• Эхлэл
  • Монголын эдийн засаг:Шинэ нөхцөл байдал-шийдвэрлэж чадах уу?  

Монголын эдийн засаг:Шинэ нөхцөл байдал-шийдвэрлэж чадах уу?  

2016/10/13

Хурдацтай өсч явсан /2011 онд 17,5 хувь/Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд буурсаар байна.

Ийн эдийн засаг саарах болсон гол нөхцлийг Монголын эдийн засгийн томоохон бүрдүүлэгч болсон уул уурхайн салбар болон гадаадын хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаж буй. Экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүрдүүлж байсан уул уурхайн салбарт гадаад зах зээлийн түүхийн эдийн үнэ ханш нөлөөлж буй гэж үзэж байгаа. Түүнээс гадна томоохон төслүүдийн явц болон Монгол Улсын засаглалын тогтвортой байдал хүлээлтийн байдалд нөлөөлж буй гэж буй.

Доктор (Sc.D), профессор Ц.Даваадорж (CЭЗДС) Монголын эдийн засаг эдүүгээ “нугарлын цэг”-ийн цаг үед тулж ирсэн гэж үзэж байна. Нэлээд хэдэн жил үргэлжилсэн уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний дэлхийн үнийн өсөлтийн мөчлөг дуусч, монголчууд нэн таатай нөхцлийг бүрэн, зөв ашиглаж чадаагүйгээс хямралт байдал тулгараад байна гэж тэрээр үзсэн байна. Монгол Улсын хувьд 1991-2000 оны эхний жилүүд болон 2008-2010 онд хямралын байдалд хүрч байсан.

Энэхүү хямралын дараахан Монголын эдийн засгийн гадаад орчин нэн таатай болж, олны дээдэлснээр “солонгорлын жилүүд” болж, эдийн засгийн тэлэлт, өсөлтийн савлагаа дээд цэгтээ хүрч байсан ч 2014 оноос өнөөдрийг хүртэл мөн хямралтын нөхцөл байдал үүссэнийг ийнхүү “нугарлын цэг” хэмээн нэрлэж байгаа аж. Гэхдээ Монголын эдийн засгийн сүүлчийн (2010-2015 оны) өсөлт-хямралын мөчлөгөөс үзвэл Монгол Улс хэрэгжиж буй том төслүүдээ цаашид үргэлжлүүлэх болон үндэснийхээ үйлдвэрлэлийг өргөтгөх, тэлэх бодлогоо эрчимжүүлж чадвал ойрын ирээдүйд (2020 он) хямралаас бүрэн гарч, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн суурийг тавьж чадна гэж доктор Ц.Даваадорж өөдрөгөөр харсан байна.

Харин Дэлхийн банкнаас гаргасан тойм судалгаагаар 2016 оны эдийн засгийн байдалд тараах зүйлс нөлөө үзүүлнэ хэмээн оны эхэнд таамаг дэвшүүлсэн. Үүнд

  • УИХ-ын сонгууль
  • Том төсөл, Оюу Толгойн далд уурхайн санхүүжилт
  • Өрийн дарамт
  • Санхүүгийн салбарын нөхцөл байдал
  • Барилгын салбар
  • Гадаад орчин

Гадаад  орчны  тухайд  дэлхийн  зах  зээл  дээр  түүхий  эдийн  үнэ сэргэх баталгаа бага байна. Үүнээс гадна, дэлхийн томоохон хөрөнгө оруулагч нарын хандлагыг харахад нь хөгжиж буй орнуудын эдийн засаг  саарна   гэсэн  хүлээлттэй   байгаа   тул  хөрөнгийн   урсгал өсөлт нь аажим хэдий ч найдвартай өсөх магадлалтай байгаа хөгжилтэй орнууд руу чиглэхээр байна гэж Дэлхийн банк дүгнэжээ.

Томоохон төслүүдийн хувьд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хараахан эхлээгүй, Тавантолгойн төсөл болон төмөр зам зэрэг төслүүд тодорхой шийдэлд хүрээгүй байна. 2016 оны зургадугаар сарын 29-нд болсон УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар эрх баригч хүчин өөрчлөгдсөн, сонгуулийн өмнө ихээхэн хэмжээний зээл болон халамжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь эдийн засагт сөрөг нөлөөлөл үүсгэж байгаа гэж үзэн шинээр эрх баригч болсон МАН эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгжүүлэхээ амлаад байгаа юм.

Эдийн засагчид 2017 оноос эхлэх Монголын төрийн ба бизнес секторын нийт зээл, өрийн төлбөр манай эдийн засгийг хүндрүүлэх магадлалтай гэж анхааруулж байгаа.

Монгол Улсын Засгийн газар:

-2012 оны арваннэгдүгээр сард 500 сая ам долларын 5 жилийн хугацаатай бондыг жилийн 4,125 хувийн хүүтэйгээр, 1 тэрбум ам долларын 10 жилийн хугацаатай бондыг 5,125 хувийн хүүтэйгээр нийт 1,5 тэрбум ам долларын Чингис бонд /дуусах хугацаа 2022 он/

-2013 оны арванхоёрдугаар сард 10 жилийн хугацаатай 1,52 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн Самурай бонд гаргасан. Эдгээр бондуудын хүүгийн төлөлт 2017 оноос эхэлж буй. Тиймээс бондын  төлбөрийг дахин шилжүүлэх, хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг хугацаа алдалгүй эртнээс бэлтгэх нь чухал гэж зөвлөж байна.

Ийн  Монгол Улсын эдийн засаг шийдвэрлэх шинэ нөхцөл байдлын үетэй тулгаран шинэ Засгийн газраас ямар алхмууд хийхийг хүлээсэн хүлээлтийн байдалтай байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж:Infomongol, Mining money сэтгүүлийн хамтарсан дугаар. 2016.09 сар

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН