Дорнод аймгийн Халх гол суманд арваннэгдүгээр сарын 25-ны баасан гаригт “Петрочайна дачин тамсаг" компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж" ХХК-ийн гэрээт ажилчид үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа хэмээн ууж, дөрөв нь нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Энэ талаар тухайн өдрийн 22.00 цагийн орчим Бүсийн оношлогоо, эмчилгээний төв (БОЭТ), Цагдаагийн газарт дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу БОЭТ-өөс яаралтай тусламжийн баг очиж, хордсон иргэдийг Дорнод аймгийн төв рүү авч явжээ.
Иргэдийн хордсон газар аймгийн төвөөс 210 км, Халхголоос 110 км-т байрладаг аж. Гарал үүсэл, нэр хаяг, шошго нь мэдэгдэхгүй шингэн зүйлд хордсон дөрвөн хүний нэг газар дээрээ, хоёр нь аймгийн төв рүү хүргэгдэх замдаа, нэг нь эмнэлэгт нас барж, БОЭТ-д есөн хүнд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж.
Эхний байдлаар 21 хүн архинд хордсон гэсэн мэдээлэл гарсан. Хордсон иргэд 26-30 насны залуус аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр “Зөв боломж” ХХК-ийн ажилтан махны агуулахаас шилтэй шингэн зүйл авч өрөөндөө оруулж тавьсан, түүнийг нь ажилчид уусан гэгдсэн.
Харин “Зөв боломж” ХХК гүйцэтгэх захирал Л.Банзрагчаас тодруулснаар бол тухайн өдөр “Цагаан хэрэм”-ийн 565 дугаар өрмийн туслах ажилчид амрах байрнаасаа хөдөлмөр хамгаалал аюулгүй, ажиллагааны зааварчилгаа аваад ажилд гарч ажилласан.
“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өрмийн 3-р ангийн төв кемпд бараа материал буулгах явцдаа цагаан савтай архи, спирт шиг үнэртэй шингэн зүйл олж, түүнийгээ тухайн анги салбар дээрх түр амрах байранд орж хуваан хэрэглэснээс хордлогод орсон гэжээ.
Мөн тус компанийн зүгээс зөвхөн ажилчдын хоол хүнс, тээвэр, орон байр, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг туслан гүйцэтгэгч компани бөгөөд химийн шинж чанартай бодис огт байхгүй. Химийн бодис ямар нэгэн хэмжээгээр хэрэглэх шаардлага байхгүй гэж мэдэгджээ.
Тухайн шингэн зүйлийг хэн хаанаас авсан, ямар зориулалтаар хэн хэдийд хил гаалиар оруулж ирсэн, ямар зүйлийн бодис байсан, тухайн Хятад талын анги салбар дээр ямар зорилгоор хадгалж байсныг тодруулахаар мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
Шингэнийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд оруулж, ямар бодис болохыг тодорхойлох юм байна.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Л.Банзрагч: Савтай шингэн зүйл олж хэрэглэснээс хордлого үүссэн
Сэтгэгдэл байхгүй байна