Нэг үеэ бодвол иргэний нийгмийн байгууллууд, төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо, идэвх сэргэж олон ажлыг байгаа.
Тэр тусмаа зөвхөн улс төрийн бус салбарт бус байгаль орчин, иргэний нийгмийн чиглэлээр ТББ-ын байгууллагуудын үүрэг оролцоо улам нэмэгдэж, тэр хэрээр иргэний нийгмийн байгууллагуудын олон санаачлаг өрнөж, үр нөлөөгөө үзүүлж байгаа юм.
Тухайлбал сүүлийн хэд хоногт Туул голын экосистем алдагдаж байгаа талаар төрийн бус байгууллагууд олон нийтийн анхаарлыг хандуулах хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсныг та бүхэн санаж байгаа байх.
Ингээд энэ асуудлаар Байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Эхлээд одоо олны анхаарлыг татаад байгаа Туул голын асуудлаар ярилцая. Туулын урсгал татарчээ гэсэн дуулианыг танай байгууллагынхан анх олон нийтийн анхааралд хандуулан гаргаж ирсэн. Хэвлэл мэдээллийнхнийг урьж, газар дээр нь нөхцөл байдлыг танилцуулсныг санаж байна. Энд бас АСЕМ-д зориулсан барилга байшингийн хоолойг татахын тулд голын урсгалыг хаасан гэсэн яриа ч нэмэрлэгдэж байна. Гэхдээ Туулын урсгал жилээс жилд татраад байгаа шалтгааныг та бүхэн юу гэж харж байна вэ?
-Энэ бол дуулиан төдий бус юм. Өнөөдөр бид хаврын хаварт Туул голын урсац татарч байгаа талаар харамсаад шогшроод өнгөрөх бус Туул голын экосистемийг цогц байдлаар харж, өнөөдрийн бүх шатанд асуудлыг үндсэн сууриар нь шийдэх хэрэгтэй байна.
Зарим хэсгийнхэн үүнийг дэлхийн нийтийн дулаарал, байгаль орчны цөлжилт зэрэгтэй холбон тайлбарлах гээд байгаа боловч үнэндээ хүний, тухайлбал монголчууд, нийслэлчүүд буруутай үйл ажиллагаанаас болж Туул гол маань сүйрлийн ирмэгт ирээд байна.
Саяхан 60-аад он хүртэл Туул голын усан сал урсгадаг байсан. Туул голын эх буюу Хэнтий салбар уулсаас мод огтолж түүнийгээ Улаанбаатарын хот байгуулалтад зориулж сал урсгаж авчирдаг байсан. Ингэж усны эхээс мод огтолсон нь өнөөдрийн Туул гол ширгэхэд нөлөөлсөн. Гэхдээ хамгийн гол нь 1990-ээд оноос хойш Улаанбаатар хотын буруу төлөвлөлтөөс болж Туул гол тасарч байна. Тэгвэл 1990-ээд оноос өмнө Туул гол тасардаггүй, тодорхой хэмжээнд урсдаг байсан. Өвөл нь цөн түрдэг, цөмрөлт үүсч хүн, машин гэмтдэг маш их эрсдэлтэй орчин байсан.
Харин 1990-ээд оноос хойш хот төлөвлөлтийн буруугаас болж өнөөдрийн энэ аймшиг нүүрлээд байна. Жишээлбэл: Богд уулын тусгай хамгааллаттай газар нутгийн хилий бүс Туул голоор таслагддаг. Туул голоос наашаа хотын захиргааны мэдлийн асуудал болдог. Туул гол дунд нь тусгай хамгааллаттай газрын хил маягтай болчихоор энэ хоёр тал хоёулаа хариуцлага хүлээх боломжгүй болж байгаа юм. Тиймээс Туул гол уу? Тусгай хамгаалалттай хил үү? гэх асуудлаа нэг тийшээ болгох хэрэгтэй.
Тусгай хамгаалалтын газар нутгийн хуулиар тусгай хамгаалалтын газар нутагт зөвхөн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог эрх зүйн зохицуулалт бий. Гэтэл амьдрал дээр Богд уулын хойд амуудад маш их хэмжээний газар замбараагүй төлөвлөгдөж олгогдсон. Сүүлийн гурван жил бүр асуудал утгаа алдсан. Уулын амаар дүүрэн орон сууц баригдаад байгааг та бид бүгд харж байна.
-Зайсангийн аманд л гэхэд тэртээ тэргүй орон сууцны хороолол бий болсон болохоор одоо арга хэмжээ авах, аргагүй гэлцэж, одоо айлуудад газар өмчлөлийн гэрчилгээ олгоод байгаа шүү дээ?
-Зайсангийн орчим маш их хэмжээний газар олгогдсоныг хэн бүхэн мэднэ. Эдгээр орон сууцын хотын дэд бүтэцтэй холбогдох дэд бүтэц тухайн бүсэд гүний ус ашиглах, мөн бохирын асуудлаа шингээх маш том эрсдэл болоод буй. Эндхийн орон сууцны бохир усны асуудлыг шийдэх боломжгүй болж эхнээсээ үмхий самхай ханхлах болсныг хүмүүс мэдэж байгаа. Үндсэндээ Туул гол руу зөвхөн бохир л нийлүүлдэж байгаа шүү дээ.
Мөн хамгийн гол асуудал юу вэ? гэхээр баянзүрхийн гүүртэй нийлдэг Богд уулын зүүн салбар уулсын Хөлийн гол маш сайхан ундрагтай гол байсан. Энэ нь Хонхор буюу төр хурахын сангийн аж ахуйгаас эхтэй. Гэтэл өнөөдөр энэ гол огт байхгүй болсон байна.
-Түүнээс гадна Туул голын ай савд хүнд үйлдвэр, арьс ширний жижиг үйлдвэрүүд ч бохироо шууд голд цутгаж байгаа гэж олон жил яригдсан байх?
-Арьс ширний үйлдвэр бүү хэл хүнд металлын бохирдолтой буюу хар тунгалагны үйлдвэр ажиллаж байгаа шүү дээ. Энэ ААН-үүд Хөлийн голын дагуу гүний өрөмдлөгө хийж гүний усыг соруулж аваад аж ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Ингээд Туул голын хамгийн өргөн тэжээлийн судал нь Хөлийн гол мөн устаж үгүй болж байна.
Хуучин Хүрхрээгийн ам буюу одоогийнхоор Скай ресорстын талбайд хоржигнуур горхи, дээшээгээ өргөн хэмжээний гол байсан бас байхгүй болсон. Энэ бол цэвэр ААН-үүдийн сөрөг нөлөөнөөс үүдэлтэй.
-Туул голын орчимд гүний өрөмдлөг хийж байсан юм уу?
-Туул гол татрах болсны бас нэг шалтгаан нь гүний өрөмдлөгөөс нөлөөтэй. Дэлхий нийтийн дулаарал биш хүмүүсийн шууд буруутай үйл ажиллагаанаас болсон зүйл. Үүний хариуцлагыг зөвшөөрлийг олгосон төрийн захиргааны байгууллага хариуцах ёстой. Мөн Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд ч хариуцлагыг хүлээх ёстой. Тэрэлжийн орчим маш их хэмжээний ААН-үүдэд газар олгосон.
Энэ бүхэн Туул голыг тэтгэдэг цэвдэгийг хөндөж байна. Цэвдгээ нэвт өрөмдөөд доороос гүний усыг нь авчихаар цэвдэг доошоогоо суудаг. Цэвдэгийн төвшин доошилж сууснаар булаг шанд, гол горхины эхүүд үгүй болж байна. Одоо бол Улаанбаатар хотын Зайсангаас доошоо Сонгинохайрхан дүүрэг хүртэл Туул гол байхгүй тасалдах болсон. Сонгино хайрхан дүүргээс цаашаа Туул гол урсаж байгаа. Гэхдээ тэнд юу урсаад байгаа вэ гэдэг бол үнэн аймшигтай.
-Тийм ээ. Яармаг, Морингийн даваа өнгөрөөд л Туул гол ногооноороо эргэлдэн өмхий самхай дэгдээсээр хэдэн жилийн нүүр үзэж байгааг би мэднэ. Мөнөөх шүүмжилдэг, үйл ажиллагаа нь доголдсон цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй болов уу гэж боддог, тийм үү?
–Хотын бохирдол тэр чигтээ урсаад Лүн, Заамар гээд Орхон гол руу очиж нийлж байна гэсэн үг.
Тиймээс усны талаар ярих даа ай сав газрын онцлог, нөлөөлөл, ай сав газрын нөлөөллийг үндэслэсэн эрсдлийн үнэлгээг бүхэлд нь ярих ёстой. Энэ нь жил болгон тасраад байх юмуу? Эсхүл ААН-үүдэд арай өөр дүрэм журам ярих ёстой юм уу?
ААН байгалийн ус ашиглаж байгаа төлбөр төлж байгаа боловч өнөөдөр Улаанбаатар хотын цэвэр усны асуудал маш хүнд болж байгаа. Туул голын эрсдлийн асуудлыг ярихаар Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны хангамжийн асуудал яригдаж эхэлнэ. Түүнийг бий болгохоор Туул голын орчим хөв цөөрөм байгуулж байна.
Цөөрмийг шар усны, борооны үерийг цэг дээр барьж байдаг. Түүнээсээ Улаанбаатар хотын цэвэр усны ундаргыг бий болгож байгаа гэх ойлголтыг ярих гээд байгаа юм. Энэ нь төсөвлөгдөөд бэлэн болсон харагдаж байгаа боловч бас нэг асуудал үүсч байна. Нэг эрсдэлийг үгүй болгохын тулд нөгөө эрсдлийг болгоод байгаа юм.
-Ямар эрсдэл?
-Усны цөөрмийг гурван дүүрэгт байгуулах боломжтой гэх зураглал хийгдсэн байсан. Гэтэл ийм цэгийг хамгийн эрсдэлгүй дүүрэгт сонгох байтал эсрэгээрээ эрсдэлтэйг нь сонгосон байна.
Энэ нь нэг талаараа усан хангамжид хэрэгтэй боловч нөгөө сонгосон газар маш их эрсдэлтэй Гүнжийн хагалбар гэх Гачууртын эх дээр сонгосон нь гамшгийн үр дагавартай болчихоод байна л даа.
-Гүнжийн хагалбар гэхээр газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэгддэг билүү?
-Тийм ээ, газар хөдлөлтийн идэвхтэй бүс буюу Гачууртын орчим.
-Нөгөө хоёр цэг нь?
-Харин үлдсэн хоёр дүүрэг, газар нутаг нь улстөрчдийн эрх ашгийг хөндөөд байгаа юм байна лээ. Харин Гачууртын орчим байгаа малчид, оршин суугчид эрх ашиг улстөрчдөд хамаагүй байдаг болохоор энэ хэсэг сонгогдсон байна. Мөн үүн дээр гамшигийн эмзэг байдал эрсдлийн үнэлгээ хийгдээгүй төсөл байна.
Эрсдлийн тооцсон үнэлгээ байхгүй. Туул гол дагуу энэ асуудал өнөөдөр төсөл хөтөлбөрийн хэмжээнд дэмжигдээд явж байхад зураглал нь ч гараагүй байгаа юм. Ийн Туул голын тасарсан шалтгааныг яриад байвал эргээд шийдэх ашиг сонирхлын зөрчил сүлэлдсэн олон асуудал болж байна.
-Та бас гамшгийн эсрэг үндэсний төвийг ахалдгийн хувьд газар хөдлөлтийн эрсдлийн талаар арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Төсөл хөтөлбөрийн хүрээнд бол газар хөдлөлийн эрсдэл яригдаж байгаа юу?
-Дээрх цөөрмийг газар хөдлөлтийн идэвхтэй бүсд байгуулах байгаа нь айдас төрүүлж байна. Тэнд 50 сая метр куб ус хуримтлуулсан цөөрөм байгуулчихсан байхад газар хөдөлвөл яах вэ? Түүнийг хааж даах далан байлаа гэхэд цөөрөм газрын хагалбараар яваад өгвөл яах вэ? Туул гол тасардагаараа л тасарна.
Дээрээс нь далан сэдрээд асуудал үүсвэл Улаанбаатар хотын гамшигийн асуудал хөндөгдөнө. 1966 онд Улаанбаатар хотод болсон үеэр 20 сая куб метр ус орж ирсэн. Энэ үед Улаанбаатар хотын тал үерт нь урсаж байсан. Одоо 50 сая куб метрийн сан байгуулчихаар ямар эрсдэл үүсч болохыг төсөөлж байна уу? 1966 оны үертэй харьцуулахад Улаанбаатарыг хоёр дахин урсгачих юм биш байгаа гэдэг айдас бий болж байна.
Цөөрмийг газар хөдлөлтийн бүс дээр байгуулах гэж байгаа, эмзэг байдлын эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, назрын зураглал гаргаагүй, үүнтэй холбоотой төсөл боловсруулагдаагүй гэх том асуудлууд байгаа биз?
-Тэгэхээр яах ёстой юм бэ?
-Цөөрөм байгуулах нь зөв л дөө. Гэхдээ нийслэлийн хөгжлийн бодлогод яагаад эерэг сөрөг тал үүсгээд байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Эерэг талд нь Нийслэлийн усанд хангамжийг дээшлүүлэхэд цөөрөм хэрэгтэй. Харин сөрөг тал нь дээр дурьдсан эрсдлүүд.
Үүн дээр Туул голд үүсээд байгаа асуудлууд ч өөрөө хотын захиргаатай холбоотой асуудлууд юм чинь. Туул голын тасарсан тухайд эхний ээлжинд ой сав газар дагуу байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцох маягаар энэ эрсдлийг буулгах боломжтой юм.
Үүнээс гадна дээр ярьсан Сонгино хайрхан дүүргийн орчим буюу Сонсголонд Туул гол урсаж байгаа Улаанбаатарын бохирын асуудлыг яах вэ гээд дахиад нэг том асуудал байгаа.
-Хотын захиргааны зүгээс цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах гэх мэт шат дараатай шийдэл олохыг чармайж байгаа гэдэг?
-Тийм ээ. Энэ бол шийдэгдээгүй ужгирсан асуудал байсан. АСЕМ-тай холбоотойгоор бохирын байгууламжийг шинэчлэлийг хийж байгаа боловч тэртэй тэргүй төгс хийж чадахгүй. Яагаад гэхээр энэ олон жил технологийн бус шийдлээр явж байсан болохоор тэнд хуримтлагдсан бохирыг булшлахаас өөр байхгүй.
Үүнийг хотын захиргаа өнөөдөр хөндөж ярихгүй байгаа. Цас бороо ороход хуурайшсан байсан бохир чийг аваад эргээд маш их бохир үнэрийг гаргаж байна. Цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудал шийдэгдэж байгаа нь дэвшилттэй боловч цаад хур бохирын асуудал шийдэгдээгүй. Ийн бохир үнэр агаарт цацагдаж автоцогцолбор хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм.
-Дахиад асууя, үүнийг шийдэхийн тулд яах ёстой вэ? Иргэний нийгмийн байгуулал, эрдэмтэн судлаачдын үгийг хотын захиргаа анхаарч хамтарж ажиллаж байна?
-Үүний шийдвэрлэхийн тулд хотын захиргаа ажил зохион байгуулахгүй байгаа нь эмгэнэлтэй байна. Уг нь асуудлыг шийдэх боломж байна. Үүнд эрдэмтэн мэргэд санаа зовж байгаа ч үүнийг хотын захиргаа цэвэр бизнесийн зорилтот компаниудтай харьцаад байгаа болхоос эрдэмтэн мэргэдээс зөвлөгөө авах, сургалт явуулах ажлыг зохион байгуулахгүй байгаа. Энэ асуудлаар хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй, гарц хайх хэрэгтэй байна.
Бизнесийн байгууллагуудын авчирч байгаа технологи байгальд ээлтэй эко технологийг хэрэгжүүлэх ёстой. Гэвч тийм юм алга. Өнөөдөр хотын захиргаа, төрийн байгууллагынхэн тэрүүхэн тэндээ аль болох мөнгө төлүүлэх аргаар бохирын асуудлыг шийдэх гэж оролдож байна.
Уг нь асуудлыг тэрхүү бизнесийн байгууллагуудтай уялдуулаад ажил зохион байгуулах юм бол бохироо ч шийднэ, үнэрийг ч шийднэ шүү дээ.
Нэг санаа хэлэхэд бохирыг бордоо болгох боломж бий. Хятадуудыг бохироороо /лаг/ ногоогоо борддог гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ бохир /лаг/ цөлжилтийг шийдэх боломжтой. Тэгэхээр энэ бүгдийг хотын захиргаа яагаад анхаарахгүй, шийдэхгүй бүр огт сонирхохгүй байгаа вэ гэдэг л ганц асуудал үлдээд байгаа юм даа. Тэд дандаа мэргэжлийн бус мэргэжилтнүүдийг томилсноороо тэрүүхэн тэндээ өөрсдийгөө асуудалд оруулаад байгаа хэрэг.
Уг нь байгаль хамгаалагчийг бий болгож байгалиа хамгаалах хэрэгтэй байна гээд мөн ч олон асуудал бий. Жил болгон Туул гол тасарлаа, дэлхийн нийтийн дулаарал гэх зэрэг юм ярьж ард иргэдийн тархийг угааж байхын оронд энэ мэт шийдэл харьцангуй тодорхой байгаа ажлуудыг бизнесийн болоод иргэний нийгмийн, төрийн бус байгууллагуудтай хамтраад хийгээд эхлэхэд болохгүй зүйл үгүй байна. Үүнд бас иргэд бидний оролцоо ухамсартай чухал нөлөөтэй байх ёстой гээд олон л асуудал байна даа.
-Үнэхээр асуудал их байгаа нь олон нийтэд тодорхой болж байна. Тийм болохоор бидний ярилцлага үргэлжилнэ гэж найдаж байгаагаа дашрамд хэлээд цаг үеийн нэг асуудлыг асуумаар байна. Саяхан буюу дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарсан өдөр эсэргүүцлийн буюу сануулах хэвлэлийн бага хурал хийсэн. Бас цөмийн асуудал, уран ашиглахын эсрэг олон акц зохиож, олон жил ярьж байгаагийн хувьд асуухгүй өнгөрөх аргагүй байна л даа?
-Чернобылийн ослын талаар иргэд хангалтай сайн мэдэж байгаа байх аа. Бид ч сүүлийн жилүүдэд боломжит мэдээллийг өгөхийг чармайж байгаа. Тэр тусмаа Монголд ураны хаягдлыг булшлах тухай яригдаж байгаа энэ үед бид энэ өдөр үүнийг эсэргүүцэж цуглаан хийж, анхааруулга өгсөн. Хэдийгээр цөөхөн хүн цугласан ч гэсэн бидний тасралтгүй хийж байгаа арга хэмжээнүүд олон нийтэд мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж чадаж байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж цаашид ч хийх ажил их байгаа.
-Та бас Төрийн ордны гадаа шар нунтаг асгасан дуулиантай эсэргүүцэлд оролцож байсан байх аа?
-Бид цөмийн аюул, ураны асуудлаар олон жил ажиллаж байгаа. Цөмийн булшийг Монголд оруулж ирэхгүй байхыг хуульчилж байна гэсэн нэрийдлээр ээлжит бус чуулган яаравчлан зарлаж, үнэн хэрэгтээ уран булшлах боломжуудыг сэм хуульчлах гэж байсныг бид эсэргүүцэн болиулж чадсан.
Хэдийгээр цөмийн хаягдлыг булшлахын эсрэг гэж байгаа боловч 2009 оноос хууль журмын цоорхой, битүүлэг заалтуудаар хулдан алхам алхмаар хуулийн орчин бүрдүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж байсныг бид таслан зогсооосон. Цаашид ч ийм хулгайн алхмаа үргэлжлүүлэх нь тодорхой байгаа болохоор бид үргэлжлүүлэн тэмцэх болно
Ярилцсан Ч.Гэрэлтуяа
Холбоотой мэдээлэл
Ж.Ганбаатар: “Арева”-д ашиглалтын гурван лиценз бэлэглэсэн
Ураны хордлогын төлөөс-Самурай бонд
Сэтгэгдэл байхгүй байна