• Эхлэл
  • Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

2016/07/28

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаар /2016.07.27/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.

Комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, гишүүдээр Засгийн газрын зарим гишүүн, агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ажиллах юм.

-  Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилогдох болсонтой нь холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод суух Ерөнхий консул Б.Энх-Амгаланг эргүүлэн татлаа.

-  2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар яамдаас хийж байгаа ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар салбарын хэмжээнд хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, төсвийн орлогын бүрдүүлэлт хүндрэлтэй байгааг харгалзан хөрөнгө, хүн хүчний нөөц, бололцоогоо дайчлан ажиллах, тухайн салбарт нэн шаардлагатай байгаа хөрөнгийн тооцоог гарган Сангийн яаманд танилцуулах зэрэг арга хэмжээ авахыг сайд нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна