• Эхлэл
  • Эдийн засаг
  • Ц.Дашдорж: Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодын гэж ялгалгүй тэгш нөхцлөөр хангана

Ц.Дашдорж: Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодын гэж ялгалгүй тэгш нөхцлөөр хангана

2016.11.02

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.


 

-Шинэ Засгийн газар уул уурхай, хүнд үйлдвэр гэдэг хоёр том салбарыг нэг яамд харьяалуулж, нэгдсэнбодлогоор зангидаж явахаар боллоо. Ямар учраас?


-Өмнө нь Аж үйлдвэрийн яам байхад хөнгөн, хүнд бүх үйлдвэрүүд бүгд нэг дээвэр дор явж ирсэн. Энэ Засгийн газрын үед хөнгөн, хүнд үйлдвэрийн бодлого тусдаа саллаа. Монголд шинээр бий болж байгаа, ирээдүйд бий болох хүнд үйлдвэрүүд маань үндсэндээ уул уурхайн баялагт түшиглэж байна. Уул уурхай ярихаар хайгуул хийх гэж ойлгох хүмүүс байна. Ашиглалт ярьдаг хэсэг байна. Нэмүү өртөг бий болгодог боловсруулах үйлдвэрүүд бас бий. 


    Энэ бүгдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нэг бодлогоор уялдуулж авч явах ёстой байх нь. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалыг эрэх хайхаас эхлээд эдийн засгийн үр ашгийг зөв тооцсон олборлох үйл ажиллагаа, дараачийн боловсруулах үе шатыг энэ яам төрийн бодлогоор уялдуулах нь. Монгол Улс цөөн тооны зах зээлд ашигт малтмалаа гаргаж байна. Дийлэнх нь урд хөрш рүү гарч байна. Эрэлт хаана байна, ямар байна гэдгээс шалтгаалж салбарын бодлого тодорхойлогдоно. 


Гэхдээ бидэнд боломж байна. Энэ бол Монгол Улс ямар баялагтай вэ гэдгээ олж илрүүлэх явдал. Энэ баялгийг олж илрүүлэх ажлыг гадаад, дотоодын хайгуулын компаниуд хийдэг. Төрөөс тодорхой хэмжээний санхүүжилтээр хайгуулын ерөнхий дүр зургийг гаргаж өгдөг ч энэ нь өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа. Тиймээс энэ ажлыг ихэвчлэн хувийн компаниуд эрсдлээ үүрээд хийж байна. Харин төрөөс хайгуулын үйл ажиллагааг шударга бөгөөд оновчтойгоор явуулах бололцоог нь бүрдүүлж өгөх ёстой. 


    Монголын газар нутагт геологи хайгуулын ажил иж бүрнээрээ хийгдээгүй маш их хэмжээний талбай бий. Манай газрын хэвлийд ямар баялаг байна, тэдгээрийг бид улс орныхоо ирээдүйн хөгжилд ашиглаж болох уу, үгүй юу гэдгийг бид мэдэх шаардлагатай. Энэ бол манай яамны бодлогоор тодорхойлох ёстой нэг салбар мөн. Өмнө нь хайгуулын лиценз шинээр өгөхийг хориглосон байсан боловч өнгөрсөн жилээс зөвшөөрөгдөөд, холбогдох агентлаг нь хайгуулын лиценз олгоод эхэлсэн. Энэ үйл ажиллагаа зөв, шударга явснаар энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэх зам нээгдэнэ. Түүхий эдийн үнэ унахад хайгуулын үйл ажиллагаа саармагждаг. Үнэ өсвөл эргээд сэргэдэг. Үндсэндээ сүүлийн жилүүдэд эрдэс баялгийн гаралтай түүхий эдийн үнэ унасан. Энэ салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Дээр нь Монгол Улс хайгуулын лиценз шинээр олгохгүй байх, бусад хууль тогтоомжоо чангаруулах, ойлгомжгүй болохоос эхлээд нөлөөлсөн юм бий. Гэхдээ энэ цикл маань эргээд өсч таарна. Түүхий эдийн эрэлт нэмэгдэнэ. Энэ идэвхжил сэргэх үед харин манай улс хууль тогтоомжийн хүрээнд болон тусгай зөвшөөрөл олгох процедураа нээлттэй, ил тод болгох ёстой. Тэгж байж гадаад, дотоодын хөрөнгө орууулагчид энэ салбарт орж ирнэ. 


    Статистикийн хайгуулын 1000 лицензээс 5 хувь нь л эдийн засгийн үр ашигтай томоохон үр ашиг бүхий орд байх магадлал байдаг. Монголд хайгуулын хичнээн лицензийг шинээр олгож байна, өмнө нь хэдийг олгосон бэ гэдгийг тооцоод үзвэл эдийн засгийн үр ашигтай томоохон орд хэд байх боломжтой вэ гэдэг тооцоо гараад ирнэ. Ихэнх ордууд социализмын үед хайгуулын нөөц нь урьдчилан тогтоогдсон байгаа, ялангуяа нүүрсний хувьд. Ардчиллын 20 гаруй жилийн хугацаанд Оюутолгойн ордыг эдийн засгийн үр ашигтай гэдгийг нь тогтоосон. Өмнө нь бол тэнд илэрц байна гэж үзэж байсан бол өнөөдөр орд юмаа гэдгийг нь нотолсон. Хайгуул хийж, нөөц тогтоох, энэ салбарт хөрөнгө оруулалт татахад дэлхий дахинд байгаа түүхий эдийн үнэ ханш нөлөөлөхөөс гадна манай улсын  өөрийн хууль тогтоомж нөлөөлнө. Энэ ажилд яам бодлогоо төвлөрүүлж байна.


    Хайгуул хийж нөөц тогтоосны дараа хэн энэ ордыг хэн худалдаж авах вэ, олборлолт явуулсны дараа бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц үнээр нийлүүлж чадах уу гэдэг дахиад бодлого. Хэрвээ чадахгүй бол эдийн засгийн үр ашиггүй орд болно. Олборлоод аваачаад өгтөл манайхаас илүү дэд бүтэц хөгжсөн, илүү ашигтай байршилтай улс манайхаас хямд үнээр нийлүүлбэл бид өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр олборлох шатанд бид зайлшгүй сайжруулах шаардлагатай зүйл бол ТЭЗҮ буюу эдийн засгийн үр ашгийн тооцоолол. Яам дангаараа энэ бүгдийг нягтлахгүй шүү дээ. Тогтолцоо, дэд бүтцийг нь л бий болгож өгнө. 


    Олборлолтын дараах явц манайд янз бүр байна. Коксжих нүүрс гэхэд зах зээл дээр маш өндөр үнэ хүрэхийг ч үзлээ, ёроолдоо хүртэл унахыг ч харлаа. Тэгэхээр олборлох уурхайнууд дээр бид маш няхуур хандах ёстой юм байна, ТЭЗҮ гэдэг чинь маш чухал зүйл. Бодитой дүгнэлт хийхгүй бол уурхайг нээж болно, бас хаах ч хэрэг гарч болно. Тэнд байгаа байгаль орчин, сум суурин, хүмүүсийн ахуй амьдралд нөлөөлсөн зүйлүүд бүгд улсын нуруун дээр ирнэ. Зөвхөн уул уурхайгаасаа гадна түүнийг дагасан байгаль орчин, хүмүүсийн ахуй амьдралын асуудал дээр бусад яамдтайгаа хамтраад оновчтой зөв бодлого гаргах ёстой. Амжилттай жишээнүүд дэлхийд олон байна, амжилтгүй жишээнүүд ч байна. 


Олборлоод гараад ирсний дараа эцсийн хэрэглэгч дээр очих ёстой. Хамгийн эхний асуудал дэд бүтэц. Тавантолгойн бүлэг орд дээр төмөр замын асуудлаа өнөөг хүртэл шийдвэрлээгүй, автозамаар тээвэрлэж байна. Төмөр замаар тээвэрлэснээс даруй 3-4 дахин өндөр үнээр тээвэрлэдэг. Дахиад өрсөлдөх чадварын тухай яригдана, илүү өндөр үнэтэй бүтээгдэхүүн болж очоод байна. Уул уурхай ярьж байгаа тохиолдолд дагалдах дэд бүтцийн асуудал зайлшгүй яригдана. Уул уурхайн түүхий эд ашигласан хүнд үйлдвэрийн тухай ярьж байгаа бол дэд бүтцийн асуудал илүү томоор хөндөгдөнө. Нөгөө л эрчим хүчний асуудал, усны хэрэглээ яригдана. Гэх мэтчилэн цогц асуудал учраас хайгуул хийхээс эхлээд хамгийн эцсийн боловсруулсан бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа энэ бүх үе шатыг харж байгаа гэдгээрээ таны хэлсэн бодлогын уялдаа оновчтой гарах бололцоо бүрдсэн юм болов уу гэж харж байна.


-Хөрөнгө оруулагчид биднээс ямар нөхцлийг шаардаж байна?


-Улс болгон өөрийн хууль тогтоомжтой. Манай хууль тогтоомж хөрөнгө оруулалтыг татах чадвартай байна уу, үгүй юу гэдгээр л бид өрсөлдөнө. Хөрөнгө орууулагчдыг “Нааш ир, нааш ир” гэхээсээ илүү ойлгомжтой, олон янзаар тайлбарлагддаггүй, хэн ч уншсан нэг л янзаар уншигддаг хууль байх ёстой. Хөрөнгө оруулагчид “би ингэж болно, ингэж болохгүй” гэдгээ ойлгож, ямар эрсдэл хүлээж байгаагаа тооцоолсон байх ёстой. Хоёрдугаарт, уул уурхайгаас хөрөнгө оруулалт татахыг чармайж байгаа дэлхийн бусад улс орнуудтай өөрсдийгөө харьцуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд уул уурхайдаа хөрөнгө оруулалт татаж байгаа мөртлөө тэр нь тухайн улсдаа хор хөнөөлтэй тийм бодлоготой улс байж болно шүү дээ. Бид тэрний төлөө явж байгаа юм уу, эсвэл урт хугацаанд улсдаа ашигтай, хөрөнгө оруулагч нарт ч ашигтай байх бодлогын төлөө явж байна уу гэдгээ тодорхойлох ёстой. Хоёр тал тохирсон бол түүнийгээ мөрддөг байх ёстой. Тэр чадавхи нь манайд бас суугаагүй байна. Хөрөнгө оруулалтынхаа гэрээг ахин дахин эргэж харж байна гэдэг тэр чадвар суугаагүй байна аа л гэсэн үг. Бизнесийг ойлгох, авч явах чадвар бас тодорхой хэмжээнд суугаагүй байна уу гэж харагдаж байна. Төр ч бай, хувийн хэвшил ч бай  аль аль нь ашиг хүртэхийн төлөө гэрээ хэлцэлд ордог. Хэн хэн нь бусдаасаа давуу ашиг хүртэхийг сонирхож байгаа. Хэлэлцээрийн үр дүнд 50:50 хувийн ашигтай байж чадвал энэ хэлэлцээр шударга боллоо гэж үздэг. Ийм хэлцэл харьцангуй удаан хугацаанд хүчин төгөлдөр байх боломжтой. Аль нэг талд нь илүү ашигтай байх юм бол өөрсдөө ч үүнийг мэдээд дургүйцнэ, гуравдагч талууд ч хөндлөнгөөс хараад дургүйцнэ. 


-Манай хууль тогтоомжийн хүрээнд тийм тэгш боломж олгож чадаж байгаа юм уу? 


-Хуульд ерөнхий зохицуулалт нь байгаа. Энэ хүрээнд гэрээ хэлцлээ оновчтой хийх ёстой. Хууль тогтоомж, аливаа бичиг баримт бол цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг. Технологио дагаад өөрчлөгдөнө. Уул уурхай бол нэг талаас технологийн салбар. Илүү бага зардлаар хайгуул хийдэг, магадгүй илүү өндөр зардлаар боловсруулдаг болох байх. Технологи өөрчлөгдөж байгаа үед хууль тогтоомж өөрчлөгдөж болно. Манайтай адил уул уурхай дагаж хөгжих, хөрөнгө оруулалт татах гэж чармайж байгаа цөөхөн улс байгаа шүү дээ. Дэлхийн 200 гаруй улсаас байгалийн баялагтай нь 50 гаруй улс байна. Энэ 50 улсын хаана нь бид яваа вэ гэдгээ байнга харах ёстой. Байгалийн баялаг өөрөө хязгаарлагдмал. Тэнд байгаа хэдэн тэрбум ам.долларыг энэ хэдэн улс л хувааж авах гээд байна шүү дээ. Арай илүү авахын тулд бид зөв, оновчтой төрийн бодлого, зохицуулалт, хууль тогтоомжтой байж, энэ 50 орны ядаж эхний 10-т явах ёстой. 


   Нүүрсний салбарт бид асар их сургамж авсан. Төр ч, компаниуд ч тэр. Нүүрс бол ихээр тээвэрлэдэг түүхий эд учраас хамгийн түрүүнд дэд бүтцээ шийдэх ёстой. Төмөр замаа шийдэж байж Монголын нүүрс өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болно. Хятадын зах зээл дээр ч, түүнээс цааш ч тэр. Нүүрсний үнэ хямдрах тусам манай өрсөлдөх чадвар байхгүй болж байна. Тиймээс нүүрсний салбар, төмөр замын асуудлыг төр бодлогоор дэмжих ёстой. Нүүрсний үнэ өндөр байхад харьцангуй өндөр өртөгтэй тээвэрлэлт хийж болдог байлаа. Үнэ доошоо оронгуут тээвэрлэлтийн өртгөөсөө хамаараад манай компаниуд алдагдалтай ажиллаж байна. Өнөөдөр үнэ жаахан сэргэж байна. Ийм үед бид зайлшгүй дэд бүтцийн ажлаа яаралтай эхлүүлж дуусгах ёстой. Тэгж байж Тавантолгойн орд эдийн засгийн үр ашгаа олж авч чадна. 


-Хууль эрхзүйн орчин олон жилийн шат дамжлагаар улс орны хөгжлөө дагаад харь­цангуй нааштай болсон гэж сая хөрөнгө оруулалтын чуулган дээр гадныхан дүгнэж байсан. Эрхзүйн орчин нарийн болох тусам зарим талаар сөрөг зүйл гарахыг үгүйсгэхгүй. Энэ га­рах эрдслээс хамгаалах тал дээр манайх юу хийж байгаа вэ?


-Хууль нарийн болно гэхээсээ илүү миний ажигласнаар манайх хуулиудаа сайн тайлбарладаггүй юм болов уу. Ялангуяа 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг гадны хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах, ямар давуу тал үүсч байгааг тайлбарлах тал дээр хангалтгүй зүйл бий. Хууль нарийн болсноор эрсдэл үүсэх магадлал бага гэж ойлгож байна.

Эх сурвалж: Mining & Money сэтгүүл

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 

 

 


Сэтгэгдэл: