд таны нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ байгаль орчинд ээлтэй эдийн засгийн өсөлттэй бараа бүтээгдэхүүн байх ёстой гэдэг шаардлагыг суулгаж өгсөн. Тиймээс Улаанбаатар хот 2016 оноос эхлээд худалдан авалтынхаа зарчмыг бага багаар “Ногоон худалдан авалт”-руу шилжүүлж байгаа.

Улаанбаатар хотын өмнө тулгарч байгаа маш олон сорилтууд нь дандаа байгаль орчинд халгаатай асуудал юм. Үүнийг шийдэхийн тулд бид байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт техник технологи буюу инновацийг нутагшуулсан бараа үйлчилгээг оруулж ирж буй хувийн хэвшлүүдийг  бодлогоор дэмжих зорилготой ба ногоон сертифкат олгоно. Хамгийн гол нь хийж буй ажил үйл ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй байх ёстой.

 “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалт үргэлжилж байна. 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна